Ерөнхийлөгч цэцийн шийдвэрт хориг тавиагүй

2015 оны 12 сарын 3

Монгол Улсад шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш хууль тогтоогч болон Үндсэн Хуулийн Цэцийн хооронд нэлээдгүй маргаан өрнөлөө. Тэдгээрийн нэг нь цаашид аймаг, дүүрэг тус бүрт давж заалдах болон анхан шатны шүүх байх уу эсхүл 2-3 аймаг, дүүргийг нэгтгэсэн нэг дагнасан шүүхтэй байх уу гэх маргаан юм. Шүүхийн шинэтгэл, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн тогтолцоо зэрэг нь Монгол Улсын асуудал байтал бусдаас дутуу дулимаг сонссон зүйлээ мэдлэг гэж эндүүрдэг, хальт туршлагаа боловсрол гэж ойлгодог хүмүүс Ерөнхийлөгчийг Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй, эсэргүүцээд байгаа мэтээр ярьж, сурталдах болов.

Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Ерөнхийлөгч Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих эрхтэй” гэж заасан. Энэхүү “бусад шийдвэр” гэдэгт Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг хүлээн авсан Улсын Их Хурлын шийдвэр орох уу үгүй юу гэх асуудлаар маргах шаардлага байхгүй. Энэ нь Хуульчдын шүдний өвчин биш юм. Гэхдээ үүнийг шүдний өвчин болгоод ийнхүү тайлбарлаад байгаа хүмүүс бас байна.

“Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авсан Их Хурлын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих нь Үндсэн хуулийн зөрчил мөн” гэсэн хуулийн зүйл, заалт байдаг бил үү?

Үндсэн хуулийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ” гэсэн заалтыг Хуульч тогтоогч “Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх), аймаг, нийслэлийн шүүх (давж заалдах шатны шүүх), сум буюу сум дундын, дүүргийн шүүх (анхан шатны шүүх)-ээс бүрдэнэ” гэж ойлгон материаллаг хуулиар тайлбарлан зохицуулж байхад Үндсэн хуулийн цэц нь “Аймаг, дүүрэг тус бүрт нэг шүүх байх”-аар тайлбарласан нь маргааны гол асуудал юм.

Шийдвэр гаргах эрх гэдэг бол явцуу ашиг сонирхолд хөтлөгдөн асуудлыг хөнгөн хуумгай шийдэх гэхээс илүү бодит нөхцөл байдал, шийдвэр биелэгдэх боломж, түүнийг хэрхэн яаж биелүүлэх арга хэлбэр зэргийг харгалзан, эрх ашгийн эрэмбэд тулгуурлан бие даан асуудал шийдэхийг хэлнэ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу “Аймаг бүрт давж заалдах болон анхан шатны шүүх” байгуулахад 11.3 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Тэгэхээр “Ер нь ямар хууль хэрэгтэй, ямар хууль батлах юм гэдгийг хууль тогтоогч, улс төрчдийн хүсэл зорилго мэдэхээ больчихсон цаг үед бид амьдарч байна. Үүнийг эдийн засаг, санхүүгийн боломж мэддэг болсон” гэхэд хэтрүүлэг болохгүй.

Энэхүү маргаан эцэстээ маргалдагч талуудыг хаана хүргэх вэ? нэг асуудлыг хоёр өөрөөр харж маргалдаад, энэ нь Монгол Улсын асуудал болоод байгаа бол хэн хэндээ ойлгомжтой байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай. Эсхүл Улсын эдийн засаг дааж чадах бол “Аймаг дүүрэг тус бүрт анхан болон давж заалдах шатны шүүх” байгуулж болно.

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй бол Ерөнхийлөгч мөн Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих эрхтэй. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Улсын Их Хурлын шийдвэрийг Үндсэн хуулийг зөрчсөн гэхгүй атлаа Ерөнхийлөгчийн хоригийг Үндсэн хууль зөрчлөө гэх нь зохисгүй бөгөөд аль аль нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.

Ерөнхийлөгч хүн Үндсэн хуулийг дээдлэн сахих, сахиулах үүрэгтэй, бүр Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх ч үүрэгтэй. Тиймээс Ерөнхийлөгч “аймаг бүрт давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт анхан шатны шүүхийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор байгуулах нь санхүүжилт байхгүйн улмаас эдийн засгийн хувьд боломжгүй, богино хугацаанд хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж хомс байгаа нь шүүхийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг явуулахад бодит эрсдэл учруулахаар байна” хэмээн шийдвэрийнхээ үндэслэлийг товч тодорхой тайлбарлажээ.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-т “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийг хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хөдөө орон нутгаас гомдол гаргасан этгээд хүсвэл өөрөө Улаанбаатар хотод ирж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцдог. Гэтэл хоёроос гурван аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан эрүү, иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэдэг дагнасан шүүх байгуулах нь яагаад Үндсэн хуулийн зөрчил болох билээ.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц дээрх асуудалд хариулт өгч шийдвэртээ заасангүй, Цэцийн дээр хөх тэнгэр байдаг юм бол шийдвэрийг нь хэн ч уншсан итгэл үнэмшил төрөхүйц ойлгомжтой энгийн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой гэж би бодном.

Хуульч Ж.ДАВААСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна