МАН-ын бүлэг завсарлага авлаа

2015 оны 12 сарын 3

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа газраа банкинд барьцаалсан иргэн зээлээ цаг хугацаандаа төлж чадахгүй бол банк үл маргах журмаар газрыг нь дуудлага худалдаанд оруулна хэмээн зааж өгсөн юм. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг анхнаасаа эсэргүүцэж ирсэн билээ.

Иргэн н.Энхбаяр, н.Янжинхорлоо нар УИХ-аас баталсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасныг хүлээн авсан аж. Тэр дагуу энэ асуудал буцаж, УИХ-д хэлэлцэгдсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Гэрээлэгч талууд шүүхээр явалгүйгээр асуудлаа шийдэх нь зөв зарчим. Энэ хуулийн гол зорилго нь Монгол Улсын айл өрхийг орон сууцтай болгоход чиглэж байгаа. Олон улсын жишгээр Эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан. Гэтэл Үндсэн хуулийн шийдвэр нь хэтэрхий туйлширсан байна. 21 зуунд нэг хүнд ногдох газраараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны хувьд иргэдээ орон сууцтай болгох боломжийг нь яагаад ойлгодоггүй юм бол. Нэг талд нь мөнгөө зээлүүлсэн субьект байгаа. Нөгөө талд ашиглалтад орсон орон сууцаа барьцаалсан иргэн бий. Хэрэв энэ хуулийг УИХ хүчингүй болбол зээлийн хүү өндөр болно. Арилжааны зээлээр явна.

Үндсэн хуулийн цэцэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Газраа барьцаалж зээл авах нь одоогийн хуулиараа. Харин газрыг шүүхийн шийдвэргүйгээр зарж болохгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хурал даргалагч дэгээ бариач ээ. Дэгээ барихгүйгээс болоод бидний үг ч үг биш болоод байна. Цэцийн дүгнэлтэд хоёр талаас нь асуудалд хандах хэрэгтэй. Үл маргах журмаар газрыг нь, байрыг нь шууд хурааж аваад албадан дуудлага худалдаанд оруулаад гадаадынхан авч байгаа бол нэг өөр.

Гэр хорооллын иргэд газраа барьцаанд тавьж санхүүгийн асуудлаа шийддэг. Одоо удахгүй цагаан сар болно, өр зээлийн асуудал явна. Өрнөөс өрний хооронд байгаа. Энийг хаачих юм бол хашаа байшингаа барьцаалж зээл авч чадахгүй болно. Энэ асуудал хаагдчих вий гэдгийг бодох ёстой. Улайм цайм хүний эд хөрөнгийг шууд худалдаж болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Иргэдийн амьжиргааны төвшин маш дорой байгаа. Яахаас ч буцахгүй шийдвэр гаргаж магадгүй. Цэц энэ хуулийн маргаан үүсгэх дээр нь шийдвэрээ гарагсан нь зөв болов уу. Ордны зүүн талд болсон худалдааг ч анхаарах ёстой. Паспорт нь Монгол гэж байгаа ч төрсөн нутгаа гэсэн сэтгэлийг орлохгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: УИХ төрийг яаж самарч, ямар муухай аргаар ажиллаж байгааг энэ хууль харуулж байгаа. Газар хүний өмч, газрын эргэлтэд орох ёстой. Өнөөдрийн эдийн засгийн хямралын үед алга дарам газраа барьцаа хөрөнгө болгоод зээл авч байгаа иргэн олон бий. Иргэдийн 70-80 хувь нь барьцаатай. Төрийн албан хаагчид зээлээс зээлийн хороонд амьдарч байгаа.  Зээлээ төлж чадахгүй бол таны газрыг шууд хурааж авна гэдэг шийдвэрийг Монголын төр гаргасан. Газрын маргаанаа шүүхээр явуулаад иргэн нь эзэмших эсэхээ шийддэг болох Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах ёстой. Үндсэн хуулийн олон заалт зөрчигдсөнийг Д.Сугар гишүүн сая уншлаа.

Нотариатын шийдвэрийг эцсийн шийдвэр болгон уншиж хүчээр хураана гэж байгааг дэмжих боломжгүй.  Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж байхад МАН-ын бүлэг “Хүч түрж битгий батлаач ээ” гэж олон удаа гуйсан. Баталсан хамгийн муухай хуулиудын чинь нэг энэ. Үндсэн хуулийн цэцэд талархаж байна. Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж байхад дэг зөрчихөө боль, хурал даргалагч аа.  

УИХ-ын гишүүн Д.Арвин: Ийм хууль гаргасанд УИХ талархал илэрхийлнэ. Хашаан дотроо өөрсдөө байраа барьж амьдрах олон өрх бий. Эдгээр хүмүүст зориулсан хууль. Иргэдийн хүсэн хүлээсэн хуулийн нэг. Тийм ч учраас УИХ олонхиороо дэмжээд явуулсан. Ямар ч банк хашааны газарт зээл өгдөггүй байсан. Уг хуулийг баталснаар өгдөг болсон гэсэн байр суурийг тус бүр илэрхийлсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна