Туркийг гэсгээхийг Аллах шийдсэн

2015 оны 12 сарын 4

Алсын хязгаарт угтан сөнөөх болно

 

Фото: Михаил Метцель / ТАСС

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 3-ны пүрэв гаригт Холбооны чуулганд 12 дахь илгээлтээ танилцууллаа. Энэхүү илгээлтээрээ ирэх онд хэрэгжүүлэх бодлого, стратегиа танилцуулдаг юм. Дэлхий нийт Путин цаашид ямар бодлого баримтлахаа танилцуулахыг анхааран сонслоо.

 

Оросын төрийн тэргүүний улс орны хөгжлийн стратегийг тодорхойлсон илгээлтэд Оросын амин чухал асуудлууд тусгалаа олжээ. Ерөнхийлөгч үгээ Оросын цэргийн албан хаагчдад талархлаа илэрхийлснээрэхлээд амь үрэгдэгсдийн дурсгалыг минутын гашуудлаар хүндэтгэхийг гуйлаа.

 

Олон улсын терроризм ба Сири

 

Орос орон террортой хийж байгаа тэмцлийн тэргүүн эгнээнд аль эртнээс явж байна. Энэ бол эрх чөлөө, үнэн, шударга ёсны тэмцэл юм. Хүмүүсийн амьдралын төлөө, иргэншлийн ирээдүйн төлөөх тэмцэл юм. Орос ийм дайснуудтай ерээд оны дундуур нүүр тулж, манай иргэд харгис террорист довтолгоонд өртөж байлаа. Бид Будённовск, Беслан, Москвад хүмүүсээ барьцаалуулж байсан ч, тэдний орогносон орон сууцуудыг  өршөөлгүй дэлбэлж, «Невский экспресс» галт тэрэгний сүйрэл нийслэлийн метро, Домодедово нисэх буудалд хийсэн террорыг мартаагүй. Эдгээр эмгэнэлт явдал нь мянгаар тогтохгүй хүний амийг авч одсон юм. Тэр зовлон бидний зүрх сэтгэлд, амь үрэгдэгсдийн ар гэр, хамаатан саданд гүн шарх үлдээсэн юм. Дээрэмчдийн нурууг хугалахад бараг арваад жил шаардлагатай болсон билээ. Бид террористуудыг Оросоос бараг шахан хөөсөн, гэхдээ өнөөг хүртэл тэдний үлдэгдэлтэй эвлэршгүй тэмцлийг явуулж байна.  Энэ гай өнөөг хүртэл хор уршиг тарьсаар ирлээ. Хоёр жилийн өмнө Волгоградад террор хийгдлээ. Саяхан Синайн хойг дээр Оросын иргэний агаарын тээврийн онгоцыг дэлбэлэв. Хил хязгаар бараг нээлттэй, дэлхий даяарчлагдаж буйн дээр  алан хядагчид санхүүгийн ихээхэн тэтгэлэг  авч байгаа нөхцөлд олон улсын терроризмыг зөвхөн нэг орны хүчээр ялах боломжгүй.

 

Терроризм улам бүр нэмэгдэж байна. Афганистаны асуудал шийдэгдээгүй, энэ улсад байдал түгшүүртэй, өөдрөг сэтгэл төрүүлэхгүй байгаа юм. Саяхан л тогтвортой, тайван байсан Ойрхи Дорнод, Хойд Африкийн  Ирак, Ливи, Сири бүрэн замбараагүй, анархид автан дэлхийд заналхийлж байна. Яагаад ийм болсныг бид мэднэ. Бүдүүлгээр өөрийн зарчмыг тулган, бусдад тааламжгүй дэглэмээ хэн солих гэснийг ч бид мэднэ. Үр дүнд нь юу болов? Холион бантан болж, радикал, хэт даврагчид, террористуудад замыг нь нээж өгөөд бидний ярьдгаар “гараа угаан” залцгаалаа. Сирид бөөгнөрсөн дайчдаас ноцтой аюултай  цөөнгүй хүмүүс байгаа юм. Тэд зэр зэвсэг, мөнгө хөрөнгө  аван хүчээ нөөцөлж байна. Хэрэв тэд тэнд бэхжин ялах юм бол шууд л манайд гарч ирцгээн айдас, үзэн ядалтын хар сүүдэрт автуулж, жирийн иргэдийг алж талан зовоох юм. Бид тэднийг алсын хязгаарт угтан сөнөөх ёстой. Тийм ч учраас бид Сирийн хууль ёсны засгийн хүсэлтээр цэргийн ажиллагааг явуулахаар шийдсэн юм. Сирид манай зэвсэгт хүчин тулалдаж нэн түрүүнд Оросынхоо иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Орчин үеийн орос зэвсэг үр дүнтэй ашиглагдан, байлдааны нөхцөлд туршигдан манай цэргийн техник, зэвсэглэлийг цааш сайжруулагдахад үр дүнгээ өгөх юм.

 

Туркийг гэсгээхээр Аллах шийдсэн байх

 

Сири улсад дээрэмдсэн нефтиэр террористуудад ашиг олж, Туркт өөрийн халаасаа хэн дүүргэж байгааг бид мэднэ. Хойд Кавказад 2000-аад оны эхээр бусниулж байсан  “дайчид” Туркт бүгэн сэтгэл санаа, материаллаг тусламж авч байсан юм. Террористуудыг хаацайлан хамгаалж байсныг нь бид мартахгүй. Манай нисгэгч нарын араас буудсан Туркийн тэр хүмүүс үүнийг санаж байг. Тэд яагаад үүнийг хийснийг зөвхөн Аллах л мэдэх байх. Туркийн эрх баригч бүлгийн ухаан санаа, сэтгэлгээг алдуулан тэднийг гэсгээхээр Аллах шийдсэн байх. Гэхдээ тэд биднээс дуу тавьсан аюултай үйлдэл гарна гэж хүлээгээд хэрэггүй. Бид зэр зэвсгээр сүр далайлгахгүй. Хэрэв тэд манай хүмүүсийг хөнөөгөөд улаан лоолиор аргална гэж бодож байгаа бол алдаж байна. Бид хэрхэн хөдлөхөө мэднэ.

 

Фото: Александр Астафьев / РИА Новости

 

Сонгууль ба авлига

 

Сонгуулийн өрсөлдөөн шударга, ил тод болох ёстой. Сонгуулийг хууль ёсоор хатуу хангаж өгөх ёстой. Төрийн думын сонгуулийн үйл ажиллагаанд авлигатай хийх тэмцлийг оруулж, иргэдийн итгэлийг бүрэн татан бүрдүүлэх хэрэгтэй. Энэ асуудал нь нийгмийг анхаарлын төвд байна. Авлига бол Оросын хөгжлийг саатуулж байгаа юм. Саяхан “Шударга худалдааны төлөө” бүх Оросын фронтынхон илрүүлсэн зөрчлийнхөө талаар надад ярьсан. Ерөнхий прокурор, хууль хяналтынхнаас энэ талаар шуурхай хөдлөхийг гуйя.

 

 

Төсөв ба татварын тухай

 

Манай ашиг төлөвлөснөөс бага гарсан ч гэсэн 2016 оны эцсийн дүнгээр төсвийн алдагдал гурван хувиас давах ёсгүй. Төсвийн төлөвлөлт, төсвийн шат бүрийг чиглэлүүдээ нарийн тогтоосноор эхлэх хэрэгтэй. Улсын ашиг данснаас гадуур өнгөрөх ёсгүй. Гаалийн, татварын болон бусад мөнгөн төлбөрийг бүртгэх нэгдмэл цул механизмыг бүтээх санал дэвшүүлж байна. Ойрын жилүүдэд бизнесийн татварын төлөлт нь нэмэгдэх ёсгүй.

 

Ажил хэргийн эрх чөлөөг эдийн засгийн болон нийгмийн  чухал асуудал гэж үзэж байна. Эрх чөлөөг нь өргөжүүлснээр бидэнд тулгагдаж байгаа бүх хязгаарлалтад бид хариу барьж чадна.

 

Татварын өршөөлийн тухай

 

Фото: Петр Кассин / «Коммерсантъ»

 

Орост хөрөнгийн өршөөлийн хугацааг дахин хагас жилээр сунгах, бүртгэлийн  ажиллагааг нь хялбарчлах ёстой. Татварын өршөөл нь өмнөх оролдлогоос илүү сайн явж буйг Путин сонсгов. Гэхдээ тэр нь  хангалтгүй гэлээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй болон ядуусыг дэмжих

 

Фото: Владимир Саяпин / ТАСС

 

Хөгжлийн бэрхшээлтэй, бага орлоготой хүмүүст шаардлагатай тусламж үзүүлэхийг Владимир Путин уриалав. “Бага орлоготой, эмзэг давхаргын иргэдийг дэмжих шаардлагатай. Үнэхээр шаардлагатай хүмүүс нийгмийн тусламжид хамрагдах шударга зарчимд эцийн эцэст шилжих хэрэгтэй”.

 

Ерөнхийлөгч сурагчдын боловсролын төвшинг нэмэгдүүлэхийг шаардав. Сургуулийн засварт 50 тэрбум рубль гаргаж байгааг тэр зарлав.”Жилээс жилд сурагчдын тоо өсч байна. Ойрын 10 жилд тэдний тоо 3,5 саяар нэмэгдэнэ. Тэр өсөлт нь боловсролын чанарт нөлөөлөхгүй байх ёстой. Өнөөдрийн боловсролын төвшин улам өндөржиж байх шаардлагатай”. Путин түргэн тусламжийн машинуудын паркийг  сэргээх үүрэг өглөө.

 

Оросын хөгжлийн гол чиглэлүүдийг тодорхойлсон 58 минутын үгээ Владимир Путин "Бид хамтдаа заавал амжилт олно” гэсэн уриагаар дуусгалаа.

 

Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна