Хууль бус үйл ажиллагаагаа зогсоожээ

2015 оны 12 сарын 3

Орон сууцны зарим конторууд ус дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгааны төлбөр нэрээр сар бүр 2000-11000 төгрөгийг айл өрхөөс авч байсан нь Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн байдаг.

Дээрх хууль бус төлбөрийг орон сууцны бусад конторууд авч байж болзошгүй тул ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж Эрчим хүчний зохицуулах хорооноос Ус, дулаан дамжуулах төвийн зардал, ЦТП зардал, насосны цахилгаан зэрэг хууль бус төлбөр айл өрхөөс авахгүй байхыг орон сууцны нийт 45 конторт мэдэгджээ.  

Орон сууцны дөрвөн контор албан шаардлагын дагуу хууль бус төлбөр авахаа зогсоосныг ШӨХТГ-аас мэдээлсэн. Харин зөрчлөө үргэлжлүүлж Баянгол дүүргийн Богд ар хорооллын 1730 айл өрхөөс сар бүр ус дулаан дамжуулах төвийн зардал нэрээр 6000 төгрөг авсаар байсан “Богд асар” ХХК-ийн үйлдлийг иргэдийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан, энэ нь гэмт хэргийн шинжтэй гэж ШӨХТГ-аас үзэж ЦЕГ-т ханджээ.

“Богд асар ХХК-аас дээрх төлбөрийг айлуудаас авахаа зогсоосноо ШӨХТГ-т мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, ШӨХТГ-аас “Таун комфорт” ХХК Баянгол дүүргийн 3998 айл өрхөөс сар бүр насос цахилгааны зардал нэрээр 5150 төгрөг хууль бусаар авч байсныг тогтоож уг компанид албан шаардлага хүргүүлсний дагуу “Таун комфорт” ХХК дээрх төлбөрийг авахаа зогсоосноо мэдэгджээ.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна