ХАХНХ-ын яам 100 орчим тэрбум төгрөгийг ХБИ-дэд зориулжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

ХАХНХ-ын яам 100 орчим тэрбум төгрөгийг ХБИ-дэд зориулжээ

Энэ хүнийг Ч.Ундрахбаяр гэдэг. Одоогоос 15 жилийн өмнө өвчнөө буруу оношлуулснаас хөл нь мэдээгүй болж, тэргэнцэр ашиглах болжээ. Яг ийм олдмол бэрхшээлтэй 63 мянга орчим иргэн Монгол Улсад байна. Эдгээр иргэдийн 18.5 хувь нь зам тээвэр, үйлдвэрийн ахуйн ослоор гэмтэж, 81.5 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд багтах болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамгийн тулгамдсан асуудал нь нийтийн тээвэрт суухаас эхлээд эрх нь зөрчигддөг гэж Ч.Ундрахбаяр ярилаа. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд суух боломжтой 20 угсраа автобусыг нийслэл оруулж ирсэн ч, амьдрал дээр автобусны жолоочоос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суулгах сонирхол байдаггүй. Үүнтэй ижил төрийн байгууллага, яам тамгын газрынхан зөвхөн үүдний хэсэгтээ налуу шат хийгээд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангалаа гэж ойлгодог. Налуу шатаар орсон тэргэнцэртэй, хараагүй иргэд тухайн барилгад ороод шатаар өгсөх, урт коридороор явах, ариун цэврийн өрөөнд орох зэрэг хэрэгцээ тулгардаг ч, тухайн иргэдэд шаардагдах, олон улсад мөрдөгдөх нөхцөлийг хангасан байшин, барилга монголд ховор байна.

Харааны бэрхшээлтэй 16 мянга орчим иргэн Монгол Улсад амьдардаг. Цагаан таягтай тэд бусдын л адил сурч, боловсроод ажиллая гэхээр сурах сургууль нь нэг л байдаг. Боловсролгүй хүн биеийн хөдөлмөр эрхэлье гэхээр дэд бүтэц нь тэдэнд зориулагдаагүй байдаг. Хамгийн энгийн жишээ зам хөндлөн гарах үед дуут гэрлэн дохио өдрийн од шиг Улаанбаатарын хэмжээнд ганц нэг байна. Энэ нь эргээд харааны бэрхшээлтэй иргэдийг халамжийн мөнгө хүлээгээд суухаас өөр сонголтгүй болгодог гэж Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл ярьсан юм. Харин хэлний бэрхшээлтэй иргэдийн тухайд дохионы хэлийг хуульчилж өгөөгүй нь тэдний амьдрах эрхийг зөрчих гол үндэс болдог гэлээ. Уг нь дээрх иргэдийн төлөөлөл дохионы хэлний тухай хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барьжээ. Олон улсад бол тус хуулийн асуудлыг чухалчилж үзээд, аль хэдийнээ баталж, мөрдсөөр иржээ.

Сүүлийн гурван жилд Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд улсын төсвөөс 27 тэрбум 300 сая төгрөгийг энэ салбарт зориулсан байна. Мөн гадаад улс орон манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахаар нийт 66.7 тэрбум төгрөгийг өнгөрсөн хугацаанд өгчээ.

12 дугаар сарын 03 бол дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн энэ өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хэвлэлийн хурал зарлаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ямар ажил хийсэн болоод хийх гэж буй ажлаа олонд тайлагнадаг. Энэ жишгээр ч өнөөдөр мөн тус яамнаас хэвлэлийн хурал хийж, энэ өдрийг угтан “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяныг зарласнаа танилцууллаа. Мөн тус аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьснаа онцлон тайлбарласан. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон залуус хууль, дүрэм боловсруулж болно. Гэхдээ цаасан дээрх хууль бодит амьдрал дээр хэрэгжих хоёрыг ижил түвшинд хэрэгжүүлж өгөөрэй гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд дайсныг энд уламжилъя.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж