Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

2015 оны 12 сарын 3

NEWS агентлаг философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Либертари булан”-г хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ. Либертари сэдвээрх асуулт, хариулт, ярилцлагуудыг та бүхний хүртээл болгоно.


АГУУЛГА: (Либертари үзэл = анти-стэйтизм. Нам бол хуйвалдагсдын үүр мөн. Үг хэл, бодол санаа, үйл хэрэг гурвын аль нь чухал вэ? АН ямар үзэл баримтлалтай нам бэ? Либертарианизм нь ардчиллаас цааш хөгжсөн үзэл болох нь. Монголжсон ардчилал)


ЯРИАНЫ СЭДЭВ:

Х.Х бид хоёр шатраа хойш тавьж, телевиз асаатал улс төрийн тоймч бололтой нэгэн хүн АН-ын фракциуд болон улс төрчдийн хоорондын тэмцлийн тухай ярьж байх юм. “Алтангадас”, “МҮДН”, “Шонхор”, “Ардчилсан Холбоо”, “Нэг ардчилал” гэх шиг АН дотроо баахан фракцитай бөгөөд тэгээд тэдгээр нь засгийн эрхээ булаацалдаад байнга тэмцэлдэж байдаг юм байх. Намын доторхи энэ тэмцлээ ардчилалтай учраас ийм байдаг гэж тайлбарладаг гэнэ. Үнэхээр тийм гэж үү? Үүнээс үүдээд либертари үзэл ардчилал гэсэн үзэгдэл болон улс төрчдөд  хэрхэн ханддаг тухай ээлжит яриа маань өрнөсөн юм.


Х.Х: Чи яагаад улс төрийг ярианыхаа сэдэв болгох гэж хорхойсоод байв?

Б.Б: Хэд, хэдэн шалтгаан бий. Хамгийн гол нь, хүмүүс либертари үзлийг АН-ын үзэл суртал гэж ойлгоод байдгийг болиулмаар байна. Энэ үзлийг улс төрийн эрх мэдлээр ажил хийсэн болдог, дээр нь идэж уух дон туссан тэр хүмүүстэй холбох бүрд яс минь яйрах шиг болдог.

Х.Х: Хүмүүс энэ үзлийг яагаад АН-ын үзэл гэж ойлгоод байдаг болсон юм бол?

Б.Б: Энэ үзлийг “сонирхдог” улс төрчид АН-д илүү олон байдагтай холбоотой болов уу. Үнэндээ, өмнө нь олонтаа хэлж байсанчлан энэ үзэл бол уг чанараараа улс төрчдөд халтай, жирийн иргэдэд хамгийн ээлтэй үзэл юм шүү дээ. Үүнийг ойлгуулах явдал өнөөгийн Монголын нөхцөлд маш чухал байгаа учраас би энэ сэдвээр заавал ярилцах ёстой гэж үзсэн юм. 

Х.Х: Либертари үзэлтэй улс төрч байж болохгүй гэж үү?

Б.Б: “Либертари улс төрч” – уг нь ихээхэн утгагүй хэллэг. Либертаригэсэн үг хувь хүн хүсээгүй бол түүний амьдралд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн утгыг илэрхийлж байдаг болулс төрчгэсэн үг хүссэн хүсээгүй сая, сая хүний амьдралд оролцох гэсэн утга илэрхийлж байдаг.

Ингэж хэлэхээр зарим нь АНУ-ын одоогийн сенаточ Рон Пол, АНУ-ын Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сунгаанд өрсөлдөж байсан либертари сэтгэгч Дэвид Бэргланд болон АНУ-ын “Либертари намын” тухай ярьдаг л юм. Эд нар манай “либертари улс төрчдөөс” тэс өөр л дөө. Үнэхээр өөр. Дэлгэрнгүй тайлбарлавал хэтэрхий их зай эзэлнэ.

Х.Х: Тэгвэл, улс төрч хүн хэзээ ч либертари үзэлтэй болж болохгүй, либертари үзэлтэй хүн хэзээ ч улс төрд орж болохгүй гэсэн үг үү?

Б.Б: Одоо манайд, зарим нэг улс төрч либертари байр суурин дээр зогсохыг хүсээд байх шиг байна. Тэд цаанаасаа наашилж байна уу, наанаасаа цаашилж байна уу гэдгээс хамаарч тэдэнтэй харьцах харьцаа тодорхойлогдох ёстой. Ө.х. улс төрч байснаа либертари үзэлд татагдаж байгаа бол түүнд талархалтай хандана. Харин либертари үзэлтэн байснаа төр уруу татагдаад байгаа бол хэрхэн нааштай хандах билээ. Эрх мэдэлд татагдаж байна, хүмүүсийн амьдралыг зааж зааварлах гэж байна гэсэн үг шүү дээ.

Х.Х: Либертари үзэлтнүүдийн улс төрчдөд таагүй ханддаг үндсэн шалтгаан юу вэ?

Б.Б: Олон шалтгаан байна. Гол нь улс төрч, төр гэсэн хоёр ойлголтыг салгах аргагүйд байдаг.

Улс төрчид маш муухай аргаар аж төрдөг. Үргэлж бусдыг сорж, мөлжинө, бүх хангамжаа хуульчилж авна. Хуулиар зөвшөөрөгдсөн ийм амьдралыг хамгийн идеаль амьдрал гэж ойлгосон залуус одоо бүтээлч амьдралаас зугтаж, улс төр уруу их зүтгэдэг болоод байна шүү дээ. Үнэндээ, улс төрчийн “мэргэжил” бол зах зээлийн зарчмаар ажилладаггүй, шударга өрсөлдөөнөөс хол, ямагт албан тушаал, ар өврийн хаалга, хуйвалдаан, хууран мэхлэлт, гүжир гүтгэлэг, мушгин гуйвуулах явдал дээр тулгуурладаг. Ийм амьдралыг сайхан гэж ойлгосон залуус МАН, МАХН, АН, НН-ын улаан, цэнхэр, ногоон туг болон намирахыг бүтээлч ажил-хөдөлмөрөөс илүүтэйд үзэх болсон.

Улс төрчид ингэж бүтээлч ажил хөдөлмөр эрхлэхгүй, харин эрх мэдэлтэй болж, хөнгөн хялбараар амьдрах гэсэн залуусыг эгнээндээ олноор шургалуулж, хойч үеэ бэлдэж байна. Одоо ардчилалд учиргүй хайртай, амь насаараа түүнийг хамгаална гэж хийрхэгч залуус бүх шатны албан тушаалд очоод байна.

Х.Х: Болдог сон бол, эдгээр “улаан хамгаалагч” залуусыг 1960-70-80-аад оны Монголд аваачаад тавьчих юм сан. Тэгвэл эд, юу ч дуугарч чадахгүй гөлөлзсөн, өндөг шиг мөлийсөн амьтад болно доо.

Б.Б: Эсвэл “энхрий хайрт намдаа амь насаа өргөнө” хэмээн хашгичиж, цээжээ балбасан хийрхүү юмнууд байх байсан биз. Гитлер, Мао зэрэг улс төрчид амьдрал үзээгүй, сэтгэлийн хөөрөлтэй, сүржин, ийм залуус дээр дөрөөлдөг байсныг түүх бэлээхэн гэрчилнэ. Телевиз харж байхад “Улс төрд шинэ манлайлагчид” ч гэх шиг сэтгэл нь жигтэйхэн хөөрчихсөн залуус их харагдах болов. Яг л социализмын үеийн комсомолчид.

Х.Х: Хаа газрын улс төрчид ийм л байдаг байх л даа.

Б.Б: Тийм ээ тийм. Хаа газрын улс төрчдийн ам, ажил хоёр байнга зөрнө, үргэлж худал ярьж, хоёр нүүр гаргана.

Сонгогчдыг сонгуулиар хэрхэн хахуульдаж, молиго үмхүүлэн, “хулхин дээр нь цэцэг ургуулдгийг” 2008, 2012 оны сонгуулиуд харуулсан. Одоо 2016 онд хараарай. Орвэллийн хэлдгээр, “Гол байхгүй газар гүүр барьж өгөх” юм ч болж магадгүй л вий.

Гэхдээ, улс төрчдийн ийм зан авирыг мэддэг, үзэн яддаг хүмүүс улс-орон бүрд олширч байна. Бага И.Ж.Дайоны Америкчууд яагаад улс төрийг үзэн яддаг вэ? гэсэн ном хүртэл гарсан. Жорж Орвэлл “Улс төрийн хэл яриа гэж жирийн хүмүүсийнхээс тэс өөр утга агуулгатай хэл байдаг. Тэд худлыг үнэн, аллага бол хүндэтгэл хүлээгүүштэй үйлдэл, салхийг хүртэл хатуу биет болгон ойлгуулдаг” хэмээн бичсэн. Ер нь, улс төрчид жирийн хүмүүсээс өөр долгион дээр ажилладаг хүмүүс. Тэдэнтэй бид долгион таарах аргагүй.

Х.Х: Өөр үндэслэл бүхий шалтгаан байна уу?

Б.Б: Улс төр ямагт хамтын үйл ажиллагааг голчилдог. Гэтэл либертари үзэлтнүүд хувь хүнийг дээдэлнэ. Кантын хэлсэнээр, соён гэгээрсний үндсэн шинж бол хувь хүний бие даасан байдал, мэдлэггүй харанхуй хүн ямагт бусдын үгээр явдаг. Олонхыг дагадаг, сүргээсээ салж чаддаггүй явдал бол соён гэгээрээгүй хүмүүсийн үндсэн шинж. 

Улс төрийн нам гэж үнэхээр заваан нэг зүйл байнаа. Сүрэглэгсдийн сэтгэхүй дээр гарч ирдэг нам гэгчийг дагасан “улаан, цэнхэр, ногоон тугнууд” бол хувь хүмүүс биш. Коллективистууд. Тэд бие даан, ганцаар байхаас ямагт айна. Нам гэдэг бүлэглэл өөрийг нь ямар ч гэмт хэргээс хаацайлна, намтай байхад зүгээр сууж байгаад мөнгө олно хэмээн ойлгодог учраас хувь хүн байхаас татгалзаж байна. Өөрийгөө хамгийн ухаантай, зоригтой гэж боддог хүмүүс хүртэл намаас гарах, намын дэмжлэггүй болохоос айдаг. Болохоо болихоор “нам дотроо нам” (фракци) байгуулна. Нам гэдгийг ийм олиггүй байгууллага гэдгийг ойлгож байсан учраас Жэффэрсон намыг “хуйвалдагсдын үүр” гэсэн байдаг.


АНУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Томас Жэффэрсон (1743-1826 он). Америкт либертари үзэлтнүүд улс төрчдөөс иш татах болбол Томас Жэффэрсоноос иш татдаг бөгөөд түүнийг “Америкийн эрх чөлөөний эцэг” гэж тооцдог.


Х.Х: Намд өөр ямар сөрөг шинжүүд байдаг вэ?

Б.Б: Шууд тооччихъё : 1/ хамгийн сөрөг шинж гэвэл хуйвалдаанч хүмүүст их бололцоо олгодог (төрлөхөөсөө тийм зан чанартай хүмүүс байдаг даа); 2/ нийгмийг хэд, хэдэн хэсэгт хуваадаг; 3/ шударгаар амьдардаг жирийн иргэдийн өсөн дэвжих бололцоог хааж, ар өврийн хаалга, хов жив, хээл хахууль гэх мэт буруу аргаар амьдардаг хүмүүст их бололцоо олгодог (cronism); 4/ хэдхэн хүний хүсэл зоригийг хэрэгжүүлэх хүчирхэг зэвсэг болдог; 5/ шийдвэр гаргах түвшиндээ хаалттай систем (ер нь хаалттай систем хэзээ ч  өөрөө, өөрийгөө эвдэнэ гэж байдаггүй).

Х.Х: Улс төрчид болон улс төртэй холбоотой юмс үзэгдэлд чи үнэхээр дургүй юм. Энэ сэдвээр ингэсгээд болих уу даа?

Б.Б: Жаахан хүлээнэ үү, хэлэх зүйл маань арай л дуусаагүй байна. Улс төрчид эмх журмыг амьдрал аяндаа тогтоохгүй, бид бий болгоно, тэгсэн цагт бүх юм сайн сайхан байх болно гэдэг. Тэгэхээр, аяндаа гарсан эмх журам буюу “хөндлөнгөөс бүү оролц” (laissez-faire) зарчимд ажил-мэргэжлийнхээ хувьд харшилж байдаг хүмүүс бол тэд. Олон түмэнд байнга ухуулж байдаг зүйл нь “би л засгийн эрхэнд гарахгүй бол энэ улс-орон сүйрэх нь”, “би биш тэд засгийн эрхэнд байгаа учраас улс-орон ийм ядуу байгаа юм” гэнэ. Өөрийг нь засгийн эрхэнд гаргахгүй бол мэс заслын эмч хагалгаагаа хийж чадахаа больж, багшийн толгойноос заах гэсэн зүйл алга болж, малчид малаа яаж хариулахаа мэдэхээ больж, тариаланчид тариа ногоогоо тарьж чадахаа больчих юм шиг бодож сэтгэдэг хүмүүс. Бараг л өөрсдийнх нь ачаар нар гарч, бороо орж, дэлхий эргэдэг маягийн юм ярина шүү дээ. 

Х.Х: Үнэхээр, зөв бодолтой, шулуун шударга хүн төрд гарвал нийгэмд тус болохгүй гэж үү?

Б.Б: Ф.Хельдерлинийн хэлсэн үгийг санацгаая: “Хүн, төрийг энэ дэлхий дээрх диваажин болгох гэж оролдсоноороо дэлхий дээрх там болгож орхидог.” 

Мөн Кэнийн (Скүланд) зохиолын баатар Гулибэлийн хэлснээр, дэлхий дээрх муу муухай зүйлийг дан ганц хорон муу санаатнууд хийж байсангүй. Хүний амьдралд хөндлөнгөөс оролцож, амьдралыг нь зааж зааварлан, ямар нийгэм зохистойг номлож, үйлдвэрлэл, наймааг нь удирдан, баялгийг дахин хуваарилж, тушаал заавраа биелүүлэхийг шаардан, хууль гаргаж байдаг хүмүүс л муу муухай зүйлийг бий болгож байжээ.

Сайхан амьдрал амлаж байсан улс төрчдөөс муу муухай үр дагавар хангалттай гарч байсан юм. Тийм ч учраас бид улс төрчдийг байнга сэжиглэнгүй нүдээр харж, тэдэнд хандан “Өөрийнхөө болоод бусдын үг хэл, бодол санаанд бүү итгэ, ганц үйл хэрэгт итгэ!” гэдэг.

Х..Х: “Бусдын үг хэл, бодол санаанд бүү итгэ!” гэдэг ч ойлгомжтой. Харин “Өөрийнхөө үг болоод бодол санаанд бүү итгэ” гэдэг чинь сонин сонстож байна ?

Б.Б: Тийм ээ, тун нухацтай бодох үг. Улс төрд очсон хүмүүс сайн сайхан юм ярихаар үл барам бусдыгаа хараад, “Би эднийг бодох юм бол арай өөр, илүү шударга даан ч, ‘Доголонгийн газар доголон, сохрын газар сохор’ байж, ‘усыг нь уувал ёсыг нь дагахаас’ өөр аргагүй болох юм” гэж боддог. Гэхдээ тэднээсээ өөр байх зориг зүрх, сэтгэл, тэвчээр, иргэний ухамсар дутдаг. Эцсийн эцэст үйл хэрэг нь тийм байж чадахгүйгээс хойш түүнд итгэх аргагүй. Муу муухай юм хийчхээд “би ийм сайн сайхан юм боддог, ярьдаг байсан” гээд байвал буруутан гэж байхгүй болж, хариуцлага хүлээх хүн олдохоо болино биз дээ. Гол нь үйл хэрэг, үйл хэргээр л жинхэнэ дүр төрх нь харагддаг. Үнэндээ ч ихэнх хүн ярьсан юм уу бодсон шигээ амьдарч чаддаггүй л дээ.


II Николайн хаанчлалын жилүүдэд Оросын ард түмний дунд “титэмгүй хааны” хэмжээнд нэр хүндтэй байсан их зохиолч Лев Толстой “Би өөрийнхөө (онцлов. Б.Б) үг хэлэнд итгэхгүй, бодол санаанд ч итгэхгүй, зөвхөн үйл хэрэгт л итгэнэ” хэмээдэг байв.


Х.Х: Гэхдээ улс төрчид дунд юм уншдаг, овоо сэргэг, сэхээтэй хүмүүс байж л таарна даа?

Б.Б: Олны дунд мэдээж, ганц хоёр толгой бий л дээ. Гэхдээ л  дан сургаар явдаг хүмүүст мэддэг ч юм байдаггүй, мэддэггүй ч юм байдаггүй. Ярьж буй зүйлээ угт нь ортол ойлгож ширгээгүй байдаг учраас үг, үйл хэрэг хоёр нь ямагт зөрчилдөнө. Үргэлж хоёр нүүр гаргана. Нэг нь, ард түмэнд зориулсан даруу зан (худал нүүр царай нь), нөгөө нь, би бусдаас ухаантай, тийм учраас би удирдах ёстой гэсэн далд ухамсар (үнэн нүүр царай нь). 

Гэтэл либертари үзэл аливаа зүйлийг мөн чанараар нь харахыг эрмэлздэг. Яваандаа, бүх юм ил болно гэдгийг мэддэг учраас өөрийнхөө болон бусдын талаар хуурмаг сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийж, хоосон дүр үзүүлэх, рекламдах явдлаас аль болох хол байдаг.   

Х.Х: Энэ сөрөг шинжүүд дан ганц улс төрчдөд байдаг үзэгдэл биш байх аа.

Б.Б: Тийм л дээ. Ер нь, бидэнд тууштай сэтгэх чадвар байнга дутагддаг. Гэхдээ л улс төрчдөд энэ дутагдал бүр гүн гүнзгий, шингэмэл байдаг. Тэд овоо хүн шиг сэтгэж байснаа гэнэт олон түмний психологид тохируулахгүй бол болохгүй гэсэн шиг хачин юм яриад унана. Маргаан мэтгэлцээний үед үг өлгөж аваад, хадуураад явчихна. Товчхондоо, сэтгэлгээний соёл, сэтгэлгээний хүмүүжил, сэтгэлгээний сахилга батгүй хүмүүс.

Х.Х: Либертари үзэлтнүүд улс төрд хэчнээн дургүй ч байлаа гэсэн нийгэм маань тэр чигээрээ улс төржөөд байна шүү дээ.

Б.Б: Хоцрогдсон нийгэм, хүмүүсийн нэг үндсэн шинж бол улс төржилт. Сонгууль болохоор сэтгэлийн хөөрөлд автагддаг, асар ихээр горьддог, бужигналдан давхилддаг, нэр дэвшигчээ харахаар уяралд автан, эсрэг талынхнаа харахаар нүдэнд нь цус хурж “буудчих уу, жанжаан” гээд буугаа шүүрдэг, энэ бүхэн бол нэлээд харанхуй, бүдүүлэг байгаагийн шинж шүү дээ. Нэр дэвшигчдийг дагаад хөөрцөглөн давхилдаж буй хэвлэл мэдээллийнхэн, пиарчид, хийрхэгсдийг харахад “эд нар чинь үнэхээр хүн алах нь уу” гэж бодохоор байдаг. Бүгд л  дүрдээ итгээд “Сэлэм Тогмид” болчихдог.

Х.Х: Одоо Монголын улс төрийн нам, хүчнүүд ямар үзэл суртал баримталж байна вэ? Либертари үзэлд ойр дөт нам байна уу?

Б.Б: Ер нь, Монголын улс төрчид ямар нэг үзэл, онол баримталдаггүй. Улс төрд орж буй хүмүүс аль намд орвол ашигтай, ямар улс төрийн хүчнээс албан тушаал олдох найдвартай, аль фракци, хэн гэдэг улс төрчийг дагавал дэмжлэг олдох бол гэсэн бодол санаанд хөтлөгддөг. Намуудын лидер хэмээгсэд нь яаж хэдэн төгрөг хэл амгүй өөртөө унагах талаар санаа тавина.

Нэг намаас салах, нөгөө намд элсэх, нэг улс төрчтэй муудах, нөгөөтэй нь сайдах зэрэг нь цагаан сараар айл хэсэж байгаа юм шиг юм болно. Өчигдөр нэг намд байснаа өнөөдөр тэс ондоо намд очоод наалдчихна. Нам байгуулах, тэгснээ орхих, фракци байгуулах энэ тэр бол жинхэнэ волюнтарист сэдлээр хэрэгжинэ. Ямар ч намд харьяалалгүй байснаа өнөөдөр нэг намд элсээд, маргааш шууд УИХ-ийн гишүүн болох зэрэг хөгийн үзэгдэл хавтгай. Зарим “их ухаантай, алсын хараатай айл-гэр бүл” хүүхдүүдээ нам, намд байршуулна. 2-3 намын батлах өвөртөлсөн улс төрчид ч зөндөө.

Үзэл бодол, зарчим гэдэг бол нэг их тоож үзээд байхаар зүйл биш гэсэн уламжлал монгол хүний хувьд одоо ч хэвээр байна. Намуудын томоохон зүтгэлтэн, дээгүүр албан тушаал эрхэлж буй хүмүүсээс орчин үеийн улс төрийн философи болон үзэл баримтлалын талаар асуухад “А” ч үгүй хүн олон бий. Танил талдаа дулдуйдах, мөнгөөр “зодож” байгаад орон зайтай болдог үзэгдэл АН-д их газар авсан. Монголд улс төрийн үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс бараг алга.

Х.Х: АН-ынхныг нэлээд шүүмжлээд байна аа даа. Би болохоор тэднийг либертари үзэлд дөхүү юм уу гэж боддог байсан юм.

Б.Б: АН-д оюун санаа гэж байгаа юм уу? Миний харж байгаагаар, АН-ынхан бол коммунизмын нөхцөлд либерал ардчилагчид, пост-коммунизын нөхцөлд ардчилагчид, харин ардчиллын нөхцөлд бол софт-стэйтистүүд.

Х.Х: 1990-ээд оны эхээр АН-ынхан арай гайгүй, эрүүл сэтгэдэг, албан тушаал, эд хөрөнгө хөөж байгаагүй юм шиг бодогддог.

Б.Б: Тийм байсан үе бий. Ямар сайндаа л, “Ерөнхий сайдын орлогч болооч” гэхэд бүгд зугтаад, хийх хүн олдохгүй байсныг чи бид нар мэднэ дээ. Тэр үед тэд чадлаа мэддэг, ичих нүүртэй байсан.

Тэгвэл өнөөгийн манай ардчилагчид, ялангуяа залуу ардчилагчид сэтгэлгээ, хандлага, үзэл суртлын хувьд яг л 1970-80-аад онд амьдарч байсан коммунист-фанатууд. Капитализм дахь “улаан хамгаалагчид”. 1970-80-аад онд МАХН-ын гишүүд гэж нэг иймэрхүү намчирхсан, хийрхүү, улс төрөөр далайлгасан, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй дөвчин юмнууд байсан даа. Чи бид хоёр бол ийм “дөвчин зайрангуудыг” өртөө газраас таньдаг болчихсон хүмүүс биз дээ.

Х.Х: Сүүлийн үед чиний яриа, бичсэн нийтлэлээс ардчиллыг шүүмжилсэн өнгө аяс тод дуулдах боллоо.

Б.Б: Хүмүүс ер нь, мэддэг болов уу, ардчиллыг шүүмжилсэн либертари шүүмжлэл бол ардчилалд дайсагнагч үй түмэн олиггүй шүүмжлэлээс тэс өөр шүүмжлэл гэж. Энэ бол ардчиллаас цааш явж, ардчиллыг ардчиллынхнаас гүнзгий ойлгосон хүмүүсийн шүүмжлэл. Үүнийг коммунлаг үзэлтнүүдэд бууж өгөөгүй индивидуалистуудын шүүмжлэл гэж ойлгох хэрэгтэй. Дашрамд хэлэхэд, Ардчиллыг ухаалгаар шүүмжилж чадах, шүүмжлэх ч эрхтэй ганц үзэл бий. Тэр нь либертарианизм.

Энэ үзэл манайх шиг завхарч гуйвсан, феодализм, социализм, капитализмын хольц болсон, эрх чөлөөний уламжлалгүй, евро-ази менталитеттэй, патерналист орчинд бус, харин хамгийн ардчилсан, капитализм маш өндөр хөгжсөн, эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэдэг, зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын дэлхийд алдаршсан сэтгэгчид (Людвиг фон Мизэс, Айн Рэнд, Мөррэй Ротбард, Хэнри Хаазлит) болоод Нобелийн шагналт хоёр эдийн засагчийн (Фридрих Хаек, Милтон Фридман) оюун санааны хөгжлийн үр дүн болон гарч ирсэн онол юм. Либертариуд ардчилалд дайсагнагч үй түмэн олиггүй шүүмжлэлээс эрс өөр өнцгөөс ардчиллыг шүүмжилдэг. Ардчиллыг шүүмжилж, харааж, загнаж, магтаж, ерөөж болно. Ганцхан шүтэж л болохгүй. Яагаад гэвэл, ингэх нь эргээд ардчилалд харшилдаг.

Тоталитари нийгэмд хүртэл ардчиллын элемент байдаг шиг ардчилсан нийгэмд хүртэл дарангуйлал, тоталитарианизмын элемент байх аж. Ардчиллыг сохроор шүтэгчид түүнийг олж харж чаддаггүй бол либертари үзэлтнүүд эрх чөлөөний үзлийн үүднээс олж хараад шүүмжилдэг. Ер нь, либертари үзэлтнүүд ардчиллыг ямар ч өө сэвгүй зүйл мэт үздэггүйгээрээ ардчиллын “улаан хамгаалагч” болон “гэнэн материалистуудаас” ондоо.

Х.Х: Үнэхээр, ардчилалтай юм бол ямар ч шүүмжлэлийг боогдуулж болохгүй байх л даа?

Б.Б: Коммунизмын үед коммунизмыг, фашизмын үед фашизмыг шүүмжилж болохгүй, ер нь, тоталитари дэглэм өөрийгөө шүүмжлэхийг үл тэвчинэ. Ардчиллын үндсэн ялгаа, өөрийгөө шүүмжлэхийг зөвшөөрдгөөр илэрдэг. Поппэгийн хэлснээр шүүмжлэгддэггүй, няцаагддаггүй бүх юм бүхэн (битүү систем) цаагуураа ялзран доройтож байдаг.

Х.Х: Ардчиллыг хамгаалагчид ардчилсан нийгмийг коммунизмтай их харьцуулах юм. Коммунизмаас давуу гэдэг нь “... Долгор чавганцад” хүртэл ойлгомжтой биз дээ?

Б.Б: Тийм ээ, ардчилал мэдээж, коммунизм, фашизмаас дээр байлгүй яах вэ. Либертари үзэлтнүүд ардчиллыг шүүмжлэхдээ эрх чөлөөний үзэлтэй харьцуулдаг. Эхлээд эрх чөлөө, дараа нь ардчилал хэмээнэ.

Дэлхий дээр ардчилалд шилжээгүй улс-орон тун цөөн үлдсэн өнөө үед ардчилал, нийгмийн дэвшлийн шалгуур болж чадахгүй л дээ. Одоо дэлхий дээр ардчиллыг ярьдаггүй хүн алга. Манайд бол бүр ч их. Ардчилал сайхан нэрийнхээ цаана эрх чөлөөний дайсан, хамгийн олиггүй юмнуудыг нуудаг халхавч болж байна (Лав л, Монголын хувьд).


Дарангуйлагчдад ямагт ашиглуулж байдаг ардчилал


Х.Х: 1990-ээд онд нийгэмд цөөхөн хэдэн сэхээтэн ардчиллын талд зогсож, түүнийг ухамсартай дэмжиж байсан бол өнөөдөр нийгмийн бүдүүлэг харанхуй олонх ардчиллын талд зогсож, муйхар хар хүчээр хамгаалж байна.

Ардчиллынхан маш их хувирч. Бүдүүн, бүдүүн дарга нар болж, хууль бусаар хөрөнгө мөнгө олж авахын тулд яахаас ч буцахаа больсон хүмүүс болж орхиж.

Ардчилал гэдэг одоо Монголд “ордны профессорууд” болон ухаантайгаа харуулах гэж мачийж буй сэхээтний мөлчийтөл мэрсэн яс, албан тушаалаар амьдардаг улс төрчдийн амьдрах орон зайнаас өөр юм биш болчихож.

Эрх мэдэл гэдэг бол цангасан хүн далайн ус уухтай адил зүйл байхаа даа. Далайн давстай ус уусан хүн улам бүр цангадаг гэсэн.

Б.Б: 7 буудлын ... чавганцаас аваад, төрийн бүх өндөрлөгүүд нь ардчилалд ухаангүй хайртай болсон өнөө үед иймэрхүү либертари дүгнэлт их л жигтэй сонстдог байх. Ардчилал гэдгийг Долгор эмээ болон улс төржсөн энэ залуус юу гэж ойлгоод ингэтлээ шүтээд байгаа юм, мэдэхгүй. “Улс төр сонирхдог” энэ хүмүүст хандаад, ганц хоёр эшлэл хэлэхэд, Н.Л.Менкений хэлснээр ардчилал бол “хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж байгаагаас өөрцгүй зүйл”. Айн Рэнд Магтуу (Anthem) зохиолдоо үзүүлснээр “хамгийн үл бүтэх юмнууд “ардчилал”, “тэгш эрх” гэсэн уриа лоозун хашхичиж байна. Энд хашхичаан дунд хувь хүний эрх байнга зөрчигддөг.”

Өмнөх нийгмийн үед хувь хүнийг социализмын төлөө золиосолдог байсан бол одоо ардчиллын төлөө золигт гаргаж байна. Зүй нь, ардчиллын төлөө хүн биш, харин ардчилал хүний төлөө байх ёстой юм. Ямар нэг зорилго тавьчхаад, түүнийхээ төлөө хүнийг золиг-барам болгодог үзлийг дэвшилтэт үзэл гэх аргагүй.  

Х.Х: 1990 онд ардчиллынхан яг одоогийн өөрсдийнхөө ийм байдлын эсрэг уриа лоозун хашхичин гарч ирсэн биз дээ?

Б.Б: Нэгэнт эрх мэдэл авсан бол ямар ч демократ (ардчилагч), бюрократ (хүнд сурталтан) болдог, тэднийг суудлаас нь ховхлох боломжгүй гэж либертари үзэлтнүүд байнга анхааруулдаг чинь үүнийг л хэлээд байгаа хэрэг л дээ!


“Засгийн эрхийг хэн барьж байгаагаас үл хамааран засаг өөрөө нүгэлт зүйл, засаг нь өөртөө байгаа хүмүүсийг эвдэн завхруулж, эрх мэдлээ урвуулан ашиглахад хүргэх хандлагатай байдаг.”        Якоб Буркхард


Авраам Линкольнын тодорхойлсноор “Ардчилал гэдэг бол ард түмэн өөрсдийн төлөө, өөрсдөө бий болгосон, өөрсдийнх нь засаг” байх ёстой бол эдүгээ Монголд, Ричард Нийдхэмийн хэлснээр “Ардчилал гэдэг бол төрийн  төлөө, төрийн бий болгосон зүйлийг хэрэгжүүлэх гэж зүтгэж байдаг ард түмний засаг” болжээ.

Х.Х: Ардчилал гэдэг бол “олонхын дарангуйлал” гэдгийг ихэнх хүн олж харахгүй, харсан ч ухамсарлахгүй байх шиг. Маннын хэлснээр, “Олонх нь эрүүл сэтгэх чадваргүй нийгэмд эрүүл сэтгэдэг цөөнх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очдог” гэдэг л энэ байх!

Б.Б: Оюунлаг түвшинд бол “ардчилал гоё, бусад нь муухай” гэх явдал үнэхээр яршигтай, улиг болчхоод байна. Хувь хүнийг олонхын дарангуйллаар дарамталдаг хэрэгсэл болох ардчиллыг шүүмжлэн гарч ирж буй либертари онолын үүднээс бол ардчилал нь “нуруугаа авахуулсан морь”, “хүн төрөлхтний өчнөөн жил өмссөн ноорхой дээл”.

Энэ лоозунгоор 25 жил гоёсон АН-д уг ойлголтыг өмнөхөөсөө илүү өндөр түвшинд гүнзгий утгаар хэрэглэх болсныг анзаарах сөхөөтэй хүн нэгээхэн ч алга. Нөгөө л хуучин арга барилаараа хамгийн ухамсаргүй хүмүүсийг хуурдаг үг төдийд ашиглаж байна.

Х.Х: Гэхдээ АН-ынхан бол ойртох, хэлэлцэхийн аргагүй, цус, зовлон шаналал үнэртүүлсэн, хавчлага мөрдлөг тогтоож, иргэдээ  тамлан зовоож байсан экс-коммунистуудаас хавьгүй дээр биз дээ. 

Б.Б: Тийм ээ.


“Ардчилал гэдэг бол 51% нь 49%-ийнхаа эрхийг хураан авч буй олонхоор хүч түрэх үйлдлээс өөр зүйл биш.”        Томас Жэффэрсон


Х.Х: 1990-ээд онд хаана явж байсан бол, магадгүй, өмдөндөө шээгээд гүйж явсан болов уу гэмээр залуус одоо тэнтгэр тэнтгэр дарга нар болчхоод “ардчиллын үнэт зүйл” ч гэх шиг мөн ч “томрох” юм даа!

Б.Б: Ардчилал, эрх чөлөө гэж хоосон бахирагсад инээдтэй шүү дээ. Карьеристууд, улс төрчид, софт-стэйтистүүд. Сайн-сайхан төрийг бид байгуулж чадна гэж мөрөөдөгчид.

Төр хэзээ ч сайн-сайхан зүйл байгаагүй, байх ч үгүй. Либертари үзэлтнүүдийн хувьд төрийг төрийнх нь хувьд шүүмжилнэ, түүнээс биш энэ намын төрийг шүүмжилнэ, тэр намын төрийг шүүмжлэхгүй гэсэн юм байхгүй. Төр бол тэнд очсон хэнийг ч оюун санаа-ёс суртахууны хувьд эвдэж хаядаг аймшигт механизм, ямар ч хүн цусанд бага багаар амтших вампир лугаа бусдын хөлс хүчээр амьдрах хүсэл, таашаалд автдаг газар.


“Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.”        Лорд Актон


Х.Х: Либертари үзэлтнүүдээс ардчилалд шүүмжлэлтэй ханддаг хамгийн гол үндэслэл юу вэ?

Б.Б: Ардчилал эрх чөлөөтэй харшилж байна. Ардчиллын нөхцөлд 100 хүнээс 51 нь ялсан л бол үлдсэн 49-ийнхөө эрх чөлөөг юу ч биш болгодог учраас тэр нь олонхын дарангуйлал. Ардчилал 99%-ийн эрх ашгаар түрий барьж асуудлыг шийддэг бол эрх чөлөө үлдсэн 1%-ийн эрх ашгийг харгалзахыг шаарддаг. Ардчилал хувь хүний эрхийг үл тоомсорлодог. Гэтэл хүний эрх гэдэг бол тооны олон цөөнөөс үл хамаарах констант зүйл билээ.

            Ардчилал асуудлыг хүчээр шийдвэрлэнэ. Ардчилал ноёрхож байх үед нэгийгээ ялахын тулд ухаалаг үндэслэл гарган, логиктой сэтгэж, оюун ухааныг дээдлээд байх шаардлагагүй, зөвхөн тооны хувьд олонх болж аваад санал хураахад л болно. Эрх чөлөөнд дайсагнагч ийм хамтын санаа бодол, нийтийн хүсэл зориг гэдэг руссоч-марксч үзэл санаа мөн. Эндээс л, коммунизм хийгээд фашизм өөрийгөө зөвтгөх онолын үндсийг олж авдаг. Ардчилалд хувь хүний эрх чөлөөнд харшилсан, хүчирхийлэх хандлага ямагт байсаар ирсэн нь түүхээс тод харагддаг. Сократыг Афинын ардчилагчид цаазалсан, Америкийн ардчилагчид хар арьст боолын хөдөлмөрийг мөлжиж, эмэгтэйчүүдийг сонгуулийн эрхгүй болгож байв, Монголын ардчилагчид хээл хахууль, арын хаалгыг цэцэглүүлж, заль мэх, луйвар дээрмийг хөхиүлж байна.

            Ардчилал өөрийнхөө хүрээнд гарч ирсэн ямар ч удирдагчийн үйл ажиллагааг хууль ёсны болгодог. Гитлер мэтийн юмнууд ардчиллаар дамжин засгийн эрхэнд гарч байв. Ардчиллаар гарч ирсэн удирдагч өөртөө санал өгсөн хүнийг төдийгүй, санал өгөөгүй, өөр саналтай, тэр ч бүү хэл, эсрэг саналтай хүнийг хүртэл захирна.

Х.Х: Хариулт, товч байх тусмаа хүмүүст хүрнэ шүү.

Б.Б: Ардчилал нэгд, чанараас илүү тоонд ач холбогдол өгдөг; хоёрт, цөөнхийн ухаалаг санал хаягддаг; гуравт, санал бүрийг жинлэх боломжгүй; дөрөвт, үл мэдэгчид засаглах боломжтой.

Бас Боазын нэлээд хоржоонтой шүүмжлэл ч байдаг.

Х.Х: Боазын Либертарианизм-ыг би  уншсан. Ардчиллыг шүүмжилсэн шүүмжийг нь санаж байна.

Б.Б: Тийм ээ, 29-30-р талд нь “Хэрэв бид олонхын санал болгосон хүнтэй гэр бүл болдог нийгэмд амьдрах аваас ардчилсан, гэхдээ эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байна гэсэн үг” гээд “либертари үзэлтнүүдийн хувьд улс төрийн хамгийн үнэт зүйл бол ардчилал биш эрх чөлөө” гэсэн байдаг. 


“Бид олонхын нийгэмд амьдарч байна. Хэрэв олонх эрүүл сэтгэх чадвараа алдсан бол эрүүл сэтгэгч цөөнх сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихоос өөр аргагүй болдог.”        Х.Манн


Х.Х: “Ардчилал бол тийм сайн засаглал биш, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй байна” гэсэн нэг үг бас байдаг байх аа.

Б.Б: Ардчиллын талаар Черчиллийн хэлсэн үгэнд ардчилал бол өнөөг хүртэл байсан нийгмийн байгууламж дотроос хамгийн сайн нь; гэхдээ түүнд дутагдал  бий гэсэн хоёр гол санаа байдаг.

Х.Х: Бид ер нь, ямар нийгэм байгуулчхаад байгаа юм бэ?

Б.Б: Өнөөгийн манай нийгмийн формаль дүр төрх нь капитализмыг өнгөц хуулбарласан, муухай ёсорхуу, ажил хэрэгч биш, албан үүргээ танил талаар хэрэгжүүлдэг, жирийн иргэдэд хууль дүрэм ярьж, гох дэгээ тавьдаг хүнд сурталт феодализм, социализм, капитализмын хольц, ямар ч “иргэний соёл” байхгүй нийгмийн оронцог. Крони капитализм – Танил талын капитализм.

Ер нь их сонин нийгэм. Иргэд нь нийтээр шахуу ардчиллыг зөв зүйтэй гэж нэгэн дуугаар магтах авч хуучнаа санагалзах байдал үйл хэрэг дээр нь байнга цухалзана. Тоталитари дэглэмийн хамгийн том удирдагч байсан Ю.Цэдэнбалыг ил тод тахин шүтнэ. Нийгмийн нэлээд боловсролтой хэсгийг бэлтгэдэг гэх улсын том, их сургууль-МУИС-ийнхаа өмнө түүхэндээ байсан хамгийн цуст дарангуйлагчийг тахичхаад байгааг бас харж болно.

Манайх шиг улс төрийн соёл, уламжлалтай оронд одоо дутуу боловсорсон ардчилагчид (эд маш олон), эрэмдэг зэрэмдэг либералууд (харьцангуй цөөн), дундад зууны үндэсний үзэлтэн (сүүлийн үед тооны хувьд эрчимтэй өсөж байна), коммунист угшилтай социалистуудаас (уг нь олонх байсан, одоо цагийн эрхээр цөөрсөөр байна) өөр хүмүүс алга.


“Ардчилалд шилжсэн гэх Монгол оронд тоталитари дэглэмийн хамгийн том төлөөлөгчид болох энэ хоёр хүнийг тахин шүтсэн хэвээр байна.”


Х.Х: Одоо бүр Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ойг тэмдэглэх юм яригдаж байх шив дээ?

Б.Б: Ичиж үхмээр. Одоо Германд Эрих Хоннекер, Румынд Чаушеску, Болгарт Тодор Живковын ойг тэмдэглэнэ гэвэл яах бол. Амьтны элэг доог болж багтах шингэх газаргүй болох биз. Тэгвэл Монголын экс-коммунистууд ард түмнийхээ иргэний ухамсаргүй, харанхуй байдлыг мэддэг учраас арай хэтэрсэн юм ярих юм.   

Х.Х: Тэгвэл, либертари үзэлтнүүд АН-тай зам нийлэх болов уу?

Б.Б: Коммунизм өндөлзөөд ирсэн тохиолдолд л нийлнэ, бусад тохиолдолд тэдний стэйтист болон софт-стэйтист байр сууринд үргэлж шүүмжлэлтэй хандах болно. Гэхдээ, коммунизм эргэлт буцалтгүй нурсан болохоор бидний зам бараг огтлолцохгүй биз дээ.

Х.Х: АН-ынхан дотор эрх чөлөөний мэдрэмжтэй ганц хоёр хүн байлгүй дээ.

Б.Б: Тэр ч, мэдээж. Гэхдээ, нь учрыг нь олоогүй атлаа либертари үг, хэллэг цээжилчхээд бурж явдаг нь дийлэнх.

Х.Х: Тийм байх аа, би одоо парламентад суугаа АН-ын нэг улс төрчийн номыг харсан. Либертари санаа дүүрэн байна лээ. Энэ үзэл ингээд улс төрчдийн гар хөлийн үзүүрт зарагдаж байдаг номлол болдог байжээ гэж бодохоор.

Б.Б: Тийм л хүмүүсийг софт-стэйтист гээд байгаа юм л даа. Төрийг хамгаалаад ч байгаа юм шиг, шүүмжлээд ч байгаа юм шиг. Ийм хачирхалтай байр сууриа хамгаалах үг тэдэнд бэлэн байдаг юм билээ: “Либертари үзэл бол хэн нэгний өмч биш” гэж! Мэдээж, либертари үзэл хэн нэгний өмч биш, тэгвэл стэйтистүүдийн өмч бүр ч биш.

Энэ үзэл улс төрд хорхойссон хүний эрх мэдэлд хүрэх зэвсэг болох ёсгүй. Либертари үзэл ийм зан чанарын эсрэг байдаг. Жирийн иргэн байх нь ичгэвтэр санагддаг юм уу, эсвэл өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан тийм хүмүүст либертари “угшил” төрөлхөөс байдаггүй.

Х.Х: Сүүлийн хэдэн жилд АН-ынхан “Ардчилсан хөдөлгөөний ой” гээд хэчнээн ч удаа пижгэнэв дээ?

Б.Б: Юү ч гэмээр юм бэ дээ. Одон медаль гэж баахан гялгар төмөр нэгэндээ гардуулаад л. Нөгөө хуучны социалистуудаас ялгарах юм огт алга. Улс төрийн үйл явдлыг баяр болгон тэмдэглэдэг уламжлал тасрахгүй нь. Урьд Октябрийн баяр, Майн баяр, Ардын хувьсгалын баяр гэдэг байсан бол одоо Ардчилсан хувьсгалын баяр гэгч юм гарч ирэх шив дээ. Тэр үед чинь эдгээр ойгоор баярлахыг албаддаг, баярлахгүй бол улс төрийн агуулгаар шүүмжилдэг байсан биз дээ. 

Х.Х: Монголын ардчилал өсөн дэвжихийн зовлон амсаж яваа юм биш үү? “Нялхсын өвчин” гэсэн томьёолол байдаг биз дээ?  

Б.Б: Манайхан ардчиллыг үнэхээр гутааж чадаж байгаа хүмүүс.

Х.Х: Хэн, яаж гутааж байна вэ?

Б.Б: АН-ынхан. 1996-2000 он, 2012 оноос хойших тэдний төрх байдал, аяг араншин. Ялангуяа албан тушаал, эд хөрөнгийн сонирхлоор нэгдсэн “Н.Алтанхуяг болон түүний багийнхан” ардчиллыг гутаахад гойд хувь нэмэр оруулах шив дээ.

Х.Х: Манайх шиг социалист байсан, одоо ардчилалд шилжиж буй олон улс-орон байна. Бүгд ийм байгаа болов уу?

Б.Б: Польш, Унгар, Чех, Словак, Румын, Эстони, Латви, Литва гээд олон доо, олон. Тэр улсуудад янз бүрийн л бэрхшээл тулгарч байна. Гэхдээ, манайхан шиг заваарахгүй байна шүү дээ. Гэтэл манай ардчилагчдын ууж идэх, авлига хахууль, арын хаалга арай хэтэрсэн.

Х.Х: Чи 1990-ээд оны үйл явдлыг хэрхэн хардаг вэ?

Б.Б: Чи ч, санаж л байгаа байх. Яг үнэндээ, анх Нэргүй доктор, Бошигт гуай, С.Зориг, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Баабар нарын хэн нь ч капитализм, зах зээлийг чиг баримжаагаа болгоё гээгүй юм шүү дээ. 1989 оны XII, 1990 оны I, II, III сарын жагсаал, цуглаан дээр “социализм-коммунизмаа засаж сайжруулъя”, “Лениний дурсгалд хүндэтгэл үзүүлье” гэж байсан.  

Х.Х: Тэгэхэд, тэр үеийн удирдагчдын яг одоогийнх шиг байдлыг эсэргүүцэж байсан санагддаг юм.

Б.Б: Эрх баригчид улс төр болон ёс суртахууны хувьд ялзарч, ард түмнээс хураасан хөрөнгө мөнгөн дээр тарвалзан, “тусгай дэлгүүр”, “тусгай эмнэлэг”, “тусгай үйлчилгээ”, “тусгай төрөлт”, “тусгай оршуулга” гээд бүх л юм нь “тусгай” амьдралаар амьдарч байсанд олон түмэн их дургүйцдэг байсан. Тиймээс ч ард түмний дэмжлэгээр хувьсгал ялсан. Гэтэл нөгөө хувьсгалчид маань өөрсдөө төдийгүй, гэр бүл, ах дүү, хамаатан садан, танил тал, найз нөхөд, найзын найз гээд бүр ч олон хүнийг дагуулаад, саарал ордонд орж ирсэн. Тэгээд тавлаг суудалд нь тухалж аваад, өмнөх эрх баригчдаасаа ч илүүгээр завхарч, улсын хөрөнгийг улайн цайм идэж, ууж наргин, хээл хахуульд баригдаж, албан тушаалын төлөө “алалдаж” эхэлсэн! 1990-ээд оноос өмнө идэж ууж байсан дарга нарыг өнөөдрийн ардчилагч нартай харьцуулах юм бол “тавгийн чихэр хумсалж буй хүүхэд” л гэсэн үг. Тэгээд ч тэр үед цөөхүүл идэж уудаг байв. Тэгвэл ардчилагчид маань ардчилсан маягаар маш олуул, бас тэгээд нэг нэгэнтэйгээ барьцаж, уралдан цөлмөж байна. Гадаад төрх нь өөр ч албан тушаалын донтой, идэж уух хүсэл нь барагддаггүй нөгөө дарга нар бүр олуул болоод гараад ирсэн.

Х.Х: Ардчилагчдын үг, хэл яриа биднийхээс тэс өөр байх юм аа. Тэд үгийн утгыг тонгоруулж ярьдаг юм шиг байна аа. Жишээ нь, “давхар дээлд дургүй” хэмээвэл харин ч дуртай, “ард түмний амьдрал дээшилж байна” гэвэл ард түмний амьдрал доройтож, өөрсдийнх нь дээшилдэг, “авлигатай тэмцье” гэвэл тэр нь бүр гаарч, “төсөв хэмнэж, төрийн аппаратыг цомхотгоё” гэвээс төрийг улам данхайлган, орон тоогоо нэмж, төсвийн мөнгөнөөс чадлынхаа хэрээр завшихаа хэлж байна гэж ойлгох ёстой юм шиг байгаа юм.

Б.Б: Үнээн, үнэн.

Х.Х: Чиний шүүмжлэл дээр нэмээд хэдэн үг хэлье. Улс төрчид төрд орж авсныхаа дараа ордон дотор согтуурна, бөөлжинө, “унтана”, хоорондоо зодолдоно, хутга шөвөгний хэрэг гаргана, ухамсартай иргэдийн үгсийн санд байдаггүй үг хэлээр бие, биеэ дайрна, хуруу гарын эвгүй хөдөлгөөн үзүүлнэ. Ардчилсан маягаар төрийн эрх барьж буй нь тэр.

Ардчиллын үед хамгийн сайн нударган зодоонч нь хамгийн нэр хүндтэй, орон зайтай улс төрч болдог юм байна. Ардчилагчдын хувьд улс төр гэдэг бол хор сайн найруулж, хуйвалдаж, нэгийгээ ар хударгаар тавих явдал. Тэдний хувьд ичих, улайх, санаа зовох гэдэг үеэ өнгөрөөсөн хуучны зан суртахуун бололтой. Цагаандаа ч гарч, дуусаж байна даа.

Улсын өмчийг (үйлдвэр, аж ахуйн газар, объектуудыг) янз бүрийн арга зам, ихэвчлэн хахуулиар хувьдаа авах, төрд буй танил талаар компаниа тэтгүүлэн протекционизмд орох, арын хаалгаар тендер, захиалга олж авах, ажилчдаа луйвардах, хууран мэхлэх арга замаар л бизнес хийж байна. Капитализмд орж, хувийн өмчийг дээдэлж буй байдал нь тэр.

Б.Б: Амьдралын ийм хэв маягтай учраас л “ардчиллыг үндэсний хэмжээнд (монголчуудын хэмжээнд) гутааж, буруу ойлгуулаад буй хүмүүс” гэж хэлээд байгаа юм л даа.

Х.Х: Тэгвэл, АН-ынхан юу гэдэг билээ? Манай нам бол хамгийн ардчилалтай байгууллага ... энэ тэр гээд.

Б.Б: Тэгдэг юм. Худал, энэ байгууллага бол маш бюрократ байгууллага. Томас Жэффэрсон, яг л, АН-ыг харж байгаад “хуйвалдагсдын үүр” гээд хэлчихсэн юм биш байгаа гэмээр. АН бол ямар ч үзэл баримтлалгүй, зүүний ч биш, барууны ч бус, “зүгээр л зарчимгүй хүмүүсийн цуглуулга”, “улс төрийн хор найруулдаг лаборатори”, “эрх мэдэлд тэмүүлэгсдийн лобби тасалгаа”, “олигархиудын эзэмшил газар”.

Х.Х: Нээрэн ч, шийдвэр гаргаж буй байдал, гаргасан шийдвэрүүдийг нь харахад ... Хүмүүс ардчилсан төр-засаг гэж ийм л хөгийн байдаг юм байх даа гэж бодохоор байдаг шүү.

Б.Б: Туйлын дур зоргын (волюнтарист) шинжтэй шийдвэр гаргана. Эрх мэдэл надад байна гэсэн маягтай загнадаг. Олимпийн медальтнуудад сард хэдэн саяар нь мөнгө олгох шийдвэр байна. Үнэндээ, энэ бүхэн улс-үндэстний хөгжил, ард түмний аж амьдралд ямар ч нэмэргүй шийдвэрүүд. Нэмэр байтугай нэрмээс болох зүйлүүд. Жүдо, нийтийн дуу, хошин шог, поп рок урлаг хөгжсөнөөр улс үндэстэн өөдлөн, ард түмний амьдрал сайжирчихдаг бол ч сайхан л байна.

Х.Х: Би АН-ынхныг хүний эрх, хувь хүний эрх чөлөөний талаар МАН, МАХН-ынхнаас хамаагүй илүү мэдрэмжтэй хүмүүс гэж ойлгодог байсан. Гэтэл тиймгүй юм байна лээ. Ардчиллын боловсон хүчний амнаас хүний эрхэд хамгийн харш үг, яриа гардаг болсон шүү. “Гадаадад олон жил амьдарсан монголчуудыг эргэж ирэхэд нь аль болох хүнд суртал гаргана”, “Парламентын бус намуудыг татан буулгана” ч гэх шиг. Арай ч дээ, хүний эрх, эрх чөлөөний талаар “А” ч үгүй, энэ талаар ямар ч мэдрэмжгүй хүмүүс өнөө үед байна гэдэг.

Б.Б: Анх ийм байгаагүй юм аа. Сүүлийн үед л ийм хүмүүс АН-аар дүүрчхээд байгаа юм.

Х.Х: Энэ тэрүүгээр орж ажил хөөцөлдөнө, ерөөсөө бүтэхгүй юм. Муусайн бюрократууд худлаа дүрэм журам ярьж, гох дэгээ тавиад. МАН-МАХН-ыг төрийн эрх барьж байхад бас л хүнд суртал байсан. АН гарахаар гайгүй болох байх гэсэн чинь “их санасан газар 9 шөнө хоосон” гэдэг л болж байна.

Б.Б: Энд, монгол хүний психологи нөлөөлөөд байгаа юм л даа. Боловсрол, мэдлэгээр дульхан, ажил мэргэжлийн чадваргүй, ёс суртахууны доройтолтой нөхдүүд төр-засгийн янз бүрийн суудалд очихоороо, шударга нийгэмд бол чигчий хуруунд нь ч хүрдэггүй тэр л хүмүүсээ хараад, атаархал хорслоо тайлах ая шалтаг хайж эхэлдэг. Ардчилал гэдэг үгийн үндэс “ард”. Тэгвэл профессор, мэс заслын эмч, төгөлдөр хуурч, зураач, инженерүүд бол ард биш, тэгэхээр ардчилалд харш элементүүд. Тиймээс “нөр их тэмцлийнхээ” үр дүнд засгийн эрхэнд гарсан нөгөөх “ардууд” мэдлэг боловсрол, ёс суртахууны хувьд өөрсдөөс нь хамаагүй дээд түвшний хүмүүсийг аль болох дарж, ажилд нь саад тээг учруулж байж кайф авдаг биз. “Хэчнээн авьяас чадвар, мэдлэг боловсролтой, шулуун шударга ч гэлээ, миний зөвшөөрөлгүй яаж ч чадахгүйг, төрийн хүч хувь хүний авьяас чадвараас хэзээ ямагт дээгүүр оршдогийг одоо хар ” хэмээн шүд зуудаг байх.

Үзэг барьж үзээгүй шахуу, үсэг бичиг гадарлах төдий хувьсгалчид цагаан цамц өмсөж, зангиа зүүгээд үгээ зөөн, ярьж эхэлдэг үе ингэж л ирдэг болов уу. Хороо, дүүргээс эхлээд Засгийн газар, УИХ-ын түвшинд хүртэл шигсэн эдгээр нөхөд, шалгуур чанга үед багийн дарга хийнэ гэхэд ч эргэлзээтэй бодгалиуд. Угийн ядмагхан үгсийн санд нь нэмэгдсэн хэдэн үг бол ардчилал, сонгууль, тэгш эрх, шударга ёс, Үндсэн хуульт ёс, нам, эвсэл, фракци, лобби. Юу ярьж байгаагаа өөрөө ч  үл ойлгох хэрнээ энэ хэдэн нэр томьёогоор бөөлжиж өгдөг. Гэтэл энэ асуудлаар нь хэдхэн асуулт тавихад л бүгд шалчийгаад өгнө.

Х.Х: АН-ын энэ хэдэн нөхдүүд ч биш, нийгэм, бүхэлдээ оюун санааны хувьд их доройтож байх шиг байна. Өнөөгийн ардчилсан нийгэм дэх хамгийн сайхан урлаг нь хошин шог (тайзан дээрх марзганал нь бүр гаарсан), нийтийн дуу (эрэгтэй, эмэгтэй хүн хоёр гарч ирээд, хайрын дуу дуулбал болоод явчихна) хоёр болж байна. Сонирхдог кино нь адал явдалт эс бөгөөс Солонгосын олон ангит кино. Уншдаг ном нь Баяжих ухаан, Сайхан харагдах нууц, Амжилтын тарни. Арай боловсролтой гэгдэх хэсэг нь Сталин, Мао,Чингисийн намтар, Нууц товчоо-г уншина. Юун, дэлхийд алдаршсан сонгодог дуурь, симфони, бүжгэн болоод драмын жүжиг, уран зураг, уран баримал, роман, философийн эссэ!

Б.Б: Нийгэмд томоохон өөрчлөлт явагдаж, бүхэлдээ шилжилтийн үедээ яваа үед завсрын юмнууд хамгийн их хождог гэж байгаа шүү дээ. Тэр л байх!   

Х.Х: Ардчилагчид ч өмссөн зүүсэн, биеэ авч яваа байдал, ярьж хэлж буй нь их өөрчлөгджээ. 

Б.Б: Олон нийтийн арга хэмжээнүүд дээрээс харж байхад “ардчилсан дарга” нар бүдүүлэгдүү хөдхи зангаа бага багаар гээж, хоосон ёсорхог маяг үзүүлэх болсон. Язгууртан-дээдэс (элит, аристократ) болж буй бололтой юм.

Ардчилсан масс ч өөрчлөгдөж байна. Тэд илт зусар зан гаргах болж. Ардчиллын “улаан хамгаалагчид” дээдэстээ ичгүүргүй тал засдаг. Овжин нэгнийх нь зусардаж байна гэдгээ харуулахгүйгээр тал засах эрдэмд суралцсаныг хөлсний нийтлэл, илтгэл тавигчдын өгүүлэл, хэлсэн үгнээс харж болно.

Иймэрхүү юмнууд ардчиллын эерэг болоод сөрөг тал, ардчиллын философийг ойлгох ч хол биз. Идэж уухын донтой, албан тушаал хөөцөлдөгч ийм юмнууд хүчний харьцааг харж байгаад аль нэг нам дээр очоод намын гишүүний үнэмлэх авчихдаг юм байх чинь билээ.

Х.Х: Сүүлийн үед нэг зүйл ажиглагдах боллоо. Авлигачид болоод авлигын эсрэг тэмцлийг сааруулах гэсэн оролдлого ардчилагчдын зүгээс маш их гарах болсон. Жирийн иргэд АТГ-ын (Авилгатай Тэмцэх Газрын) үйл ажиллагааг таашааж байгааг эд мэдэхгүй л байна даа. “Но”-той хүмүүс л АТГ-аас их айдаг, “айсандаа айл эвдэхийг” оролддог. Авлигачдыг хорьчхоор “хүний эрх” гэсэн үгээр далайлгаж, “ажил хийлгэхгүй байна” хэмээн орь дуу тавина. Тэгвэл авлига гэдэг чинь жирийн иргэдийн эрхийг хамгийн их зөрчдөг үзэгдэл, бусдын эрхийг зөрчдөг эрх бол эрх биш. “Хулгайчийг бариарай” гэж хашхирахыг сонссон махны хулгайч “Юун гуя вэ” гэж уурласан гэдэг шиг АТГ-ын тэндэх үйл ажиллагаанд, энд буй авлигачид дургүйцэж, үзэн ядна гэхээр нэг л биш байгаа биз. Жирийн иргэд, АТГ-ын үйл ажиллагаа өөрсдийнх нь эрх ашигт нийцэж буйг маш тод мэдэрч байгаагаа илэрхийлсээр байгаа шүү дээ.

Б.Б: “Сайн муу нийлж, сав дүүрдэг”, “Уулын мод урттай богинотой” нь үнэн л дээ. Гэхдээ, Монголын ардчиллын “ууланд буй богино мод”, “саванд буй саар” арай ч хэтэрсэн. Монгол маань эрх мэдэлтэн, баячуудын засаглал тогтсон, танил тал, арын хаалгыг шүтсэн орон болжээ. Сrony capitalism буюу танил тал, арын хаалганы капитализм.

Манайх шиг идэж уудаг улс төрчидтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хуулиас дээгүүр амьдардаг “ардчилсан орон” цөөнгүй л дээ. Африк, Латин Америк, Зүүн өмнөд Ази гээд. Бид тэдний эгнээнд тун амжилттай орж явна гэхээс өөр юу хэлэх вэ.

Х.Х: Засарч сайжрах шинж харагдах юм уу?

Б.Б: Энэ бүхнийгээ олж хараад, хэлчих хүн ардчиллынхан дунд алга. 2014 оны XII сарын 5-нд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан хурал болов. Дутагдлаа ил тод хэлж, түүнийхээ шалтгаан нөхцөлийг гаргаагүй ч академик талаасаа ганц, хоёр гайгүй илтгэл байсан. Гэхдээ л, хоосон магтан дуулж, олон түмний психологийг “агаарт хөвөх тоогоор” эзэмдэх гэсэн илтгэлүүд голлож байна лээ. Монгол улс оюутан, их дээд сургуулийн тоогоор дэлхийд дээгүүрт ордог, амьдрал сайжирснаар хэт таргалалт газар авсан, юугаараа ч гэнэ вэ, Японоос давсан юм байх (элий балай статистик). Бид чинь хачин сайхан амьдарч байгаагаа мэддэггүй юм байна.

Яруу алдарт намынхаа (өнөөгийн нөхцөлд АН-ын) ачаар амьдрал хэчнээн сайн сайхан болж буй тухай иймэрхүү илтгэлийг социализмын үед чихэндээ эвэр ургатал сонсож байлаа. Худал, үнэнийг хольж яриад, үнэнийг бүрхэгдүүлэх софист аргыг улс төрчид амжилттай хэрэглэдэг. Үр дүнд нь худал нь хожиж, үнэн нь хохирдог юм. За тэгээд, улс төрчид болоод улс төрд ойр байдаг хүмүүсээс бодитой, үнэн үнэлэлт, дүгнэлт гарна гэж бараг л байхгүй дээ.

Х.Х: Манайх ер нь, ардчилсан орон мөн үү, биш үү?

Б.Б: Ардчилсан оронд иргэдээ жагсаж цуглалаа гээд буудаж алах уу даа?! Хүнд эрүүл юм шиг харагдах нь чухал бус, жинхэнээсээ эрүүл мэнд чухал байдаг шиг улс-орон ардчилсан юм шиг харагдах нь чухал бус харин жинхэнээсээ ардчилсан улс-орон болох нь чухал шүү дээ, уг нь.   

 

 


Эхний яриа: Нэгэн “хачин жигтэй” үзлийн тухай

Хоёр дахь яриа: Төр бага бол зардал бага

Гурав дахь яриа: Хууль хэрхэн гууль болдог вэ?

Дөрөв дэх яриа: Зөнд нь орхичих, дэлхий өөрөө эргэдэг юм!

Тав дахь яриа: Хувийн өмч vs улсын өмч

Зургаа дахь яриа: Олонхийн дарангуйллын эсрэг хувь хүн

Долоо дахь яриа: Амиа бодоход учир бий

Найм дахь яриа: Намайг хэн мэдэх ёстой вэ, төр үү эсвэл би өөрөө юү?

Ес дэх яриа: Эрх чөлөө, эрхийн талаарх өмнөх сэдвээ үргэлжлүүлье

Арав дахь яриа: Либертари үзэл улс төрчдийн багийг хуу татдаг

Арваннэг дэх яриа: Эс сонголт нь өөрөө сонголт мөн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна