“Буудалцаанаас илүүтэй бидний соёл л кино урлагт хэрэгтэй”

2015 оны 12 сарын 3

Монгол киноны 80 жилийн ой болж байна. Энэ хүрээнд “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа.


-Монгол киноны 80 жилийн ойн босгон дээр хоёулаа ярилцаж байна. Тэгэхээр Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний ач буяны талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол киноны 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ бол зөвхөн киноны салбарынхны баяр биш. Монголчуудын хувьд эрт үеэс л кино үзэж, түүгээр хүмүүжиж ирсэн ард түмэн. Тиймээс монгол киноны 80 жилийн ой гэдэг бүх монголчуудын баяр. Ер нь 1930-1990 он хүртэл монголчууд кино үзэж, түүнээс түүх соёлоо мэдэрч, хүмүүжиж, соён гэгээрдэг байсан. Одоо бол телевиз, радио, сонин, сайт, интернет гээд олон төрөл зүйлээс мэдээлэл авдаг болсон болохоор өмнөх шигээ байхаа больсон юм шиг санагддаг. Гэхдээ би нэг зүйлээр л бахархдаг. Монгол Улс 1930 хэдэн онд ядуухан орон байсан ч тухайн үеийн Ерөнхий сайд Гэндэн, Дэмид, Чойбалсан гурав кино урлагийг Монгол Улсад хэрэгтэй гэж үзээд 11 зүйлтэй тушаал гаргаж байлаа. Тухайн үед Монгол Улс ядуу зүдүү орон байсан ч хөрөнгө, мөнгө их шаардагдах кино урлагийг хөгжүүлэх ажлыг эхэлсэнд нь үнэхээр бахархдаг. Монголын нийгэм зовлон зүдгүүр, жаргал зовлон юуг туулсан тэр бүгдтэй кино урлаг хамт явсаар өдийг хүрлээ.

-80 жилийн босгон дээр Монголын кино урлагийг та хэрхэн дүгнэх вэ?

-Монголын кино урлаг тогоон дотроо олон жил явлаа. Одоо боллоо. Харин цаашид Монголыг гадаадад сурталчлах кино хийж дэлхийд гаргах хэрэгтэй. Монгол гэх энэ жижигхэн үндэстний нүүдэлчин соёл, уламжлал гээд бүх зүйлийг сурталчилсан кино хийж гадаадад гаргахын төлөө нэгдэх хэрэгтэй.

1935 онд анх “Монгол хүү” нэртэй киног оросууд хийсэн. Гэхдээ монгол жүжигчид тоглож, монгол ахуйг харуулж хийсэн. Энэ киног тухайн үед Америкт гаргаж байсан гэдэг. Тэр үед 200 жил манжийн дарлалд орсон, 400 мянган хүн амтай Монгол гэж үндэстэн байхгүй болсон гэж дэлхий нийт боддог байсан. Гэтэл тэр Монгол үндэстэн нь бүхэл бүтэн кино хийгээд Америкт гаргасан. Монгол гэдэг үндэстэн мөхөөгүй байна шүү гэдгийг “Монгол хүү” кино ертөнцөд үзүүлж чадсан. Тухайн үед “Чингисийн монголчууд мөхөөгүй юм байна. Саран дээр байгаа мэт амьдралтай, жижигхэн морьтой улсууд байна. Гэхдээ тэдэнд Орос, Хятадыг дагах гэсэн хоёр л сонголт байна. Гэвч монголчуудын нүдэнд эрх чөлөө гэрэлтээд байна. Энэ ард түмэн хэзээ нэг цагт эрх чөлөөтэй болох байх” гэж “Нью Йорк таймс” тэргүүтэй Америкийн олон сонинд нийтэлж байсан гэдэг. Үүнээс үзэхэд кино урлаг гэдэг тухайн орны түүх, сурталчилгаа юм.

-Тэгвэл өнөөдөр Монгол гэх үндэстнийг дэлхийд дахин таниулж харуулах ямар кино хийх хэрэгтэй гэж та боддог вэ?

-“Ингэн нулимс” гэж баримтат киног нэрлэе. Ботгоо голсон ингэнд аяз тоглож уянгалуулсаар амлуулж байгаа тухай кино. Энэ кино баруунд гараад зогсохгүй, Оскарт хүртэл нэр дэвшсэн шүү дээ. “Ингэн нулимс” киногоор л барууныхан тэмээг элсэн цөлд л явж байдаг том амьтан гэхээс өөрөөр, хөгжим сонсоод уярдаг гайхамшигтай амьтан гэдгийг таньж мэдэх болсон. Гэтэл энэ бүтээлийг нөгөө Холливудын кинонуудаас хэд дахин хямд зардлаар, 20 гаруйхан мянган ам.доллараар нэг охин л хийсэн байдаг.

Тухайн үед Унгарын элчин сайдын яам манай байгууллага руу хандаж “Энэ киног Будапештын телевизороор гаргамаар байна” гэж зөвшөөрөл авч байсан. Ингээд 75 мянган ам.доллараар нэг өдөр л гаргасан. Үүнээс үзэхэд монголын киног дэлхийд гаргахад тийм их мөнгө, төгрөг шаардлагагүй. Гол нь монгол ахуй, нүүдэлчдийн соёл, иргэншлийг харуулах нь олон улс, дэлхийд сонин байна.

-Ийм түүхэн, монгол ахуйг харуулсан дэлхийд гаргахаар кино хийхэд “Монгол кино” нэгтгэлээс хэрхэн дэмжиж, оролцдог юм бэ?

-Манайхаас монгол уламжлал, соёлоо харуулсан хэд хэдэн кино хийсэн. Тухайлбал, сүүлд “Чонын дурлал” гээд Монголын байгаль, ан ав, ахуйг харуулсан кино бүтээл. Энэ кинонд айлын жингэрт дурласан чоно, тэр хоёрын амьдралын тухай гардаг. Тэр киногоо англи хэл дээр орчуулаад гадагшаа гаргаж байна.

-Монголд нээлтээ хийгээгүй юм уу?

-Монголд гаргахаар хүн үздэггүй юм. Жийптэй залуус, нэгнийгээ буудаж, хөнөөсөн арилжааны кинонууд л үзэгчтэй байдаг. Бид арилжааны кино хийх шаардлагагүй. Нэг бол түүхэн сэдэвтэй том, эсвэл ёс заншил, уламжлал түүх, нүүдэлчдийн амьдралыг харуулсан кино л хийх нь чухал.

-Одоо “Монгол кино” нэгтгэл ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Манай залуус нэг зохиол гаргаж байна. 70 настай киноны механикч өвгөний тухай гардаг. Аппарат техникээ үүрээд тэмээтэйгээ айлуудаар явж кино гаргаад явдаг тухай өгүүлнэ. Зохиолын хувьд яалт ч үгүй монгол ахуйг харуулдаг. 70 настай өвгөн 70, 80 кг жинтэй аппарат техникээ үүрч, айл айлаар явж кино гаргадаг. Айлынхан нь ч гэсэн үнээгээ эртхэн сааж, сайхан хувцас, дээлээ өмсөөд кинондоо бэлддэг тухай өгүүлнэ.

Мөн сүүлийн үед хийж байгаа томоохон хэмжээний түүхэн кино гэвэл “Талын зам” гэж бүтээл бий. Энэ бол маш том төсөл. Монгол орныг төмөр зам аварсан тухай гардаг. 80 жил болоход монголчууд өөрсдөө 100 км төмөр зам тавьж чадаагүй гэдэг. Гэтэл хойноос урд зүг хүртэлх хилийн 1200 км төмөр замыг эх орны дайнд нэрвэгдсэн 80 мянган орос цэргүүд тавьсан. Төмөр замын хажуугийн холбооны шугамыг мөн л орос хоригдол эмэгтэйчүүд хийсэн байдаг. Гэвч эцэстээ өнөө хоригдлуудын тал нь Монголд үхээд, үлдсэн нь оргож бусгадаг. Ихэнх нь үхэж дуусдаг. Гэвч тэдний бүтээсэн энэ төмөр замыг л тавьснаар Монгол Улс хөгжсөн тухай кинонд өгүүлнэ. Одоогоор 50 хувийн явцтай. Орос, Монголын хамтарсан санхүүжилтээр хийж байна.

-Сүүлийн үед алтан үеийн кинонуудын хальс, архив устсан гэж ярих юм. Энэ ямар учиртай юм бэ?

-1938 оны их хэлмэгдүүлэлтээр 1935 оноос өмнөх бүх киног устгах шийдвэр гаргасан. Гэндэн, Дэмид, Амар нар орсон учраас 1935 оноос өмнөх бүх киног устгуулсан байдаг. Ингээд 1935-1938 оны киноны архив байхгүй. Үүнээс хойшхи киноны архив бүгд бий.

-Ер нь киноны хадгалалт, хамгаалалт хэр байдаг вэ. Бид олон улсын хадгалалтын шаардлагад хүрч чадсан уу?

-“Монгол кино” нэгтгэлийн киноны хадгалалт муу гээд байдаг. Үнэн хэрэгтээ хамгийн сайн хадгалалттай гэж бусад улсууд ч хэлж байсан удаатай. Япончууд л гэхэд манайд ирж, киноны архив, түүхийг үзээд шүтэж байсан. Тэдний хувьд эрт үеэс киноны нэгдсэн архив, түүх гэж байгаагүй юм билээ. Ихэнх нь хувь хүмүүс хадгалдаг. Тэгээд сүүлд л хувь хүмүүсээс цуглуулж нэгтгэж архив, түүх бий болгосон. Гэтэл үүний дэргэд монголчууд киноны сан хөмрөг, хадгалалтаа анхнаасаа хатуу дэг журамтай хийж ирсэн. Нэг метр хальс дутаахгүйгээр бүгдийг хадгалуулсаар ирсэн. Цогт тайжаас авахуулаад бүх кино цоо шинээр манай фондод хадгалагддаг.

-“Монгол кино” нэгтгэлийн архивт хэчнээн кино хадгалагддаг вэ?

-1930 хэдэн оноос хойш хийгдсэн 200 гаруй кино хадгалагддаг. Орчуулгын 400, баримтат 1500 нэрийн хэчнээн метр хальс бий.

-Монгол киноны хувцас, эдлэл хэрэгслийн бааз танайд бий. Цаашид түүхээ харуулсан дайн байлдаантай том хэмжээний кино хийе гэхэд хэчнээн цэргийн хувцас хэрэглэл хадгалаатай байдаг вэ?

-Өнгөрсөн жил “Долоон бурхан харвадаггүй” гэж кино хийхэд манайхаас 2000 цэргийн дээл хувцас авч байсан. Баазад байгаа хувцаснуудаас хагасыг нь л тэгж гаргасан. Түүний цаана зөндөө эдлэл, хэрэгсэл бий. Ер нь Монгол кинонд хэрэглэгддэг бүх л зүйлс манай байшин, архивт хадгалаатай л байдаг.

-Нэг хэсэг монгол киноны эдлэл хэрэгсэл, үнэтэй цайтай эдийг Солонго гэж хүн үрэн таран хийлээ гээд мэдээлэл гараад байсан. Тэр ямар учиртай юм бэ?

-Тийм хэдэн хүмүүс байдаг. Одоо ч бий. Би юу хэлэх вэ гэхээр кино үйлдвэрт олон мундаг хүмүүс ажиллаж байсан. Тэр дундаас хамгийн хогийн шаарнуудын л гаргаж буй зан. Нэгийгээ одонд тодорхойлогдоход матдаг, хэл амтай хэдэн хүмүүс одоо ч байдаг. Тэд юмаа ярьж л байг.

Миний хувьд 10 жилийн сургуулиа дүүргээд кино урлагийн салбарт суралцахаар явсан. Ирээд эндээ л ажилласан. Би өөр юм хийгээгүй. Өөр ажил хийх боломж, бололцоо байсан. Гэвч би кино урлагт хайртай учраас кино үйлдвэрт ирж хамгийн бага тушаалаас нь өнөөдрийг хүртэл явсан. Үүнийгээ бардам хэлнэ.

-Ямартай ч монгол киноны 80 жилийн ой тохиож байна. 80 жил гэдэг зөвхөн киноны түүхээс гадна бүхэл бүтэн улсын түүхийг хамт багтааж байга байх?

-Тэгэлгүй яах вэ. Би ганцхан жишээ дурдая. Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен 1980 хэдэн онд Монголд ирсэн. Москвагаар дамжаад галт тэргээр айлчилсан юм. Тухайн үед Оросын Москва хот, Монголын Улаанбаатар хот гээд хаа сайгүй бөөн хөл хөдөлгөөн болж хүлээж авсан юм. Тэр айлчлалын үеэрээ Ким Ир Сен ганцхан зүйл хүссэн. “Би 1954 онд Монголд ирж байсан. Тэгэхэд надад жаахан охин цэцэг өгсөн. Тэр охиныг, мөн надад үйлчилж байсан жолоочийг олж уулзуулах боломж бий юу” гэж төр засгийн удирдлагуудад тавьсан. Тухайн үед тагнуулын төв, хууль хяналтын байгууллага бүгдийг дайчлаад тэр хоёр хүнийг олоогүй. Тэгээд кино архиваа үзсэн чинь цэцэг өгч байгаа бяцхан охины дүрс хадгалагдан үлдсэн байдаг. Тэгээд нөгөө охиноо олсон л доо. Хайлаастын сургуульд багшилдаг хижээл насны эмэгтэй болсон байсан. Нөгөө жолооч нь нас барсан, хүүхдийг нь олж уулзсан юм. Тэгээд Ким Чин Ер тэр хоёрт өөрийнхөө гарын үсэгтэй алтан цагийг бэлэглэж байсан удаатай.

Тухайн үед Ким Чин Ерийн энэ хүсэлтийг “Монголчууд ер нь үүх түүхээ мэддэг ард түмэн үү” гэдгийг шалгасан, нэг ёсны шалгалт байсан гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед баримтат кинон дээр охины дүрс бичигдэн үлдсэн нь аз болсон. Ингээд л бодохоор кино урлаг гэдэг зүгээр ч нэг салбар биш, тухайн улсын бүхэл бүтэн түүхийг бичилцдэг юм байна гэдгийг нотлох байх.

Б.ЗОЛЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна