Эрүүл мэндийн салбарт шахаа хэрэггүй

2015 оны 12 сарын 4

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэнд, спортын сайдаар эмч Л.Жамбалжавыг томилуулахаас татгалзлаа. Түүний энэ үйлдлийг улстөрчид олон талаас нь тайлбарлахыг оролдож байна. Угтаа бол ардчилсан засаглалтай оронд байх л үзэгдэл. Тэр тусмаа Үндсэн хуульдаа Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх эрхтэй хэмээн заачихсан байхад энэ эрхээ хэрэгжүүлж яагаад болохгүй гэж... Гол нь эцсийн үр дүн чухал. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарыг өнөөгийн уналтаас нь гаргах тийм л удирдагч хэрэгтэй.

Эх сурвалжийн мэдээгээр Ардчилсан нам хариуцлагаа үүрч, эрүүл мэндийн салбарт хүнээ томилох нь. Ойрын хугацаанд энэ асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгтэй зөвшилцөх бололтой. Ингэхдээ ЭМС-ын яамыг өөр нэг яамтай солих яриа өрнөх нь. Харин хэнийг дээрх албанд сойх вэ гэдэг нууц байна.  

Эрүүл мэндийн салбарт Ардчилсан нам хүнээ томилж, хариуцлагаа үүрэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн анхны хүн бол УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа. Түүнийг Ерөнхий сайдад хандан захидал илгээхэд сайд болохоор санаархлаа гэж хардах хүн ч олон гарсан. УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс өргөн барьсан саналыг Ерөнхий сайд хүлээж аваагүй нь дээрх хардлагыг улам лавшруулж буй. Гэхдээ энэ нь бат нэр нь дэвшинэ гэсэн үг бас биш.

Ойрын хугацаанд Засагт хамтарч байгаа хоёр нам тохироогоо хийж чадвал зөвхөн нэг сайдын томилгоо биш, хоёр ч сайдын томилгоо УИХ-аар хэлэлцэгдэх болж буй юм.

Уг нь Ерөнхий сайдад гологдоод байгаа эмч Л.Жамбалжавын хувьд яах аргагүй л эрүүл мэндийн салбарын жаргал зовлонг мэдэх хүний нэг. Давхар дээлийг тайлах шаардлага тавьж ирсэн улстөрчдийн зарчмаар бол мэргэжлийн хүн гэдэг шалгуурыг хангах аж. Бас сайн эмч боловч энэ том айлыг удирдан дампуурлаас нь гаргах сайн менежер биш ч гэж хэлэх хүн байна. Нөгөө талдаа МАХН-ын Гүйцэтгэх товчооноос түүний нэрийг санал болгосон нь удирдлагуудынх нь хүсэл зориг байгаагүй гэх мэдээлэл ч сонсогдлоо.

Эрүүл мэндийн салбарт өнөөдөр олон асуудал шийдлээ хүлээж байгаа. Нэн тэргүүнд энэ салбарынхны цалинг хөдөлмөрийн бүтээмжтэй нь уях. Шөнөжин үхэлтэй тэмцэн хүний амь аварсан эмчийн сарынх нь цалин өнөөдөр 600-700 мянган төгрөгт эргэлдэж байна. Нэгдсэн нэгдүгээр эмнэлэг өнөөдөр нэг эмчээ хувийн эмнэлэг рүү алдахад зарим төрлийн хагалгааг хийх боломжгүй болох нөхцөл байдал үүсээд байгаа. Дээр нь жирэмсэн эхчүүд цусны шинжилгээ өгөхийн тулд дүүрэгтээ шөнийн 02.00 цагт очиж дугаарладаг гээд бичвэл барагдахгүй олон зовлонг тоочиж болно.

Эмчийн хайхрамжгүйгээс эх, үр хоёр эндсэн эмгэнэлт хэргийн араас хэвлэлүүд цөхрөлтгүй явж буй нь дахиад ийм зүйл бүү давтагдаасай гэсэндээ л тэр.

Хоёр жилийн өмнөөс яригдсан элэгний В, С вирус устгах эм одоо хэр нь Монголд орж ирээгүй л байна. Эхлээд зөвшөөрөл олгох гэж нэлээн юм болцгоосон. Нэгдсэн ойлголцолд хүрч оруулж ирэх болоход бас л гацав.  Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөж, орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулан хавдрын өвчлөлийг өндөр шатанд эмчилдэг болоход ирэх жил олон ажлууд шат дараатай хийгдэх ёстой. Нэг үгээр хэлбэл, Эрүүл мэнд спортын яам бол хэн нэгний улстөрийн оноо цуглуулж, сонгуулийн сурталчилгаандаа ашиглах хэрэгсэл болох учиргүй. Тэр тусмаа хэсэг бүлэг фракцийн эрх ашгийг хамгаалах шахааны хүний томилгоо болж хувирах ёсгүй.

Ажиллах хугацаа богино ч олон зүйлийг амжуулж хийн, дампуурлынх нь ирмэгээс салгах тийм л менежер хэрэгтэй.

Ийм менежэр Ардчилсан намаас олдохгүй бол Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өөр намаас байсан ч яадаг юм бэ. Гол нь энэ салбарыг хямралаас нь гаргах, улстөр хийх биш ажил хийх хүн л томилогдох ёстой. Тэр цагт экс сайдын хэлсэнчлэн Ардчилсан нам хариуцлагаа үүрсэн шиг үүрээд гарах улстөрийн хариуцлагатай хүчин болохоо харуулна.

Чадахгүй бол Ерөнхий сайд фракцийнхаа хүчинд автан Л.Жамбалжавыг голсноос биш салбарыг бодож хийсэн нүүдэл биш байжээ гэдэг ярианд л орно.

Уг нь эрүүл мэндийн салбарыг босгоод ирвэл Монголын гурван сая иргэнд хэрэгтэй л байна даа.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна