2017 оноос хамтын тэтгэвэр олгоно

2015 оны 12 сарын 4

Хамтын тэтгэврийн тухай хуулийг өчигдөр УИХ-ын чуулганаар баталлаа. Тиймээс энэ хуулийн талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодруулаа.  


-Хамтын тэтгэврийн хууль батлагдлаа. Энэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх санаачилсан цагаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө. Надтай хамт нэр бүхий гишүүд санаачилж, 2014 оны нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Үүнээс хойш гурав дахь жилийнхээ босгон дээр батлагдлаа. Энэ хууль нь халамжийн хууль биш, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа асуудал ч биш. Хамгийн гол нь ахмадуудын амьдралын түвшнийг бууруулахгүй байх, нийгмийн хамгааллын бодлого юм. Түүнээс биш зарим хүмүүс тэтгэвэр нэмэгдүүлж байна гэж хольж хутгах, халамжийн бодлоготой хольж хутгаж ойлгоод байна.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээг тогтоож өгсөн үү?

-Хууль хэрэгжих хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Яагаад гэвэл 2016 оны улсын төсөв батлагдчихсан учраас ирэх онд хэрэгжүүлэх санхүү, эдийн засгийн боломж байхгүй. Хуулийн буцаан хэрэглэх хугацаа, хамрах хүрээг Засгийн газар тогтооно гэж тусгаж өгсөн. Ингэхдээ тухайн үеийн нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулаад тухайн үед Засгийн газар өөрөө журмаар зохицуулна гэж оруулж өгсөн.

-Хамтын тэтгэврийн хувь хэмжээг ямар хэлбэрээр тогтоож өгсөн бэ?

-Хамтын тэтгэврийн хувь хэмжээг Засгийн газар тогтооно. Гэхдээ бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байна гэж оруулсан. Яагаад гэвэл эдийн засаг хэдийгээр хүнд байгаа ч гэсэн ахмад настанд үзүүлж байгаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжих ёстой. Энэ хэрэгжилтийн бодит нөхцөлийг хангах үүднээс хувь хэмжээг тогтоож өгсөн. Хамгийн багаар тогтоолоо гэхэд бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байна. Уг хэмжээнээс дээш хэдэн хувь байхыг улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл бололцоог харж байгаад тогтоож өгөхөөр хуульд тусгасан.

-Хамтын тэтгэвэр авахад ямар болзол хангасан байх ёстой вэ?

-Энэ хуульд ямар нэгэн насны зөрүү заагаагүй. Ер нь албан ёсны гэр бүлээ батлуулаад 15 жил амьдарсан байх шаардлагатай. Хоёрдугаарт хоёулаа бүрэн тэтгэвэр авдаг байх ёстой. Гуравдугаарт 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой гэсэн болзол заасан байгаа.

-Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхлэх юм бол 20 тэрбум төгрөг босгох шаардлагатай болно гэж яригдаж байна. Энэ ачааллыг нийгмийн даатгалын сан дийлэх юм уу?

-1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, цэрэг эсвэл тусгай албанаас тэтгэвэрт гарсан иргэдийн буцаан олголтын мөнгийг улсын төсөв хариуцна. Бусдыг нь тухайн тэтгэврийн даатгалын сан хариуцна. Яагаад гэвэл 1995 оноос өмнө цэргээс эсвэл тусгай албанаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төр хариуцдаг хуультай. Ер нь бүрэн тэтгэврийн хэдэн хувиар бодох нь тухайн жилийн эдийн засгийн байдлаас хамаарна.

-Хууль боловсруулахдаа хамтын тэтгэвэр авах боломжтой иргэдийн тооцоо судалгааг хийсэн байх. Ер нь хэдэн иргэн энэ хуульд хамрагдах боломжтой вэ?

-Жил бүр янз бүр гарах учир урьдчилж хэлэх боломжгүй. Жишээ нь бүрэн тэтгэвэр авч байгаа 240 мянган иргэн, халамжийн тэтгэвэр авч байгаа 100 гаруй мянган иргэн байна. Ингээд нийт тэтгэвэр тэтгэмж авч байгаа 300 гаруй мянган иргэн байна. Үүний хэдэн хувь нь ганц бие байна, хань ижилтэйгээ амьдарч байгаа хүмүүс нь хамтын тэтгэвэр авах болзол хангасан уу гээд олон асуудал бий. Одоо хуулийг хэрэгжүүлэх журам гарсны дараа тооцоо судалгаа гарна. Бэлтгэл ажлыг маш богино хугацаанд хийх боломжтой. Яагаад гэвэл бүх шаардлагатай тооцоо, судалгаа нь байгаа учир үүнд цаг орохгүй гэж бодож байна.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна