Э.Бэхбаярын шагналын мөнгө алдагджээ

2015 оны 12 сарын 2

Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөсөн билээ. Энэхүү шилдэг бөхчүүдийн уламжлалт тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй бөхчүүд уригдан оролцсоноос эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медальтай ирсэн. Шагналын сан өндөр байсан тус тэмцээнээс тэрбээр 5000 ам.долларын мөнгөн шагналыг хүртжээ. Харин өнөөдөр шагналын мөнгө алдагдсан талаар ОУХМ Э.Бэхбаяр, түүний багш гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр зарлаад байсан юм.

Болсон явдлын талаар ОУХМ Э.Бэхбаярын багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаагаас тодрууллаа. Тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.

“Шагналын сан өндөр тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Э.Бэхбаяр шагналын 5000 ам.долларыг авчээ. Түүний хувьд ганцаараа энэхүү тэмцээнээс медаль авсан болохоор багийн бусад тамирчид, багш нартаа тус бүрт нь 100 ам.доллар өгсөн аж. Мөн цуглуулгандаа нэг аяга аваад үлдсэн 4200 ам.доллараа тээшинд хийх гэснээ болиод дасгалжуулагч Ц.Цогтбаярт өгчээ. Тэд 7 цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буун хоолонд орох үед Бэхээ багшаасаа “мөнгөө авья” гэсэн байна. Гэтэл багш нь “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгийг нь гаргаж ирээд шиджээ. Гэтэл хоёр захад нь 100 ам.долларыг хийгээд дотор нь 22 ширхэг нэгтийн ам.доллар байсан байна. Тэд Бээжингээс ирээд Нисэхийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгчээ. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй” гэж хүсч байгаагаа дуулгасан. 

Мөн Бээжинд байхдаа Э.Бэхбаяр А.Энхээ багшийнхаа эхнэр Л.Болормаад шагналын мөнгөө алдсан тухайгаа хэлжээ. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Энэ хэргийн учир олдож, үнэн зөвөөр нь шийдэгдээсэй гэж хүсмээр байгаагаа дуулгасан юм.

Сануулахад, 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Азербайжаны Баку хотноо болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээний чөлөөт бөхийн төрөлд оролцох манай улсаас дараах багш, тамирчид уригдан явжээ. Үүнд эрэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Э.Бэхбаяр, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэй 58 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жинд ОУХМ Э.Цэвэгмид, 75 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг нар багтжээ. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр оролцсон байна. Энэхүү тэмцээнээс цорын ганц медалийг Э.Бэхбаяр авсан юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна