“Эдийн засаг хэцүү байна”

2015 оны 12 сарын 3

УИХ-аар 2016 оны улсын төсвийг баталсан. 3,4 хувийн алдагдалтай баталсан ирэх оны төсөв эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засагч Ц.Даваадоржоос тодрууллаа.


-Төсвийн алдагдал 3,4 хувьтай батлагдлаа. Үүний 3,3 хувь нь эх үүсвэртэй алдагдал гэж Сангийн сайд хэлсэн. Таны хувьд эрүүл төсөв батлагдсан гэдэгтэй санал нийлж байна уу?

-Төсвийн алдагдал таван хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Тэр талаас нь харвал хуулийн хүрээнд баталсан гэж болно. Гэтэл бодит байдал дээр зардал танах боломж байсан. Үүнийг ашиглаж чадсангүй. Одоо харахаар хувь хүмүүсийн орлогод шууд нөлөөлж болох хэсэгт таналт хийгээд байх шиг байна. Тухайлбал, цалин, ажилчдын тоог бууруулах гэсэн байдлаар. Энэ бол зөв арга биш юм. Эдийн засаг, улс орны хөгжил иргэндээ чиглэсэн байх ёстой. Гэтэл эдийн засгийн өсөлтийг хуурай тоо болгохын тулд хийгээд байгаа нь нөхцөл байдлыг сайжруулахгүй. Энэ талаас харахад ирэх онд төсвийн тодотгол хийх болов уу гэж би харж байна.

-Тэгвэл төсөв боловсруулахдаа ямар аргаар таналт хийвэл хамгийн тохиромжтой вэ?

-Төсөв танах гэхээсээ илүү төсвийг зохиох аргачлалыг зөв гаргах хэрэгтэй. Анх орж ирж байгаа төсвийн төсөл ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Гэтэл нэг тоо тавьчихаад, түүнийгээ бага болгож танах зарчмаар УИХ төсвөө батлаад байна. Сангийн яамнаас эхлээд үйл ажиллагааны төлөвлөгөө буюу төсвийн хүрээний мэдэгдэл баталдаг. Дараа нь тэрхүү төлөвлөгөөнд тохирсон санхүүжилтийг хэлэлцэхдээ хоёр асуудлаа уялдуулах хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл гаргахдаа нэлээд хөөрлөөр хандаад, гишүүд тойрогтоо өгсөн амлалтаа бодож тусгадаг байх л даа. Уг чанартаа бол 2016 онд иргэн хүнд аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн хувьд ямар хөгжил дэвшил, ахиц гаргах вэ гэдгийг бодох ёстой. Тэгээд энэ хэрэгцээг хангахын тулд төлөвлөгөө гаргаж, баталдаг байх учиртай. Харин одоогоор хөрөнгө яаж босгох вэ гэдэг талаас нь харж төлөвлөөд байх шиг байна. Сангийн яам бол анх төсөвлөхдөө бүх нэгжүүдийг тэнцэвртэй хөгжүүлэх боломжоор хангах үүднээс төсөвлөдөг. Гэтэл УИХ-ын гишүүд хөөрлөөр шийдчих гээд байна. Үүнээс болж тэнцвэр алдагдах байдал руу орчихоод байгаа юм.

-Төсвийн хүрээний алдагдал эдийн засагт ямар эрсдэл авчрах вэ?

-Төсвийг алдагдалтай батлах нь эдийн засагт ачаалал нэмж байна гэсэн үг л дээ.

-Ирэх оны эдийн засгийн өсөлтийг Засгийн газар 4,3 буюу хамгийн өөдрөгөөр төсөөлж байна. Энэ төсөөлөлд найдаад төсвөө 3,4 хувийн алдагдалтай баталчихлаа гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлсэн. Тэр өнцгөөс нь харвал та юу гэж дүгнэх вэ?

-Тоогоор яаж ч тоглож болно. Эдийн засгийн өсөлтийг ,ямар ч аргаар төсөөлж болно. Гэтэл Засгийн газраас төсөөлж байгаа 4,3 хувьд яагаад ч хүрэхгүй. Азийн хөгжлийн банк 0,8 хувь өснө гэж төсөөлсөн. Ийм нөхцөлд бодит тоо хэлэхэд хэцүү. Учир нь авч байгаа тоон мэдээлэл харилцан адилгүй байна. Сангийн яамны авч байгаа мэдээлэл, судлаачдын авч байгаа мэдээлэл, УИХ-ын гишүүний авч байгаа мэдээлэл бас нэг өөр байх жишээтэй. Ингээд нэгдсэн мэдээллийн систем өөр, өөр байгаа учраас эдийн засгийн өсөлтийг зөрүүтэй гаргаад байна. Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4,3 хувь гэж таасан. Гэхдээ энэ төсөөлөлд хүрэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. С.Дэмбэрэл гишүүний харсан өнцөг бол үнэнд дөхөж очно. 3,4 хувийн алдагдалтай баталчихаад, түүнийг эдийн засгийн өсөлтөд шингээх гээд байгаа нь бодит эдийн засгийн сектор дээр өөр дүр зургаар бууна.

-Бодит эдийн засгийн сектор дээр ямар дүр зургаар бууна гэж?

-Эдийн засагчид, судлаачид ирэх онд хүндрэлтэй байна гэдэг дээр санал нэгдчихээд байна. Яагаад гэхээр нэгдүгээрт гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх үү. Хоёрдугаарт хэрэв хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол хаанаас яаж нөхөх вэ. Гуравдугаарт хөрөнгө оруулалтаа хийж чадахгүй, төсвөө багасгах юм бол бүтээмжээ яаж нэмэгдүүлэх вэ гэдэг гурван асуудал гарч ирж байна. Бүтээмж өндөр байж чадахгүй бол цалин нэмж өгч чадахгүй. Цалин бага байвал дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй болно. Энэ байдлаас харвал эдийн засгийн цикл задарч чадахгүй болчихоод байна. Үүнээс үүдээд долларын ханш өснө. Долларын ханш өндөр байвал гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр үнийн дарамт, инфляц гарч ирнэ. Инфляцийг бага байлгах үүднээс Төвбанк нийлүүлж байгаа мөнгөний хэмжээг багасгаж хатуу бодлого барьж эхлэх байх. Хатуу бодлого бариад эхлэхээр аж үйлдвэрүүдийн авдаг зээлийн хүү өснө. Энэ мэт уялдаа холбоотой сөрөг нөлөөлөл маш ихээр гарч ирнэ. Энэ утгаараа эдийн засгийн байдал хэцүүхэн болж байна. Дээрээс нь манай гадаад зах зээл тэр тусмаа БНХАУ-ын эдийн засаг сэргэхгүй байна. Үүнээс үүдээд орлого багасна гэж харж байна. Гэтэл эдийн засгийг 4,3 хувиар өснө гэж их өндөр төсөөлөл хийжээ.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах, сэргээх ямар боломж байна вэ?

-Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг шинээр боловсруулсан. Одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Энэ бодлогын баримт бичгийг тал талаас нь харж, асуудлаа сайтар онилж, цогц болгосны дараа ягштал мөрдөж чадвал эдийн засгийн хямралаас гарах гарц байна. Ойрын таван жилдээ ч гарч болох юм. Гагцхүү замаасаа хазайх юм бол цаашид их л урт хугацаа орох байх.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна