Увсын хүүхдүүд хоолноос хорджээ

2015 оны 12 сарын 3

Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь дотуур байрны хүүхдүүд гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн тул аймгийн онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авхуулахгүй яаралтай таслан зогсоох үүднээс тус сургуулийг өнөөдрөөс эхлэн ажлын гурав, амралтын хоёр, нийтдээ таван өдөр амраахаар болсон байна. Цогцолбор сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, бага сургуулийг мөн амраах аж. Үүнээс гадна энэ сарын 20 хүртэл хүүхдүүдийг хамруулсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн нийт сургуулийн захирлуудад даалгажээ.

Одоогоор дотуур байрны 43 хүүхэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай эм тарианы зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргахаар болсон байна. Тус дотуур байрны 130 гаруй хүүхдэд бүгдэд нь шинжилгээ хийсэн бөгөөд зарим хүүхдийн шинжилгээний хариу эцэслэн гараагүй, дахиад 20 гаруй хүүхэд нян тээсэн байж болзошгүй байгаа аж. Аймгийн МХГ-аас тус дотуур байрны гал тогооноос дээж авч төв лаборатори руугаа явуулсан бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 5-нд гарах юм байна.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургуулийн дотуур байранд хүнс нийлүүлдэг байгууллага муудсан мах нийлүүлснээс халдварт өвчин гарсан гэдгийг хэлж байгаа юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна