Хотын утааны бохирдлыг багасгах асуудалд

2015 оны 12 сарын 3

Товч агуулга

Энэ өгүүлэлд агаарын утааны бохирдол, хотын гэр хорооллоос гарч буй утаан дахь хорт бодисын агууламжийг багасгах арга замын талаар өгүүлнэ.

ОРШИЛ

Монгол орон нь эрс тэс уур амьсгалтайгаас гадна агаарын хамгийн бага температур -33.6-0C-аас -400C хүрдэг. Дэлхийн хүйтэн орнуудын нэг учраас түлшний зарцуулалтын 70 гаруй хувийг дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулдаг.

Монгол орны нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, хүн амын нягтралаар нийслэл Улаанбаатар хот эрс ялгардаг. Улаанбаатар хотод манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг төдийгүй аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, зам тээврийн зангилаа болсон Монголын хамгийн том хот билээ. Улаанбаатар хотын агаарын утааны бохирдлын эх үүсвэрт, дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хороолол буюу өөрийн халаалттай сууцны зуухнууд, тээврийн хэрэгсэл (бусад эх үүсвэр) орно. Нийслэлд агаарын бохирдлын түвшин нь бохирдлын эх үүсвэрийн байршил, тэдгээрийн хүчин чадал, хаягдлын найрлага ба бүтэц, байр зүйн болон цаг агаарын нөхцлөөс шалтгаалан хотын дүүргүүдэд харилцан адилгүй явц тархалттай байдаг.

Оршин суугчдын тэн хагас нь амьдардаг хотын захаар эргэн тойрон уулсын энгэр даган байрласан гэр хорооллын утаа униар нь орчныхоо агаарыг ихээхэн бохирдуулаад зогсохгүй голын хөндий  дагаж харьцангуй нам дор газар байрласан хотын төв хэсгийн агаарыг бохирдуулах нэг эх үүсвэр нь болдог. Ялангуяа өвлийн улиралд уул хөндийн салхины горимтой уялдан хотын захаас төв рүү чиглэсэн агаарын урсгалаар гэр хорооллын утаа униар сариналгүй шилжин ирж тунаран, агаарын бохирдлыг ихэсгэх нөхцлийг бүрдүүлдэг.

Агаарын бохирдол талаас нь авч үзвэл цахилгаан станцуудын утаа нийт бохирдлын 80 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ энэ нь харьцангуй агаарын дээд давхаргад тархдаг болохоор хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаасаа бага байдаг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь авч үзвэл гэр хорооллын утаа 80 гаруй хувийн хортой нөлөөлөл үзүүлдэг.[10]

Гэр хороололд амьдрагсдын ихэнх нь монгол гэрт амьдардаг. Иймд Монгол гэрийн онцлогт тохирсон зуухыг сайжруулахаас гадна гэрийн дулааны алдагдлыг багасгах, түлшнээс ялгарах агаар бохирдуулах бодисуудыг бууруулах асуудал чухал юм. Нүүрс нь цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд юм. Нүүрс нь хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана

үргэлжлэл: ikecult.wordpress.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна