Шилэн сургууль

2015 оны 12 сарын 2

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын Газраас хэрэгжүүлж буй “Нээлттэй боловсрол” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга А.Энхболдын санаачилгаар төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургуульд “Шилэн сургууль” системийг  нэвтрүүлэхээр нээлтээ хийлээ.

Дархан хотын ууган сургууль болох  1 дүгээр сургуулийн “Шилэн сургууль” системийн нээлтэнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, аймгийн Засаг дарга А.Энхболд, БСГ-ын дарга Б.Ганчулуун, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх С.Зоригтбаатар нарын холбогдох албаны хүмүүс болон багш, эцэг эх, сурагчид оролцов. Сургуулийн удирдлагуудын зүгээс багш, эцэг эх, сурагчдын төлөөлөлд “Шилэн сургууль” системийг ашигласнаар өмнө нь гарч байсан ямар хүндрэлтэй асуудлуудыг шийдэж болох, багш, эцэг эх, сурагчдын холбоонд хэрхэн ахиц авчрах, ямар үр дүнг хүлээж байгаа зэргийг товч танилцууллаа. Мөн 1 дүгээр сургуулийн багш нар “Багшийн хөгжлийн график төлөвлөгөө”-г тогтмол хийж самбарт байршуулдаг байсан бол уг системийг ашигласнаар цэсэнд байршуулан илүү боловсронгуй болгох боломж бий болж байгааг ч дурьдацгаав.  

Энэхүү систем нь Ирцийн мэдээлэл, Гэрийн даалгавар, Сурлагын дүн, Хичээлийн оролцоо, Шалгалт улирлын дүн, Электрон шуудан, Хичээлийн төлөвлөгөө, Сурах бичиг, Гэрийн хаяг, утасны жагсаалт, Сурагчийн болон эцэг эхийн мэдээлэл гэсэн 10 цэсээр дамжуулан сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын менежер, удирдлагууд нь, эцэг эхчүүдтэй харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан бөгөөд ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавихад чухал ач холбогдолтой. Тухайлбал гадаадад амьдардаг манай иргэд хүүхдүүдээ эмээ өвөө, ах эгчид нь даатгаад, тэр бүр хичээл сурлаганд нь анхаарал хандуулж хянах боломжгүй байсан бол  энэ системээр дамжуулан хилийн цаанаас ч хүүхдийнхээ сурлага хүмүүжилд зөвлөж туслах давуу тал бий болж эцэг эхчүүдийн талархалыг хүлээж буйг аймгийн Засаг дарга А.Энхболд ярилаа. Энэ төрлийн программ хангамж нь Япон, Солонгос, Америк, Финланд зэрэг олон улсад туршигдан үр дүнгээ өгсөн байдаг. “Шилэн сургууль” системийг нэвтрүүлэхийн тулд сургуульд интернэт орчин бүрдүүлэх, багш нарт ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмж болох таблет, гар утас, компьютер зэргийн аль нэг нь байхад л хангалттай. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол төсөл”-өөр багш бүр зөөврийн компьютертэй болсон энэ цаг үед тухайн сургуульд интернэт орчин бүрдүүлэхэд л системийг ашиглах бүрэн боломж нээгдэж байгаа юм.

Уг системийг нэвтрүүлэгч  “Нобу” компани системтэй холбогдолтой сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж Дархан-Уул аймгийн сургуулиудын багш нарт сургагч багш бэлтгэх сургалтыг явуулж сургалтын менежер, багш хөгжлийн төвийн багш, мэдээллийн технологийн бүх багш нар нийт 80 гаруй хүнийг хамрууллаа. Цаашдаа ажлын байран дээр нь дадлага хийлгэж багш нарт заавар зөвлөгөө өгнө.

                                                              О.ХИШИГСҮРЭН,  М.ГҮНЖИЛХАМ (ДАРХАН-УУЛ)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна