Хятад зэс утасны оронд хөнгөн цагаан ашиглах уу?

2015 оны 12 сарын 3

2015 оны 5 сард БНХАУ-ын Үндэсний Эрчим Хүчний Газар (ҮЭХГ) хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан байж болзошгүй нэгэн мэдэгдэл хийсэн нь хөнгөн цагааны хайлш ашиглан хийсэн цахилгаан утас кабель зэргийг аж үйлдвэрийн салбартаа ашиглах үндэсний стандартыг гаргасан явдал байв.

ҮЭХГ-ийн мэдэгдснээр, хөнгөн цагаанаар хийгдсэн утсыг голчлон байшин барилгуудыг цахилгааны дэд станцтай холбоход хэрэглэх аж. Өмнө нь дээрх зорилгоор зэс утсыг ашиглаж байсан нь хэрэглэгчдийн дунд хөнгөн цагаан утасны тал дээр эргэлзээ их байсантай холбоотой аж.

Энэ шийдвэрийн шалтгаан юу байж болох вэ?

Financial Times цохон тэмдэглэснээр, Хятад улсад хөнгөн цагааны хангамж хангалттай хэмжээтэй боловч, зэсээ хөнгөн цагаанаас гурав дахин өндөр үнэтэйгээр импортолж байгаатай холбон тайлбарлажээ.

Хөнгөн цагааны бодит амьдрал дээрх хэрэглээ

Хэдийгээр хөнгөн цагааны хувийн жин нь хөнгөн, түүнээс гадна цахилгаан дамжуулах чадвар нь сайн зэрэг давуу талууд дээр үндэслэн хөнгөн цагаанаар хийгдсэн утсыг нисэх онгоцонд хэрэглэж буй тохиолдлууд сүүлийн 60 жилд бий боловч, нөгөө талаараа энэ хэрэглээ нь жингийн хувьд харьцангуй хөнгөн болсон нисэх онгоцыг аянганд өртөх гэх мэт эрсдэл дагуулдаг байна.

Өдөр тутмын амьдрал дээрхи эрсдэл гэвэл ахуйн гал түймрийг нэрлэж болно. Учир нь хөнгөн цагаан утас ашигласан байшин барилга нь цахилгааны үзэгдлүүдийн улмаас галд өртөх эрсдэл нь зэс утастай харьцуулахад илүү өндөр байдаг байна. Тийм учраас одоог хүртэл энэ технологийн ашиглан 1960-1970 онуудын үед АНУ болон Канадад баригдсан барилгууд бусад байшин барилгаас илүү өндөр үнээр даатгагддаг байна.

Haywood Securities-ийн уул уурхайн шинжээч Стефан зэсийн сунах чадвар нь хөнгөн цагаанаас илүү боловч, хөнгөн цагааны дулаанд тэлэх чадвар нь зэсээс илүү байдаг ялгаатайг дурдсаны сацуу, “Хэдийгээр зэсийн өндөр үнэ нь яах аргагүй авч үзэх ёстой асуудлын нэг мөн боловч, томоохон цахилгаан төслүүдийн хувьд зэс утас сонгосон нь илүү аюулгүй сонголт байх болно.Бид одоо ч гэсэн хөнгөн цагааныг энэ чиглэлд ашиглаж болно, гэхдээ физик талаас нь харвал энэ нь тийм ч төгс сонголт байж чадахгүй” гэжээ.

Хятадын болон дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө

Goldman Sachs-ийн хийсэн судалгааны дүгнэлт нь ийнхүү зэс утсыг хөнгөн цагаанаар орлуулан хэрэглэх нь зах зээл дэх зэсийн эрэлтийн хувьд асуудал үүсэх бөгөөд, хэрэв аж үйлдвэрлэлийн энэхүү шилжилт нь биеллээ олж, ирэх оноос хэрэгжиж эхэлвэл, 2016 онд 400,000 тонноор өснө хэмээн тооцоологдож буй Хятад улсын зах зээл дэх зэсийн эрэлт 100,000-250,000 тонноор буурна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна