Элэгдүүлсэн эрүүл мэнд

2015 оны 12 сарын 3

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны эхний арван сарын байдлаар бидний 2216 хүүхэд хорвоог орхижээ. Арван жилийн өмнөхөөс халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо хоёр дахин буюу 51 мянга 886 болтлоо нэмэгджээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллын мэдээгээр долоон тэрбум хүнээс элэгний С вирусийн халдвар авсан 170 сая хүн байна. Тэднээс жилд дунджаар 366 мянган хүн нас бардаг аж. Харин Монгол Улс Азид С вирусын халдвараар I-т ордог.

Монголд жилд 2000 мянган хүн В, С вирусаар өвчилж 1600 нь нэгээс хоёр жилийн дотор нас бардаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд гашуудан хэлжээ. Монголын найман хүн тутмын нэг нь элэгний хавдар үүсгэгч A,B,C,D вирусийг тээж буй аж.

Харин 100 мянган хүнд ногдох ходоодны хорт хавдрын нас баралтаар Монгол Улс БНСУ-ын дараа буюу II “жагсжээ”. Нийт нас барагсдын шалтгааныг аваад үзвэл ходоодны хорт хавдраар амиа алдагдсад 5 дугаарт ордог болсон нь аюулын харанга дэлдэж байна. Гэтэл бид аман хүзүүдэж байдаг.

Монголын хүн амын тал хувь нь гамшгийн хэмжээнд хүрсэн утааны голомтод амьдардаг болохоор уушгины хавдраар ч бас дээгүүрт цохиж явна.

Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо ч замбараагаа алджээ.

Дээр нь амьсгалын замын халдварт өвчин жилийн аль ч улиралд тасархаа байжээ.

Улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 124 мянга 178 хүн амбулаторид үзүүлсний 5,602 (4.5%)нь ТТТӨ/томуу томуу төст өвчин/-тэй гэж оношлогджээ. Өөрөөр хэлбэл монголчуудын 30 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчилдөг гэсэн үг.

Монголын ердөө хэдхэн жилийн өмнө чихрийн сэжиний тухай огт мэдээлэлгүй байсан монголчууд тодорхой ойлголттой болж амжаагүй байхад шууд заналхийлээд эхэллээ.

Арван жилийн өмнө Монголд 40-50 настай хүн цус харвахад залууд тооцогддог байсан бол өнөөдөр 25 настай залуус харвах нь энгийн үзэгдэл болжээ.

Монголчуудын дунд зонхилж буй өвчний тоонд зүрх судасны өвчлөл дээгүүрт цохиж байна.

Гэхчлэн баримтаас аваад үзвэл хөдсөн дээл хөдөрч, хөрс дэлхийг чичрүүлсэн явсан нүүдэлчдийн удам эрүүл мэндийн хувьд тун базаахгүй, бүр аюулын харанга дэлдэхүйц хэмжээнд хүрснийг гэрчилнэ.

Гэтэл хоёр жилийн хугацаанд 1600 хүний амиа алдах шалтгаан болоод буй өвчнийг 98 хувь эмчлэх эмийг нь оруулж ирэх гээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд энэ салбарын сайд хоёр солигдож, сүүлийнх нь авлига авсан хэрэгт холбогдон хоригдоод эзэнгүй болов. Өөрөөр хэлбэл, Элэгний эмээ оруулж ирнэ гэж ярьсан өдрөөс хойш итгэл тээн хүлээсэн элэг нэгтнүүд маань өдөрт 2-3-аараа хорвоог орхиж байжээ.

Өнөөдрөөс яг 49 хоногийн өмнө Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын “Сайд цаг”-аараа мэдэгдсэнээс нь харвал, Харвони эмийг нийлүүлэх “Санамж бичиг”-т зургадугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зуржээ. Ингээд эхний ээлжид өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сард 1600 хүнийг хамруулж эхлэхээр болсон тухай мэдээлж байж. Гэтэл өнөөдөр авсан мэдээллээр, арванхоёрдугаар сарын дундуур оруулж ирэхээр болжээ.

Энэ хооронд өдөрт 2-3, 10 хоногт 20-30, анх эхэлж ярьснаас хойш гэвэл хэдэн мянгаараа үрэгдэх вэ гэдгийг тооцох аргагүй болжээ.

Гэтэл өнөөдөр энэ салбар эзэнгүй байна. Энэ салбарыг удирдсан сайд, эмнэлгийн захирлуудын албан тушаалын хэрүүл өнгөрсөн хэдэн жилийн турш үргэлжилж ирэв.

Улстөрчид ч түүнийг өөгшүүлэн дэвэргэж, нийгмийн хамгийн чухал салбарт орох энэ салбарыг самарч ирсэн. Түүнийг төлөөсийг нь монголчууд амь нас, эрүүл мэндээрээ төлж ирлээ.

Хэзээ энэ салбар эзэнтэй болж, монголчууд цаг бусаар хорвоог орхихоо болих вэ гэдэг асуулт бурхан байдаг эсэхээс ч тодорхойгүй болж хувирав.

Хэзээ эрүүл мэндийн салбар эзэнтэй болж монголчуудын эрүүл мэнд, амь нас баталгаажин, элэгдүүлсэн эрэмдэг салбар эргэн босч ирэх юм бол оо? Үүнд хариулт өгөх албан тушаалтан, эрхтэн дархтан байна уу, Монголд?

Элэг нэгт монголчууд маань өдөрт 2-3-аараа элгээрээ Эрлэгийн элчид хөтлүүлсээр байх уу?!

Л.НАРАНТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна