Мэргэжлийн боксын шинэ од

2015 оны 12 сарын 3

В.Кличкогийн ноёрхолд цэг тавьсан Тайсон Фьюри

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Украины Владимир Кличког ялж, 11 жилийн ноёрхолд нь цэг тавьсан 27 настай цыган залуу Тайсон Фюритэй танилц.

Тайсон Фюри Дюссельдорф хотын “Esprit Arena” цэнгэлдэхэд болсон Мэргэжлийн боксын WBA, IBF, WBO, болон IBO холбооны  хүнд жингийн дэлхийн аваргын төлөөх тулаанд Украины Владимир Кличког ялж, аваргын бүсийг нь булаан авсан билээ.

Ялалтын дуу             

Түүний гарыг өргүүлэн ялагч болсныг зарласан даруйд Тайсон Фьюри микрофоныг булаан авч, алдарт Аэросмит хамтлагийн “I Don't Want To Miss A Thing” дууг эхнэртээ зориулан дуулсан юм. Цэнгэлдэхэд тулааныг үзэхээр 55,000 үзэгч цугласан байжээ. Тайсон Фьюри рингэн дээр ялалт байгуулсныхаа дараа заавал дуу дуулдаг уламжлалтай. Тэрбээр тулааны өмнө сэтгүүлчидтай уулзахдаа заавал “The wind beneath my wings” дууг дуулдаг байна. Тайсон 2013 онд Стив Каннингемийг ялсныхаа дараа Рики ван Шелтоны 'The wind beneath my wings' дууг дуулсан бол Кристиан Хаммерыг ялахдаа Элвис Преслигийн “Walking in Memphis” дуулж байжээ.

Тулаан

Тайсон Фьюри, Владимир Кличко нар гарцаагүй түүхэнд бичигдэх тулаан хийсэн. “Цыган ноён” хочтой Тайсон Фьюри Владимир Кличкогийн эсрэг гайхалтай тулалдаж, шүүгчийн 115-112, 115-112, 116-111 оноогоор супер аваргыг буулгаж авсан юм. Рингэн дээр Владимир Кличкод алдар нэр, сүр хүчээ гайхуулж байсан бол Тайсон Фьюри залуу нас, өндөр чацаар илүүрхсэн. Тулааны дараа Тайсон Фьюри супер аваргад “Влад, Та бол агуу тамирчин. Тантай тулалдсандаа талархаж байна” гэж хэлж амжсан юм.

Тулааны өмнөх хэвлэлийн хурал дээр Тайсон Фьюри супер аварга Владимир Кличког “Амархан ялна” гэж байсан ч тулаан эхлэхэд тэрбээр аваргыг хайрлаад байгаа юм шиг нэг л халдаж өгөхгүй байв. Гэсэн ч Тайсон Фьюри өөрийнх нь цаг ирсэн гэдгийг бүгдэд мэдрүүлж, гайхалтай тулаан үзүүлж чадсан. 5 дахь раундад хоёр тамирчин аль алин нь баруун гарын хүчтэй цохилт хийсний дараа улам хянаар болсон бөгөөд 9 дэх раундад Кличко алдаа гаргасан. 12 раунд тулалдсаны эцэст хоёр тамирчин хоёулаа гараа өргөхөд шүүгч Тайсон Фьюри ялалт байгуулсныг зарласан юм.

Тайсон Фьюри тулааны дараа “Би өнөөдөр ялалт байгуулна гэдгээ мэдэж байсан. Владимир, бас түүний багийнхан ч үүнийг гадарлаж байсан байх. Би түүний нүдийг хараад л ялагдахыг нь ойлгосон. Тэр ч бас надаас ялахын тулд яахаас ч буцахгүй шинэ аваргыг олж харсан байх” гэсэн юм.

Тайсоны нэрийг авсан нь

Тайсон Фьюри 1988 онд Английн Манчестер хотод төржээ. Түүний эцэг нь 80-аад онд нэрд гарч байсан “Цыган” хочтой боксчин Жонн Фьюри юм. Эцэг нь түүнд боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсоны нэрийг өгчээ. Тайсон Фьюри дутуу төрсөн бөгөөд ердөө нэг паунд (453 гр) жинтэй байжээ.

Эмч нар Жонн Фьюрид хүүг нь амьдрах магадлал тун бага гэж хэлж байжээ. Тайсоноос өмнө хоёр охин мөн л дутуу төрөөд хүн болоогүй аж. Хүүг төрсөн 1988 онд Майк Тайсон хүчээ авч байсан тул Жонн хүүгээ “Тайсон гэж нэрлэе” гэхэд эмч нар түүнийг гайхан харж, зүгээр л инээмсэглэжээ.

Тайсон Фьюригийнхэн  эртнээс боксын удамтай бөгөөд түүний авга ах Ирландын  боксын дунд жингийн дэлхийн аварга Энди Ли бол түүний авга ах боксчин Петер Фьюри түүнийг дасгалжуулдаг.

Тайсоны твиттер хуудас нь “Цыган ноён” гэсэн хаягтай бөгөөд өөрийгөө боксоор оролддог, хэдэн бүстэй хэмээн тодорхойлжээ.

Эхнэр хүүхдүүд

Тайсоны эхнэр Парис ч мөн цыган гаралтай. Парис ирээдүйн нөхөртэйгээ танилцахдаа 15 настай байжээ. Тэд нэгэн хамаатныхаа хурим дээр танилцсан юм. Шинэ танилууд хоорондоо бараг юм яриагүй ч нэг нэгнээсээ харцаа салгаж чадахгүй байжээ. Түүнээс хойш нэг жилийн дараа Парисын төрсөн өдрөөр тэд болзож эхэлжээ. Учир нь Парисыг 16 нас хүрэхэд эцэг нь түүнийг найз залуутай болохыг зөвшөөрсөн нь тэр байжээ. Тайсон, Парис хоёр 2008 онд гэрлэсэн юм Тэр үед Тайсон 19 настай, Парис 18 настай байжээ.

Хосууд одоо хүү, охин хоёртой. Тайсон хүүгээ төрөхөд Есүс гэж нэрлэх бодолтой байсан ч эхнэр нь дургүйцсэн тул Принц буюу Ханхүү гэж нэрлэсэн байна. 

Шар хэвлэлийн баатар

Шар хэвлэлүүдэд түүнийг гомосекс, бага насны хүүхэд сонирхдог гэж тодорхойлдог. Кличкотой тулалдахаас өмнө нэгэн ярилцлагадаа супер аваргыг чөтгөрийн шашин шүтдэг гэж хэлсэн тухай бичжээ. Харин Тайсон үүнийг үгүйсгэж “Би гомосекс биш, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч ч биш. Би хэнийг ч үзэн яддаггүй. Би хүн болгонд адилхан сайнаар ханддаг. Эцсийн эцэст бид бүгдээрээ бурханы хүүхдүүд шүү дээ.” гэсэн юм. Харин ярилцлага авсан сэтгүүлч үүнийг бичлэгээр гэрчилнэ гэсэн билээ.

Гэвч Фьюри тийм ч ариухан амьтан биш ажээ. 2013 онд Тайсон Фьюри хоёр тамирчныг ижил хүйстэн амрагууд гэж хэлснийхээ төлөө боксын холбооноос 3,000 фунт стирлингээр торгуулж байсан юм.

Кличког ялсны дараа Тайсон ус уухаас ч татгалзсан бөгөөд гэртээ харьж байж л юм уужээ. Учир нь тэрбээр өрсөлдөгч нь түүнд хориотой эм, допинг өгч магадгүй гэж хардсан юм. Их Британид очсон хойноо тэрбээр “Тулааны дараа юу ч амсахгүй байхыг надад зөвлөсөн. Би ийм ялалтын дараа допингийн шинжилгээнд ялагдмааргүй байна” хэмээжээ.

Тулааны өмнө сэтгүүлчидтэй уулзахаар Тайсон Бэтмэний хувцастай ирсэн бөгөөд Кличкод хандан “Та бусдыг өөртөө татах чадалтай. Та бол спортын сэтгэл зүйч. 37 өөр хэлээр ярьдаг. Тэгсэн ч та бол робот. Гэвч боксын түүхэнд над шиг тамирчин гараагүй. Над шиг боксчин 1000 жилд л ганц удаа төрдөг.” Хэмээн сагсуурч амжсан билээ.

Владимир Кличког ялсны дараа түүнээс дараа нь хэнтэй тулалдмаар байна гэж асуухад Тайсон Фьюри “Барак Обама. Би түүнд цыганы нүцгэн нударганы амтыг үзүүлмээр байна” гэсэн юм.

1996 оноос хойш Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын 68 тулаанаас 65-д нь ялалт байгуулсан супер аварга Украины Владимир Кличкогоос аваргын бүсийг нь булаасан Тайсоны хувьд бүсээ хамгаалж үлдэх  үүрэг хүлээж байна. Түүнийг аваргын бүсээ аваад гэртээ харьж амжаагүй байхад Америкийн боксчин, WBC-ийн аварга Деонтей Уайлдер түүнийг дараагийн тулаанд хүлээж буйгаа Твиттер хуудсандаа бичсэн.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна