“МАК”-д 745 сая ам.долларын зээл олгоно

2015 оны 12 сарын 2

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монголын алт” компанийн хэрэгжүүлж байгаа Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төсөлд 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Засгийн газар гаргахаар болжээ.  Тодруулбал,  ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болсон байна. .

Үүнтэй холбогдуулан ХБНГУ болон Монгол Улсын хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой өр авлагыг барагдуулахаар холбогдох яамдууд ажиллаж байгаа гэнэ.

ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд “Монголын Алт” ХХК-ийн Цагаан суваргын зэс молибденийн ордыг ашиглах төслийн 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус улсын Засгийн газрын баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болсон байна.

Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд 2015 оны аравдугаар сарын 13-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ болж байгаа бөгөөд төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр гэдгийг Уул уурхайн сайд Р.Жигжид хэлж байсан юм.

Хөрөнгө оруулагч болох “Монголын алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг МАК-ын охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгагдсан.

Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4000 молибдений баяжмал үйлдвэрлэх тооцоо бий. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглах ажээ.

Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр тооцсоныг Уул уурхайн яам болон МАК дуулгаж байв.

Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх бөгөөд 1120 монгол иргэдийг ажлын байраар хангах гэнэ. Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн мега төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ. 

 Б.ХОНГОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна