Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

2015 оны 12 сарын 3

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Нямдорж:

-Тухайн үед Ардын их хурлын дарга гишүүд энд сууж байна. Та нар Үндсэн хуулийг хэрхэн баталж байснаа, тэр дундаа шүүх эрх мэдлийн бүлгийг хэлэлцэж баталж байсныг санаарай. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр яригдаж байгаа асуудлаас үзэхэд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм шиг байна лээ. УИХ нь Ерөнхийлөгчтэйгөө нэгдэж байгаад Үндсэн хууль зөрчдөг байдалд би харамсч байна. Өнөөдрийн бүх хүндрэл бэрхшээл чинь хуулийг хүндэлдэггүйд байгаа юм шүү.  АН, МАН түүхийн шалгуураар гарч ирсэн намууд. АН-ын гишүүд Үндсэн хуулийг хэдий болтол буруутгах юм бэ? Үндсэн хуулийн эсрэг улаан цайм хуйвалдаан зохиогоод байж болохгүй.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Хэлбэрийн хувьд УИХ-ын шийдвэр дээр хориг тавьж байгаа мэт боловч агуулгын хувьд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хориг тавьж байгаа мэт болчихлоо. Үүний цаана зөвхөн шүүхийн асуудал биш том зарчмын асуудал яригдаж байгаа юм шүү. Тиймээс энэ асуудлыг бодох хэрэгтэй,зөв бурууг шүүхээ больё. Хоёр талаас нь харж шийдвэр гаргах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Л.Цог:

-Ерөнхийлөгчийн хоригийг ерөнхий утгаараа Ц.Нямдоржийн хэлж байгааг дэмжиж байна. Гэхдээ хоёр нам түүхийн шалгарлаар бий болсон гэж ярилаа. Бид аль ч нэг намыг биш ард түмнээ төлөөлж гишүүний хувьд сууж байгаа. Намаар талцаж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Асуудлын голыг харах ёстой. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх нь УИХ бүрэн эрхийн асуудал учраас УИХ бүрэн эрхээ л хэрэгжүүлэх гэж байна. Заримдаа бид дээгүүр хий хоосон самардах хэрэггүй байдаг юм шүү.

Ийнхүү Ерөнхийлөгчийн хоригийн тухай асуудал 49 хувийн дэмжлэг авч, УИХ хоригийг хүлээж авлаа. Энэ үеэр гишүүд 49 хувийн дэмжлэг авсан байхад яагаад хоригийг хүлээж авч байна вэ гэдэг асуултыг зарим гишүүн УИХ-ын чуулганыг даргалж байгаа Р.Гончигдоржоос асуусан. Тэрбээр “Хууль зүйн байнгын хороогоор дэмжээд явуулсан учир чуулганы хурлаар 33,3 хувийн дэмжлэг авсан байхад л хангалттай байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээж авна гэж заасан байдаг байна. Үүний дараа хоригийг тогтоолыг батлах санал хураалт явуулж 52,9 хувийн саналаар УИХ-ын тогтоол батлагдлаа.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна