“Сайдууд үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд яв”

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

“Сайдууд үстэй дээл, эсгий гутлаа өмсөөд яв”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар мэдээлэл сонслоо.

Шадар сайдын мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 80 гаруй хувьтай хангагджээ. Гэвч энэ өвөл хатуухан болж өнгөрөх төлөв рүү орсон байна. Одоогоор Увс, Булган аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн баруун хэсэг, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, Говь-Алтайд өвөлжилт хүндэрч эхэлсэн байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр цас нэмж орох төлөвтэй байгаа аж. Энэ тохиолдолд дээрх аймгуудад байдал бишдэнэ.

Онцгой байдлын хувьд зунаас эхлэн өвс, тэжээлийн бэлтгэл хангахад анхаарлаа хандуулж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн аймгууд руу нөөцийг хүргүүлсэн аж. Улмаар нөөцөө нэмсэн. Гэсэн хэдий ч аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ дутуу хангасан нь эргээд хүндрэл үүсгэж болзошгүй аж.

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй нь нэгд ган болсон нь нөлөөлсөн бол хоёр дахь шалтгаан нь махны үнэ урьд хожид байгаагүйгээр унасан нь малчдын хувьд мөнгөний хомсдолд орж, өвс тэжээлээ худалдан авах боломжгүйд хүргэжээ.  Орон нутгийн  төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс мөн хөрөнгө гаргаж өвс тэжээлээ хангалттай хэмжээнд нөөцөлж авч чадаагүй юм байна.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асуух үеэрээ махны экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар “Засгийн газрын тэргүүн Араб руу 1 сая хонь экспортолно гэсэн тэр юу болов. Хүнс хөдөө аж ахуйн сайд нь Хятад руу 1 тэрбум ам.доллартай тэнцэх мах экспортолно гэсэн энэ юу болов. Нэг хүнтэй санал солилцсоноо ажил хэрэг болж байгаа мэтээр буруу мэдээлдэг нь эргээд хүлээлт бий болгож, хүндрэл учруулж байна гэж шүүмжилсэн юм. Малчдын хувьд гишүүдээсээ мал мах хэзээ экспортлох вэ, гадаад руу гаргаж эхэлсэн үү гэдгийг асуудаг аж. Харин гишүүдэд хүлээж бай гэхээс өөр хэлэх хариулт олддоггүй.

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагийн тайлбараар бол махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ УИХ-аар энэ асуудал орж ирж байж эцэслэгдэх аж.

Мөн урд, хойд хөрш, Вьетнам руу мах экспортолно гэсэн санамж бичиг, хэлэлцээр л зурагдсанаас цаашаа бас өрнөх асуудал олон юм байна.

Дээрх мэдээллийг сонссон гишүүд бухимдаж “Энэ өвөлдөө мах экспортолно гэдэг худлаа юм байна. Мал экспортлохын тулд хөлөөр нь малаа махны үйлдвэртээ авчирах шаардлагатай болно. Одоо энэ их цас орчихсон байхад тууж авчирах аргагүй. Халуун зунаар бид “Өвөлжилт хүндэрч болзошгүй шүү. Мал махаа борлуулах арга зам хай гэж эртнээс сануулсан. Асуулга хүртэл тавьсан. Арга хэмжээ авч байгаа гээд л яваад байсан. Хаа байна, тэр арга хэмжээ” гэж бухимдлаа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сайдууд энэ дулаан байшинд цэц булаалдаж суухаар хөдөө явж ажиллацгаа. Үстэй дээл, эсгий гутал өмсөөд Шадар сайд нь баруун аймаг руу, Хүнс хөдөө аж ахуйн сайд нь зүүн аймаг руу яв” гэж бухимдлаа илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж