Эрүүгийн хуулийг баталлаа

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийг гишүүдийн 83.7 хувь дэмжсэнээр бүхэлд нь баталлаа.

УИХ-аас шинэчлэн баталсан Эрүүгийн хууль нь 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Ийн хугацаа тавьж өгсөн нь хууль хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангахад чиглэжээ.

Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургадугаар сарын 1-н байхаар зааж өгөх ёстой гэж санал гаргасан ч Хууль зүйн сайдын тайлбараар бол хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардана. Дээр нь гэр хорионы техник хэрэгслийг захиалж авчирахад зургадугаар сарын 1-н гэсэн хугацаа амжихгүй аж. Улсын Дээд Шүүх мөн саналаа ирүүлэхдээ хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын 1-н зохимжтой гэж үзжээ.

Хуульд зааснаар 39 зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Нэг л зүйл заалтаар компанийг татан буулгана. Энэ нь алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйл заалтаар хязгаарлагдаж байгаа аж. Хуульд торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг 800 сая төгрөг болгон бууруулжээ. Торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих аж. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ.

Гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр заасан байна. Согтуугаар машин жолоодвол баривчлахаар заагаад байсан ч торгохоор болж, өөрчлөлт орууллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна