Урвуу хамаарал

2015 оны 12 сарын 2

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 15 оронд явуулсан саяхны нэгэн судалгаа трансжендер эмэгтэйчүүд ХДХВ/ДОХ-оор халдварлах нь нийгмийн бусад бүлгээс даруй 49 хувиар өндөр байгааг харуулжээ.

 

Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын халдвар, тархалт буурах хандлагатай байгаа ч бэлгийн цөөнх болсон трансжендер эмэгтэйчүүдийн дунд энэ өвчин “Үл үзэгдэх тахал” хэвээр байна. ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэхэд зөвлөх мэргэжилтэн, Хүний эрхийн комиссар Ноел Гордон “Трансжендер эмэгтэйчүүдийг ийм эрсдэл рүү түлхэж байгаа олон хүчин зүйл бий. Тэдний хувьд ХДХВ-аар халдварлах эрсдэл маш өндөр боловч, урьдчилан сэргийлэх, вирусын эсрэг эмчилгээ хийлгэх боломж маш бага. Трансжендер хүмүүсийг эрсдэлд хүргэж байгаа хүчин зүйлс нь тэднийг үзэн ядах, дайсагнасан хандлага, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, ядуу зүдүү амьдрал юм.

 

Ийм шалтгааны улмаас бэлгийн цөөнх тэдгээр хүмүүсийн хувьд бусадтай адил ажил олох, орон байр түрээслэх бараг боломжгүй. Статистик судалгаанаас харахад трансжендер хүмүүс ажлын байр, амьдран суугаа газраа ялгаварлан гадуурхагдах нь хаа сайгүй адилхан байдаг бөгөөд тэдний 26 хувь нь бэлгийн чиг баримжаанаасаа болж ажлаасаа халагддаг бол 50 хувь нь ажлын байран дээрээ хүчирхийлэл, доромжлол амсч, 20 хувь нь түрээсийн байр олж чадахгүй эсвэл хөөгддөг байна. “Transgender Law Center”-ийн ахлах стратегич Сесилиа Чан “АНУ-ын олон мужид бэлгийн өөр чиг баримжаа болон хүйсийн тэгш бус байдлаас болж хэн нэгнийг ажлаас халах, оршин суугаа газраас нь хөөх нь одоо хэр нь хууль ёсны хэвээр байгаа юм. Ажилгүйдэл, гэр оронгүй байдал бэлгийн цөөнх болсон тэдгээр хүмүүсийг хоногийн хоол, толгой хоргодох газрын төлөө биеэ үнэлэхэд хүргэдэг. Үүний урвуу хамаарал нь ХДХВ/ДОХ-ын халдвар авах өндөр эрсдэл ажээ. АНУ-ын бүх мужид биеэ үнэлэлтийг хуулиар хориглосон байдаг бөгөөд 30 гаруй мужид ХДХВ/ДОХ-ын халдвар авснаа нуусан хүнийг шоронд хоригдох ял хүлээж байдаг. Биеэ үнэлдэг, ХДХВ/ДОХ-ын халдвар авсан трансжендер хүмүүсийн хувьд халдвар авснаа зарлах нь цаазын ялаас ялгаагүй. Нийгэмд хамгийн их гадуурхагдсан тэд хүмүүст зориуд халдвар тараасан тохиолдол гарч байсан. Тэднийг ийм байдал руу түлхэж байгаад хүмүүс бидний хандлага буруутай” хэмээн ярьж байна.

 

Трансжендер эмэгтэйчүүд хаалттай хаалганы цаана өвчиндөө зовж, шаналж буй учраас ХДХВ/ДОХ-ын халдвар, тархалт чимээгүй аюул заналхийлсээр байгаа юм. Хүний эрхийн төлөөх кампанит ажлын идэвхтэн Ноел Гордон “Би ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч буй трансжендер байсан бол юун түрүүн эмчид биш, хамтрагчдаа л хэлэх байсан байх ” гэжээ.

 

Биеэ үнэлэгч, тэгш эрхийн төлөө тэмцэгч Морган Пэйж “Халдвар тээж буй трансжендер хүмүүс эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ авч чадахгүй байгаагийн ганц шалтгаан нь шоронд хоригдох ял биш. Халдварын талаар мэдлэг, мэдээлэлгүйтэй холбоотой. Нөгөө талаар трансжендер эмэгтэйчүүдэд зориулсан ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл байхгүй. “ хэмээн ярьжээ. Тэрбээр мөн анагаахын сургуульд трансжендер өвчтөнийг хэрхэн эмчилж, асрах тухай заадаггүйгээс эмч нар тэдэнтэй хэрхэн харилцахаа мэддэггүй, тэдний талаар ихэнхдээ буруу ойлголт, мэдээлэлтэй явдаг гэжээ.

 

Тиймээс тэднийг эмчилж, асрах тусгай мэргэжлийн эмч, сувилагч байдаггүй учраас тэдэнд тусалж чадах эмч, эмнэлгийн ажилтан нэн шаардлагатай байдаг гэнэ. Нэгэнт эмнэлгийн үйлчилгээ, тусламж авч чаддаггүй трансжендер хүмүүс ихэнхдээ гормоны эм хэрэглэдэг ажээ.

 

“Transgender Law Center”-ийн ахлах стратегич Сесилиа Чан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг газрууд, эмч, мэргэжилтнүүд трансжендер хүмүүсийг үл тоомсорлосон хэвээр байна. Тэр бүү хэл тэднийг судалгаанд хамруулахаас ч татгалздаг.” Гэсэн юм.

 

Гэвч ХДХВ/ДОХ-ын халдвар авахаас илүү их тэднийг шархлуулдаг зүйл нь алхам тутамд нь таардаг ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, доромжлол, хүчирхийлэл юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна