Дэлхийг илүү сайхан болгохын тулд хандиваа зориулна

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Дэлхийг илүү сайхан болгохын тулд хандиваа зориулна

Присцилла Чан, Марк Цукерберг

Фото: Chris Kleponis / dpa / Global Look

 

Facebook сүлжээг үндэслэгч Марк Цукерберг түүний эхнэр Присцилла Чан хоёр буяны үйлст өөрсдийн мэдлийн компанийнхаа хувьцааны 99 хувийг зориулахаар шийджээ. Энэ талаар хосууд охин Макс төрсөнтэй холбогдуулан бичсэн захидалдаа мэдээлсэн байна.

 

“Бид одоогоор 45 тэрбум ам.доллар болж байгаа Facebook-ийн хувьцааныхаа 99 хувийг  амьдралынхаа туршид буяны үйлст зориулан ирээдүйн үеийнхээ төлөө дэлхийг сайхан болгох гэсэн бусад олон хүмүүстэй нэгдэж байна” гэж Цукерберг, Чан хоёр бичжээ.

 

Охин төрсөнтэй холбоотойгоор бичсэн захидалдаа тэд энэ хувь нэмрээ ирээдүйн хийх ажилтай харьцуулахад өчүүхэн гэж тэмдэглэв. “Бид олон авьяастнуудтай хамтран  түүнийг хийх ёстой, хийх ч болно” гэж Цукерберг, Чан нар онцолжээ.

 

Арванхоёрдугаар сарын 1-нд Цукерберг, Чан хоёр охинтой болсноо зарлаад түүнийг Макс гэж нэрлэснээ дуулгав. Охин нь улам шилдэг болох ертөнцөд амьдраг гэж тэд хүсчээ.

 

2012 оны тавдугаар сарын 19-нд Цукерберг эртний найз бүсгүй Присцилла Чантай гэрлэжээ. Эхнэр нь анагаах ухааны докторын зэрэгтэй. Тэд эртнээс хүүхэдтэй болохыг хүсч байсан ч эхнэр нь гурван  удаа үр зулбуулсан байна. 31 настай Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байв. Одоо тэр Facebook Inc. компанийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж