Тэрбумын үнэтэй даашинзыг Хонконгийн тэрбумтан Goodwin Gaw захиалжээ

2015 оны 12 сарын 3

Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог топ таван дизайнерын нэг Д.Отгонжаргал өнгөрсөн тавдугаар сард Азийн шилдэг дизайнеруудын оролцдог “Asian Fashion Festival”-д оролцон Гранпри шагналын эзэн болсон билээ. 

Дизайнер Д.Отгонжаргал 2013 оны арванхоёрдугаар сард “Нью Йоркийн загварын долоо хоног”-т өөрийн коллекцио дэлгэж байснаас гадна 2014 онд өөрийн бие Даасан “O Couture” загварын товчоогоо үүсгэн байгуулж тэр жилдээ дэлгэсэн гоёлын даашинзны коллекциороо Азид тэргүүлсэн аж. Тэрбээр дээдсийн хүрээнийхний хувцсыг урладаг хэдий ч өөрийгөө магтах тун дургүй нэгэн гэнэ билээ.

Өнгөрсөн жил өөрийн бие даасан “O Couture-2015 fashion show”-гаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил дахин “O Couture-2016 high fashion show”-аа өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Ингэхдээ олны дунд шагшигдаад буй нэг тэрбумын үнэтэй даашинзыг үзэгчдийн хүртээл болгох юм байна.

Тэрбээр Хонконгийн тэрбумтны өв залгамжлагч найз бүсгүйнхээ захиалгаар энэхүү даашинзыг урласан аж. Түүнд ийм өндөр өртөгтэй даашинз захиалсан хүн нь Хонконгийн Gaw Capital Partners группын өв залгамжлагч Goodwin Gaw гэнэ. Тэрбээр өнөөдөр болох "O Couture high fashion" шоун дээр найз бүсгүйн хамт хүрэлцэн ирж тэрхүү гайхамшигтай урлагийн бүтээл болох даашинзаа найз бүсгүйдээ бэлэглэж, гэнэтийн бэлэг барих гэнэ. Тэд Монгол дахь Shangri-La Hotel-ийн ерөнхийлөгчийн өрөөнд хоёр хоног түр саатах юм байна. 

Дизайнер бүсгүй Монголын анхны нэг тэрбумын үнэтэй даашинзыг өмсөж амилуулах загвар өмсөгчийг нэлээд хугацааны турш өндөр шалгуураар сонгосон гэсэн шүү. Тэрхүү шалгуурыг мөнхийн залуу тодотголтой, топ модель Э.Одгэрэл давж тайзнаа амилуулахаар болжээ. 

“O Couture-2016 High fashion show”-ны ерөнхий зохион байгуулагчаар O Couture Fashion Salon, Глобал Маркетинг Медиа Групп , Монголын Загвар Урлагийн Холбоо болон Монгол HD TV, Porsche мөн арга хэмжээг тансаг болор гэрлийн бүрхүүлээр чимэх SooLight, Данийн үнэт эдлэлийн Dyrberg/kern брэнд, Quintessentially Mongolia болон The diamond house үзэсгэлэн гарган хамтран ажиллаж байгаа аж.

Энэ үдэш сонгодог дуурийн дуучин Ө.Уянга, этник хөгжмийн Behi хамтлаг, дуучин Наагий, Агиймаа, Болор-Уянга болон VR хамтлаг зэрэг уран бүтээлчид арга хэмжээнд ирсэн зочдод хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах бөгөөд улаан дарс, амтат зууш болон сонирхолтой хөтөлбөр бүхий хүлээн авалтанд оролцож мартагдашгүй тансаг нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх боломжтой юм байна. Шоу “Zaisan Square”-ын 1 давхарт “Diamond House, Continental Hotel 2 давхарт, Зайсан Оргил шилтгээн, Loriblu Shop, Corporate Convention Centre, O Couture–2016 High fashion show дээр /2015.12.03-нд 11:00-20:00 цагт/ болох аж.

Үдшийн party нь MINT club-т болох юм байна, залуус аа.

Дашрамд дурьдахад, дизайнер Д.Отгонжаргалын урласан даашинзаар гоёсон мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн Австрийн Вена хотод болж байгаа “Miss Earth” тэмцээнд 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг “Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр шалгарсан билээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна