Их Британи Сирид анхны цохилтоо хийлээ

2015 оны 12 сарын 3

 

Их Британийн парламент “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо өргөжүүлж, Сирийг бөмбөгдөхийг дэмжжээ. Парламентын шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа өнөө өглөө /XII.3/ Их Британийн армийн “Tornado” байлдааны онгоцнууд Сирийн газар нутагт анхны агаарын цохилтоо хийжээ. Их Британийн “Сирид анхны агаарын цохилтоо хийлээ” хэмээн тус улсын Засгийн газрын албаны хүн мэдээлжээ. Одоогоор Сирийн хаана цохилт хийсэн нь тодорхойгүй байна.

 

Их Британи нь АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэлд хэдийн нэгдэн Ирак дахь агаарын цохилтын ажиллагаанд оролцож байгаа юм.

 

Парисын халдлагын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд олон орныг нэгтгэх ажилд идэвхийлэн орсон. Тэрбээр Их Британи, Герман зэрэг орнуудад исламын хэт даврагчдын эсрэг Сирид агаарын цохилт өгөхөд хамтрах санал тавьсан юм. Францын саналыг Германы засгийн газар хэлэлцээд дэмжсэн бол Их Британийн парламентад өчигдөр агаарын цохилтоо өргөжүүлэх эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Германы зүгээс дэвшилтэт технологийн зэвсэг техникээр Францад тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна