Сүхбаатар аймагт өвөлжилт хүндэрч эхэллээ

2015 оны 12 сарын 2

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, төвийн цасны зузаан 7-12, хөдөө хээр, гуу жалганд 15-20 см болоод байна. Зарим сумдын зам цасанд боогдож аймгийн төв рүү зорчиход хүндрэлтэй болжээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ж.Батсуурь албан байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудын цуглаанд оролцож, хэд хэдэн үүрэг чиглэл өглөө.

Аймгийн төвийн найман километр замыг Баруун-Урт суманд хариуцуулж, гудамж талбай, тойргийн замууд болон уулзвар хэсгийн цасыг бүрэн арилгахыг үүрэг болголоо. Өнөөдөрөс эхлэн нийт нутгаар цаг агаар хүйтэрч цасан шуургатай байх тул байдал нэмж хүндэрвэл урд талын таван сумын замын цасыг хусч, чөлөөлөх баг гаргахаар боллоо.

Сүхбаатар аймаг энэ жил хамгийн их хадлан хадсан. Бусад аймгуудад 5-6 мянган төгрөгийн ханштай байгаа нэг боодол өвс аймагт 3000 төгрөгийн ханштай байна. Иймээс цаг хүндрэхээс өмнө өвс тэжээлийн нөөцөө эртхэн базааж авахыг санууллаа.

Аймгийн Онцгой комисс удахгүй хуралдаж, өвөлжилтийн байдал, авах арга хэмжээний талаар зөвлөлдөнө.

ЭХ СУРВАЛЖ: BBS

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна