Шар хантаазтанууд Бээжин, Шанхай хотоор аялна

2015 оны 12 сарын 3

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдаанд шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 28 хүн  Бээжин, Шанхай хотоор аялах батламжаа гардан авлаа. Энэ жилийн аяллын үеэр эдгээр ажилчин Бээжин, Шанхай хотын тохижилт, бүтээн байгуулалт, хог тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээтэй танилцаж, туршлага судлах юм.

Нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 755 үйлчлэгч, хог цуглуулалт тээвэрлэлтэд 321 жолооч, 475 ачигч ажилладаг. Эдгээр ажилтнаас өнгөрсөн хоёр жилд 40 хүнийг гадаадад аялуулан туршлага судлуулсан юм. Энэхүү аялал нь тохижилт үйлчилгээний ажилтнуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж цаашид улам сайн ажиллах урам зориг өгдөг онцлогтой. 

Батламж гардуулах үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны удирдлагууд “Та бүхэн мэргэжил нэгт хүмүүстэйгээ уулзаж туршлага солилцон, олон шинэ зүйлийг сурч шинэлэг арга барилыг ажилдаа нэвтрүүлэх боломжийг нийслэлийн зүгээс олгож байгаа юм. Улам сайн ажиллах урам зориг өвөртлөн ирнэ гэдэгт  итгэлтэй байна” гэдгийг онцлон хэллээ.

Батламж гардан авсан ажилтнууд “Өвлийн хүйтэнд даарч, зуны халуунд наршин байж нийслэл хотоо өнгө үзэмжтэй болгохын төлөө хичээж ажилласан бидний зүтгэлийг үнэлж гадаадад аялуулж байгаад баяртай байна. Цаашид ч хичээж ажиллах болно” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна