Гаалийн 75 байцаагчид эрүү үүсгэжээ

2015 оны 12 сарын 4

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын мэдээлснээр, Авлигатай тэмцэх газраас тэдний дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж эхэлжээ. Тэдний тоонд ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс батлан даалтад, гадуур шалгуулж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Харин  Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж эхэлжээ. Товчхондоо ГЕГ-ын нийт  найман албан тушаалтныг хуулийнхан одоо шалгаж байна. Зарим мэдээллийн сайтуудаар ГЕГ-ын дарга О.Ганбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Харин О.Ганбат дарга дээрх мэдээллийг үгүйсгэж, албан ёсоор АТГ-аас  өөрийг нь шалгана гэж мэдэгдээгүй. “Ажлаасаа халагдаж, гаалийн байгууллагын нэр хүндийг унагаж буй нэр бүхий хэдэн нөхөд намайг АТГ-т шалгуулна л гэж байсан. Тэд АТГ-д хандсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би АТГ-д шалгуулахад бэлэн байна. Надад хийсэн гэм, нүгэл байхгүй” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн хавар Гаалийн ерөнхий газрын дарга солигдож, шинэ даргыг дагаад тус байгууллагын орон тооны бүтэц данхайсан. 110 орчим албан тушаалтан хууль бусаар Гаалийн байгууллагад шингэсэн байсныг О.Ганбат дарга тайлбарлалаа. Тэрбээр даргын суудалдаа буцаж ирээд дээрх төрийн албаны шалгалт өгөлгүй гаалийн байцаагчийн нэр зүүсэн 70 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. О.Ганбат дарга энэхүү үйлдлээ хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж хэллээ.

Цаашид гааль, татварын байгууллагууд нэгдэнэ. Тус бүтцээр дээрх хоёр байгууллагаас 370 албан тушаалтныг цомхотгож, 1.5 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ тухайд О.Ганбат дарга “Гаалийн анхан шатны нэгжийн ажилтан, удирдлагуудыг цомхотгохгүй” гэсэн байр суурьтай байна.

Энэ оны эхний 10 сарын байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Захиргааны зөрчил  2800 гаруй бүртгэгджээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна