Автобусныхан “алуурчин” болжээ

2015 оны 12 сарын 3

Халтиргаатай замд хурдтай явах нь өөрийн болон өрөөлийн амь насыг хохироох эрсдэлтэй. Үүнийг цэцэрлэгийн жаахан жаалууд ч мэднэ. Харамсалтай нь, автобусны жолооч нар мэддэггүй юм уу, мэддэг ч мөрддөггүй юм уу?, сүүлийн өдрүүдэд дараалан гарсан автобусны ослоос харахад тэд амьдын эрлэг болжээ гэж хэлмээр санагдана.  Өнгөрсөн хэдэн өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус автомашинтай мөргөлдсөн, автобусны жолооч явган зорчигчийг дайрч амь насыг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг дараалан гарлаа. Тодруулбал, хоёр хоногийн өмнө “Тэнүүн огоо” компанийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Г нь явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироосон бол өчигдөрхөн Яармагийн гүүрэн дээр “Эрдэм транс” компанийн автобустай портер машин мөргөлдөж, хэд хэдэн хүн бэртэж гэмтэв. Үүнээс өмнө Сонгинохайрхан дүүргийн нутагт “Сутай буянт” компанийн “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ. Хэрвээ жолооч жолоондоо эзний ёсоор хандсан бол эрдэнэт хүний амь эрсдэхгүй байв.

Албан мэдээгээр өнгөрсөн арваннэгдүгээр сард ийм байдлаар таван хүний амь эрсэджээ. Гэвч хэрэг явдлаас сургамж авсан жолооч өнөөдөр алга. Хээр талд авто машины уралдаанд оролцож байгаа мэт автомашинуудтай зам булаалдан хараалаа урсган давхисаар. Мал, мах ачиж яваа тээврийн жолооч ч ингэж жолоо барихгүй болов уу. Улаанбаатар хотын зам төв хэсгээрээ халтиргаа гулгаагүй болохоос захын гэр хороолол руу бол шил толь л байгаа. Гэтэл нэг л их эрдсэн бярдсан улсууд. “Хурдаа сааруулж болгоомжтой яваач ээ” гэж шаардлага тавьсныхаа төлөө зорчигч “Битгий хуц, хүний ажил руу битгий хошуу дүрээд бай” гэдэг хариуг жолоочоос сонсч байна. Хүн тээвэрлэж яваа, хүний амь нас юу, юунаас үнэтэй гэдгийг ухамсарладаг жолооч ховордож...

Хүний амь юунаас ч илүү үнэтэй. Юугаар ч нөхөж орлуулж болшгүй үнэ цэнэтэй капитал гэдгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд ойлгох цаг нь нэгэнтээ болжээ.

Юу юуны туханд хүрэлгүй “П чинь, зайлаа. Таксиндаа суухгүй юу, тэгвэл” гэж аашлах. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 20 гаруй аж ахуйн нэгжийн 1000 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж. Эдгээр компаниуд үйлчилгээнд гарч байгаа жолоочид өдөр бүр аюулгүй ажиллах зааврыг өгч чаддаг уу гэдэг эргэлзээтэй байна. Зарим жолооч “Аюулгүй ажиллагааны заавар өгдөг” гэж хариулж байхад зарим нь толгой сэгсрэх. Дээр нь жолооч нарыг сургалтад хамруулж, дахин шалгалт аван шигшихгүй бол дахиад дээрх ослууд давтагдахгүй гэх баталгаа алга. Микроавтобусны жолооч нарыг том оврын автобусны жолооч болгосноор осол аваар олонтаа гарахад нөлөөлж байгааг тайлбарлах хүн ч байна.

Хүний амь юунаас ч илүү үнэтэй. Юугаар ч нөхөж орлуулж болшгүй үнэ цэнэтэй капитал гэдгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуд ойлгох цаг нь нэгэнтээ болжээ.  

Нийтийн тээврийн салбарыг шинэчилнэ гэж сүүлийн хэдэн жил нэлээд хөрөнгө мөнгө зарсан. Гэвч хүнийхээ сэтгэхүйг шинэчилж чадсангүй. Бас сургаж чадсангүй. Дампуурсан салбарын нэг нь нийтийн тээврийн салбар гээд хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз. “Цалин нэм, нэмэхгүй бол ажил хаяна. Алдагдалтай ажиллаж байна, төрөөс санхүүжилт олго” гэж шаардаж ирснээс биш жолооч нарыг бэлтгэх тогтолцоог илүү чанартай болгох шаардлага тавьсан бил үү, нэг удаа ч болов. Нийтийн тээврийн салбарыг зөвхөн зоос олох хэрэгсэл болгон хувиргасан байна. Нийслэлийн Тээврийн газрынхан ч гэж юу хийдэг нь мэдэгддэггүй албан тасалгаандаа шигдэж суусан хэдэн нөхөд. Цахим карт нэвтрүүлэх нэрээр нэгэнтээ тогтчихсон байсан нийтийн тээврийн маршрутыг өөрчилж, олныг бужигнуулснаас өөрөөр яг юу хийсэн юм бэ?. Бантагнуулж хаясан маршрутынх нь харгайгаар гэр хорооллын хүүхдүүд хотын төвд сурдаг сургуулиасаа гэртээ харихын тулд автобусаа хүлээж, даарч бээрэхийн зовлонг одоо ч эдэлж л зогсоо. Халуу дүүгсэн өрөөнд сууж байгаа дарга нар энийг ч яаж мэдэх вэ дээ. Уг нь бол энэ газрынхан өнөөдөр дулаан байшинд шигдэж суух биш Улаанбаатар хотын бүхий л дүүрэгт газар дээр нь очиж ажиллаж аль чиглэлийн автобусыг нэмэх вэ, аль чиглэлийн маршрутыг өөрчлөх вэ гэдгийг судлаад явж байх ёстой. Нөгөөтэйгүүр, энэ олон осол аваар болж байхад нүдэн балай чихэн дүлий сууж, зөвхөн автобус компанийнхан ялаа үүрээд гараг гэсэн байдлаар хандаж хэрхэвч таарахгүй. Хариуцлага хүлээх л ёстой.

Дахин сануулахад, нийтийн тээврийн салбарт хүнээ шинэчлэх, сургах, аюулгүйн ажиллагааг мөрдөж ажиллах шинэ менежмэнт хэрэгтэй болжээ.

Хэчнээн иргэний амиар тоглох гэсэн юм бэ, нийтийн тээврийнхээн.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна