Иргэдийн саналаар бүтээн байгуулалтыг хийнэ

2015 оны 12 сарын 3

Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд аливаа шийдвэр гаргахдаа иргэдээсээ асууж, тэдний санал, бодлыг шийдвэртээ тусгахыг хичээн ажиллаж, олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр бодлогын болон бүтээн байгуулалтын олон шинэчлэлийг эхлүүлж, хэрэгжүүлж байна. Иймээс цаашид  хотын захиргааны зүгээс өөрсдийн саналыг иргэдээрээ дэмжүүлэх биш, харин иргэдээсээ гарсан санал, санаачилгыг бодлого, шийдвэртээ тусган ажиллах нь илүү үр дүнд хүргэнэ хэмээн үзэж нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

Зөвлөлдөх санал асуулгыг АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг орнуудад 40 гаруй удаа амжилттай явуулсан бөгөөд Станфордын их сургуулийн олон нийтийн санаа бодлыг шинэлэг, илүү үр дүнтэй аргаар судалж, үр дүнг нь танилцуулах санал асуулгын шинэ аргачлал юм.  Улаанбаатар хотод болох “Зөвлөлдөх санал асуулга”-аар УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 оны чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу нийслэлээс хэрэгжүүлж буй урт хугацааны томоохон 14 төсөл, хөтөлбөрийг иргэдэд  танилцуулж, санал авна.Санамсаргүй байдлаар сонгогдсон 1500 иргэн судалгаанд хамрагдаж, тэднээс түүвэрлэн сонгогдсон  400 хүн  энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Төрийн ордон”-д болох “Зөвлөлдөх санал асуулга” хэлэлцүүлэгт оролцож, тодорхой асуудлаар иргэдийн дуу хоолойг нийслэлийн удирдлагуудад хүргэх  юм.

Тус үйл ажиллагаанд оролцогчдод хэлэлцүүлэх сэдвийг тодорхойлж, тэдгээрийн танилцуулга үнэн зөв, тэгш тэнцвэртэй байх нөхцөлийг хангах, хэлэлцүүлгийн үр дүнг дүгнэх ерөнхий чиг үүргийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх Санал Асуулгын Зөвлөх хороог байгуулсан бөгөөд тус хорооны гишүүд санал асуулгад ажиглагчаар оролцож, хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

Зөвлөлдөх санал асуулгаар дараах төслүүдийг иргэдэд танилцуулж, санал авна.

  • Улаанбаатар метро

  • Туул усан сан цогцолбор

  • Туулын хурдны зам

  • Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк

  • Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк

  • Эко парк байгуулах

  • Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах

  • Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт

  • Угсармал орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах

  • “Бага тойруу”-ийн хуучин барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах

  • Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах

  • Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах

  • Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна