24 цагийн теле камерын хяналтын төв ажиллаж эхэллээ

2015 оны 12 сарын 2

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэдийн амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгж байгууллагыг аливаа гэмт халдлага, болзошгүй аюулаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой боллоо.

Учир нь дүүргийн хяналтын камерын тоог 175-аар нэмж, Теле камерын нэгдсэн хяналтын төвийг нээлээ. Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг 415 камерыг нэгдсэн байдлаар хянаж, 24 цагийн турш хянах боломжтой болж байгаа юм. Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай, өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж,  цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай. Нэгдсэн системээр хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг татаж таних бүрэн боломжтой гэдгийг тус камерын суурилуулалт хариуцсан “Топика” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Энхзол онцолсон юм.

              

Дашрамд дуулгахад Баянгол дүүрэг гудамж зам талбайд камерын хяналтын нэгдсэн систем байгуулах ажлын хүрээнд 2012 онд 80 цэгт 240 камерыг суурилуулан ажиллуулж эхэлжээ. Харин энэ онд хяналтын камерын хэвийн ажиллагааг хангах, олон улсын жишигт нийцүүлэх, гэмт хэрэг илрүүлэлт, урьдчилан сэтгийлэх ажилд техник технологи, программ хангамжийн дэвшилийг ашиглах зорилготой “Теле камер” хөтөлбөрийг боловсруулж дүүргийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн өртөгөөр 175 ширхэг хяналтын камерыг ажиллагаанд оруулж байна. Ингэснээр 180 гаруй камераар орон сууцны хорооллыг, 203 камераар гудамж зам талбай, олон нийтийн газрыг, 28 камераар гэр хорооллын гудамжийг хянаж эхэлжээ.

Мөн хяналтын нэгдсэн төвд 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын орон тоог баталж, амжилттай ажиллах болсноор 11 сарын дүнгээр 30 гаруй гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоожээ. Тус арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн 1-р хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Энэхүү хяналтын төв нь нэмж 1024 камер, 128 сүлжээний төхөөрөмж нэмж суурилуулах боломжтой. Тиймээс өндөр хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц болох суурь болж байна гэж ойлгож болно. Бид нийслэлдээ жишиг болж 100 хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын камераар эрэн сурвалжилах зэрэг мөрөөдөл төдий байсан зүйлсийг бодит болгох цаг ойртоод байна. Техник технологийн хөгжил манай албан хаагчдын ажлыг ч хөнгөвчилж байгаад баяртай байна” хэмээсэн юм. 

     

ЭХ СУРВАЛЖ: www.bgd.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна