"Их өргөө аравтууд" улиралын эхний хожлоо авлаа

2015 оны 12 сарын 3

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улиралын тоглолт өнгөрөгч бямба гаригт эхэлсэн. Энэ удаагийн лигийн тоглолтод 8 баг оролцож байна.

Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр/12.02/ Спортын төв ордонд дараах 5, 6 дахь тоглолт боллоо. Энэ тоглолтод "Их өргөө аравтууд", "Ирвэсүүд" багууд өрсөлдөгчөө хожжээ. Ингээд тоглолтын тоймоос хүргэж байна.


"Үндэсний Супер Лиг"-ийн 2015-2016 оны улирлын нэгдүгээр тойргийн 5-дахь тоглолт "Баянзүрх дүүрэг Их өргөө Аравтууд" болон "Төв аймаг Төв-Ургац" багуудын хооронд  болж өндөрлөлөө.

Улиралын нээлтийн тоглолтондоо хожигдоод байсан "Их өргөө Аравтууд" энэ удаад тоглолтын эхнээс санаачлагыг  тоглосон. С.Өрнүүнбилэг, С.Батбямба нарын довтолгоо  тоглолтын эхнээс  сайн болж байснаар онооны зөрүүг холдуулж байсан бол Д.Мөнхтүвшин, Ш.Сэдбазар нар хэрэгтэй үед оноогоо авж байлаа.

Өмнөх тоглолтондоо маш сайн эргэн ирэлтийг хийн, хожил байгуулаад байсан Төв-Ургацын хувьд чухал үед чөлөөт шидэлтүүдээ алдаж байсан нь хожигдох гол шалтгаан нь байлаа. Хэдийгээр Д.Дэлгэрням 20 оноо 11 самбараас бөмбөг авалт, Х.Бат-эрдэнэ 13 оноо 7 самбараас бөмбөг авалт, Б.Тамжид 9 оноо 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, багаа тэргүүлсэн ч багийн бусад залуус тэр тусмаа легонир тоглогчид тун хангалтгүй байлаа. Төв-Ургац багт нэгдээд байгаа Нигер улсын шигшээ багийн холбон тоглогч Kelechi KC Anuna  5 оноо, 4 самбараас бөмбөг авалт, Gary Gaskins 2 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн юм.

Харин Их өргөө Аравтуудаас багийн ахлагч, лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшин төдийлөн сайн байсангүй. Тэрээр 14 оноо авахдаа 19 довтолж, ердөө 4-г нь байнд нь тусгасан юм. Харин Аравтуудад шинээр нэгдээд байгаа С.Өрнүүнбилэг 20 оноо 12 самбараас бөмбөг авалт, М.Бадрах 6 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол ахмад тоглогч Ш.Сэдбазар 11 оноо 10 самбараас бөмбөг авалт, С.Батбямба 18 оноо авч багаа тэргүүлсэнээр Их өргөө Аравтууд улирлын анхны хожлоо авлаа...

ИРВЭСҮҮД ХОЖИЛ БАЙГУУЛЛАА

Үндэсний супер лигийн улирлын эхний тойргийн 6 дахь тоглолт Хан талстын Ирвэсүүд, SBL-Хасын Хүлэгүүд багуудын тулаан байлаа. Улирлын эхний тоглолтондоо Дорнод Танан Гарьд багт хожигдоод байсан Ирвэсүүд өнөөдөр тун ч өнгөлөг байсан юм. Тоглолтын эхнээс л багаараа жигд тоглолтыг үзүүлж байсан ба тэдний хамгаалалт өнөөдөр хожил авахад хангалттай байлаа. Гараанд гарч тоглосон Б.Баярбат 19 оноо, Т.Санчир 19 оноо 10 самбараас бөмбөг авалт 4 оновчтой дамжуулалт , С.Эрдэндалай 18 оноо 15 самбараас бөмбөг авалт, Э.Дорж-Арилд  18 оноо 8 самбар, 6 оновчтой дамжуулалт тус тус гүйцэтгэн багаа тэргүүлсэн. Улмаар Ирвэсүүд улирлын анхны хожлоо авлаа.

Харин Хүлэгүүдийн хувьд өнөөдөр бүх талаараа тун тааруу байлаа. Довтолгоо төдийлөн сайн байгаагүйгээс гадна, хамгаалалт төдийлөн сайн байсангүй алдааны асуудалд эрт орцгоосон юм. Б.Билгүүн багаа тэргүүлэн 26 оноо 21 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол А.Бямбадорж 20 оноо Б.Батжавхлан  14 оноо 9 самбараас бөмбөг авалт, М.Отгонмөнх 12 оноо 13 самбараас бөмбөг авалт, О.Сэргэлэн 9 оноо 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн ч хожиход хангалтгүй байлаа.

Мөн хожигдолын нэгэн гол шалтгаан бол тэд багаараа алсын зайнаас 38 довтолж, ердөө 5-г нь амжилттай болгосон.

Ингэснээр энэ өдөр тоглосон 4 багууд бүгд, тус бүр 1 хожил, 1 хожигдолтой болж, тун сонирхолтой үр дүн гарлаа.  Харин Үндэсний судер лигийн шинэ улирлыг Дорнод Танан Гарьд баг 2 хожилтой тэргүүлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна