А.Энхтайван: Чингисээр өвчилчихсөн хүмүүст Өэлүн эхийн тухай үнэлэмж байгаагүй

2015 оны 12 сарын 4

Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайваныг “Онцлох зочин”-оор урьж ярилцлаа.


-Саяхан Монгол бахархлын өдрөөр Дорнод аймагт Өэлүн ээжийн хөшөөг босгосон. Тэр хөшөөг Дорнод аймагт босгох санааг анх таныг гаргасан гэж сонслоо. Хамгийн сүүлд хийсэн энэ ажлаас тань ярилцлагаа эхэлье?

-Цонжин болдог дахь Чингис хааны хөшөөний өөдөөс харсан Өэлүн эхийн сайхан хөшөө бий. “Сайхан Булган” гэж компанийн энэ цогцолборт одоо байгаа Өэлүн эхийн хөшөөний оронд өмнө нь полимерээр хийсэн хөшөө байсан. Хөшөөний эх загварыг бурханч лам Г.Пүрэвбат гаргасан юм билээ. Хөшөөг өөрөө анх санаачилж, зардал мөнгөө гаргаж хийсэн хүн нь “Сайхан Булган” компанийн захирал А.Лхамжав эгч. Тэгээд сүүлд хөрөнгө оруулалт дахин хийж хөшөөгөө шинэчлээд хуучин хөшөөгөө өнгөрсөн наадмаар надад бэлэглэсэн. Би тухайн үед дүү нь наадахыг чинь болж өгвөл Өэлүн эхийн төрсөн нутагт залчихъя гэсэн юм. Өэлүн эхийн төрхөм бол тухайн үедээ хонгирад аймгийн олхонууд овогтонд багтаж явсан. Есөн настай хүү Тэмүүжинг Есүхэй баатар дагуулаад нагацуудаас нь бэр гуйхаар явсан тухай “Монголын нууц товчоо”-нд бичсэн байдаг. Энэ бол маш чухал үг. Монголчууд эрт дээр үеэс нагац нараа, цусан төрлөө тэгж хүндэтгэдэг байсан байна. Үр удамдаа нагац нарынх нь нутгаас үе залгамжлуулан эхнэр авах юм сан гэдэг байж. Энэ мэтийн сэтгэл хөдөлгөм сайхан зохиолын үг хатгасан байж болох юм. А.Лхамжав эгчийгээ надад хуучин хөшөөгөө бэлэглэхэд нь их баярласан, бэлэгшээсэн. Өөрөө ч надад хэлсэн. Эгч нь Өэлүн эхийн тухай, Монголын хатдын тухай үйл хэргийг тэнгэрийн даалгавраар хийж байгаа хүн шүү. Миний дүү үүнийг сайхан зөв газар нь босгоорой гэсэн. Тэгээд би анх энэ хөшөөг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дахь Дэлүүн болдогт босгоё гэж бодсон. Тэгээд тухайн үедээ орон нутгийнхантайгаа ч сайн уулзаж амжсангүй, зарим нь ч надад мөнгө санхүүгийн боломж байхгүй байна аа гэсэн. Ер нь манай Хэнтийнхэн Өэлүн эхэд хэрхэн хандаж байгаа нь тодорхой бус, өөрсдөө Чингис, Чингис гээд өвчилчихсөн. Чингисийгээ жинхэнэ имиж болгочихсон ийм улсуудад Өэлүн эхийн ач гавьяаг үнэлэх үнэлэмж байгаагүй юм болов уу гэж би бодсон.

Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар надтай хамт Свердловск хотод сурч байсан найз маань байгаа юм. Цогоогоо би хайж явж уулзсан. Танай Дорнод аймаг бол хуучнаар хонгирадын нутаг юм байна. Хонгирад аймаг дотроо олхонууд аймгийн нутгийг багцаалдвал өнөөгийн Дорнод аймгийн төв, Хэрлэн барс хот энэ хавьд Дай сэцнийхэн голынхоо хөвөөг дагаж дээш доош өгсч уруудан нүүж хаваржиж, зусч, намаржиж байсан газар юм биш үү. Яахав өвөлжихдөө хойшоо Ононгийн бургас руу явдаг байсан биз. Ийм учраас Өүлэн эхийн хөшөөг надад нэг яруу найрагч эгч маань сайхан сэтгэлээрээ бэлэглэсэн. Үүнийг хоёулаа юм болговол яасан юм бэ. Одоо бол би өөрийнхөө зуслангийн хашаанд татчихаад байж байгаа. Том хөшөө шүү дээ. Хуучин хөшөөг буулгахдаа нэлээд эвдэлсэн юм билээ. Тэгээд засвар хийчихье. Ингээд босгоё гэсэн чинь “Наадах чинь ямар гоё санаа вэ. Чамаас өөр хүнээс гарахгүй санаа байна. Би ерөөсөө зүтгэе” гээд. Тэгээд Д.Цогтбаатар маань санаачилга гарган эхлүүлсэн. Миний ойлгосноор Дорнодын нутгийн зөвлөлийн хүмүүс нь дэмжээгүй юм шиг байна лээ. Ганц нэг хүн ч мөнгө өгөөгүй юм уу даа ер нь. Хэдэн хүн мөнгө өгөх гэж байснаа бусдынхаа үг хэл хатгаасаар болоод болье гээд. Монголчууд их сонин юм байна ш дээ. Гүйх нохойд  гүйхгүй нохой саад гэгчээр. Өөрт нь санал тавиад юм хийгээд өгөөч гэхэд хөдлөөгүй мөртлөө өөр хүнд санал болоод юм хийх гэхээр дундуур нь илүү дутуу хошуу холбоод хүүхэн шиг шалчиганаад яваад байдаг хүмүүс байдаг юм байна. Тэгээд бид хоёр тэр мэтийг нь ч тоосонгүй ээ. Өөрийнхөө хэдэн ажилчидтайгаа, Цогоотойгоо нийлж байгаад хоёулаа халаасаа шавхаж байгаад яаж ийж байгаад энэ намартаа босгочихъё гэж зүтгэсэн. Цогоо маань арваннэгдүгээр сарын 12-нд дуусгаж өгөөч гэсэн. Яах гээд байгаа юм гэсэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр нутагтаа хүлээлгээд өгчихье. Дорнодынхоо удирдлагуудад л өгчихье гэсэн. Тэгээд зүтгэсээр байгаад 20-иод хоногийн дотор босгосон. Их засвар хийсэн. Хийхээс ч аргагүй байсан. Хээ хуар бүх юмыг нь тодруулсан. Ихэнх нь өмрөөд уначихсан байсан. Би Монголын монументаль чимэглэлийн нэртэй сайн уран барималч хүнийг урьж аваачиж бүх засварыг нь хийлгэж байж Дорнод руу зөөж аваачиж босгосон. Хоёр метр өндөр тэр том хөшөөг салхинд унагахүйн тулд газар дор хоёр метр цул цутгуур хийсэн.

-Цонжин болдогийн шинэ хөшөөтэйгөө хэмжээ, загвар яг адилхан уу?

-Хэмжээ бол адилхан. Ганцхан юу гэхээр хүмүүс өөлөөд байгаа юм. Бутраад унасан шавар аваачаад эвлүүлчихлээ гэж. Бутарч унасан шавартаа гол нь биш үүний анхны эх загварыг нь гаргасан хүн нь бурханч лам Г.Пүрэвбат гэхээр хэн гэсэн хүлээн зөвшөөрөх загвар байхгүй юу. Тэр хүний монгол дархчуудтайгаа, монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч хийсэн энэ сайхан баримлыг энд тэнд хашаанд хог болгож хаяж баймааргүй санагдаад, Өэлүн эхийн тэр сайхан хөшөө, тэр лам нарын сүншиглэж хийсэн уран баримал нэг хашаанд хог болоод хэвтвэл тэнгэрийн заяа гомдох болов уу гэж дотроо бодсон юм. Түүнээс эндээс нэг ч төгрөгийн ашиг хонжоо хайгаагүй. Сэтгэлд ургасан бодолдоо хөтлөгдөж л би үүнийг Д.Цогтбаатартайгаа хамтарч хийсэн. Дорнод аймгийн захиргаанаас нэг ч төгрөг гаргуулаагүй. Цогоо маань өөрийнхөө халаасыг шавхсан. Дутсан гачигдсаныг нь би бас нэмэрлэсэн. Ингэж байж босгосон шүү. Хавраас өнгө үзэмжийг нь засна. Гэтэл янз бүрийн хэл ам гарах юм. Д.Цогтбаатар руу маань л дайраад байдаг юм билээ л дээ, Дорнодын зарим улстөрч. Тэд өөрсдөө санаачлаад хийж болох л байсан ш дээ. Ер нь бол энэ дээр гол санаачилга гэдэг нь юундаа байгаа вэ гэдэг нь л чухал. Тэр нь энэ сайхан хөшөөг эх нутагт нь босгох санаачилгыг Д.Цогтбаатар маань гаргасан юм шүү гэдгийг л би онцолж хэлмээр байна. Түүнээс хөшөөг анх санаачилж бүтээлгэсэн хүн нь бол Аюушийн Лхамжав гэж хүн юм. Тэр хүн үнэхээр өөрөө санаачилж Г.Пүрэвбат ламаар бүтээлгэсэн нь үнэн. Харин нутагт нь аваачиж босгох ажлыг нь Цогтбаатар санаачилж хийсэн нь үнэн. Санааг нь би гаргасан, санаачилгыг нь тэр хүн гаргасан гэсэн үг л дээ.

-Таныг хараад байхад сүүлийн үед түүх, соёл, зан заншил, уламжлалаа сэргэх өвлүүлэх, энэ бүхнээ урлагаар дамжуулан илэрхийлэх ийм ажил руу өөрийн эрхгүй ороод байх шиг байна л даа?

-Энэ бол бидний үеийнхний хийхээс өөр аргагүй том ажил. Өөрийн чинь хэлж байгаа үнэн. Би өөрөө санаачлаад Монголын түүхийн гурван үеийн есөн эрдэмтнийг ажлынхаа өрөөнд цуглуулаад, та нар минь надад туслаач, бүгдээрээ нэг гоё юм хийе. Ирэх жилийн улс тунхагласны баярын наана “Монголын нууц товчоо” руугаа нэг сайн орж, Монголын Чингис судлаачид “Монголын нууц товчоо” судлаачид нэгдсэн нэг дүгнэлттэй болж, зүйлчлэл гаргая гэж ярилцсан. Өнөөдөр Бурхан Халдун хайрхан гэхэд Хэнтийд хоёр гурав болчихоод байна. Дадалынхан тэр хавьдаа Бурхан Халдунтай шүү гэх гээд байна. Дэлүүн болдог маань хоёр байна. Нарт шүтээн маань хэд болчихоод байна вэ. Ингээд Хуст шүтээн зэрэг олон газар хэд хэд болчих гээд байна. Сүүлийн үед сураг сонсч байхад Өвөрмонголд Далан хар уулын урдуур урсч байгаа Хатан голын хойд эрэг дээр Дэлүүн болдог бий болчих гээд өвөрмонголчууд яриад явж байна. Ийм юмыг бодохгүй бол болохгүй болчихоод байна. Ийм учраас цөмөөрөө үүнийг нэг мөр болгоё. Монгол Улсын Засгийн газар үүнийг дэмжиж өгөөч гээд би есөн эрдэмтнээ дагуулаад У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь орж гуйсан юм. У.Хүрэлсүх “Яг миний бодож санаж явдгийг Энхтайван минь чи хийлээ. Энэ бол гарцаа байхгүй хийх ёстой юм” гэж сайхан хүлээж авсан. Өнөөдөр бид хэдэн төгрөгөөр зам тавья, байшин барья, үйлдвэр байгуулъя гэж байгаагаас арай л дээгүүр дөнгүүрт тавигдах алтан түүхэн сурвалж бичиг маань “Монголын нууц товчоо” юм шүү дээ. Бидний санал уг нь Засгийн газрын хуралдаанаар ороод дэмжигдсэн. Тэгэхээр энийгээ одоо нэг сэргээж хараач ээ, дэмжээч ээ гэмээр байна.

-Яг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Бид түүхэн газруудыг бүгдийг нь харуулсан тайлбартай видео бичлэг хийнэ, тэгээд эрдэмтдээрээ нэгдсэн дүгнэлтүүдийг зүйлчлэл бүрээр гаргуулаад маш сайн ул суурьтай шинэчилье гэж байгаа. Үүнийг хийнэ гээд байгаа бас нэг том зорилго бол өнөөдөр манай “Секрет Монгол” компани Монголын угсаатны музейн цогцолбор байгуулахаар болсон. Энэ маань бидний дээр хэлсэн эрдмийн ажилтай маш холбоотой. Тэгэхээр энэ цогцолборыг барихад хамгийн дээд талын оргил дээр нь бидний энэ эрдэмтдийн хийсэн бүтээл байж байх ёстой гэж бодоод байгаа. Бараг Их цагаан сүлдний дээд талд нь энэ олон эрдэмтдийн гаргасан нэгдсэн дүгнэлттэй сайхан тайлбар бичиг байж байх ёстой гэж би бодоод байгаа. Энэ маань бидний хойч үе залуучуудад “Монголын нууц товчоо”-ны утга учрыг таниулж нүдийг нь нээж өгөх ажил байгаа юм.

-Засгийн газар хуралдаанаараа хэлэлцэж дэмжихээр шийдвэрлэсэн гэлээ. Энэ дагуу ямар нэг арга хэмжээ аваагүй юу?

-Засгийн газар хуралдаанаараа дэмжсэн. Одоо хөрөнгө санхүү хэцүү байгаа байх. Гэхдээ энэ бол Засгийн газраас нэг их хөрөнгө мөнгө шаардаад байх ажил биш. Засгийн газар үүнийг хийх нь зүйтэй гээд тогтоол гаргаад өгчих юм бол үүнийг дэмжих монгол цустай монгол дотортой хүмүүс, бизнесмэнүүд  зөндөө байна. Бид Засгийн газрын тогтоолоор үүнийг хийх гэж байна. Та монгол хүн юм бол үүнд оролцоод өгөөч ээ гээд бадар бариад гуйя л даа, хамаа алга. Захаасаа дэмжье гэсэн хүмүүс байж байна. Тийм болохоор үүнийг хийчихмээр санагдаад байгаа юм. Энэ их том ажил. Яагаад гэвэл Монголын энэ цагийн том эрдэмтдийн хийсэн бэлээхэн судалгааны ажлууд байж байхад бид нэгтгээд л С.Дулам гуай таны тайлбар ямар байна, О.Сүхбаатар гуай таны тайлбар ямар байна. Б.Сумъяабаатар гуай та энэ дээр нэг үгээ хэлээд өгөөч. Б.Төмөртогоо гуай та таны саналаар энэ нийцэж байна уу гээд л. Бүгдээрээ санал нийлээд энэ ёстой яг үнэн боллоо гэхээр нь бид тэмдэглээд яваад байна. Ийм юм хийх гээд байгаа юм. Энэ бол маш чухал ажил. Үүнийг би өнөө маргаашгүй эхлүүлчих юм сан. Ондоо багтаад эхлүүлчих юм сан гээд л сэтгэл зовоод явж байна.

-Таны энэ бодож санаж, сэдэж хийж байгаа зүйлс уран бүтээлд тань хэрхэн тусч байна вэ?

-Өэлүн эх баримлын анхны эзэн “Сайхан Булган” компанийн эзэн А.Лхамжав эгч өнгөрсөн жилийн наадмын дараахан “Хамаг Монголын ижий” гэж нэг шүлэг өгсөн. Тэр шүлгэнд би аялгуу хийгээд ДБЭТ-ын гоцлол дуучин Энхнаран, Наранчимэг, Мөнгөнцэцэг гурав дуулуулсан. Энэ гурав өнгөрсөн оны арваннэгдүгээр сард "Өэлүн ээж" цогцолборын нээлт дээр дуулсан. Дараа нь хавар “Морин хуур” уралдаанд оруулсан. Тэр дуу одоо нэлээд “явах” шинжтэй болж байна. Яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр СУИС, Хөгжим бүжгийн сургуулийн сургалтын програмдд орж байгаа хүүхдүүд их авч байна. Дөнгөж сая Дорноговийн “Саран хөхөө” театры гоцлол дуучин, гавьяат жүжигчин Нарантуяа эгч маань энэ дууг дуулъя гэхээр нь өгчихлөө. Бүтээлийг маань сая дууллаа. Аймгийнхан хоёр гурав дахиулж дууг нь их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсан байна лээ. Өөрөө надад утасдаж их баярласан шүү гэж хэлсэн. Зүгээр нэг “Хамаг Монголын ижий” гэдэг дуу зохиогоо л биз гэж хүн бодох байх л даа. Гэхдээ тэр дууны цаана маш их ач холбогдол байгаа. Өнөөдөр Өэлүн эхийнхээ тухай дуулж хуурдаж, шүлэг яруу найрагтаа оруулж, тэр хүний тэнгэрт байгаа сүнсийг хүндэтгэн өчүүхэн төдий ч гэсэн жижигхээн цагаан гэгээ явуулж байхад нэг их буруудахгүй болов уу л гэж боддог. Үүний үр дүнд сая тэр хуучин хөшөө нь сэргэж босоо биз. Юм учиртай шүү дээ.

-Та бас сүүлийн үед хэд  хэдэн кино найруулсан. “Мойлхон” кино булган сүүлтэй байх  шиг байна?

-Миний кино руу орсон нь манай гэр бүлийн хүнээс болсон юм. Миний эхнэр Бямбаагийн Баярмагнай гэж өөрөө зохиол бүтээл оролддог  хүн бий. Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байхдаа л хошин шогийн зохиол их бичдэг байсан, бичгийн хүн л дээ. Би бол өөрөө л нэг кинонд тоглоо биз. Тэрнээс өөрөөр кино хийе ч гэсэн нэг их бодол санаа, зориг байгаагүй. 2007 оны намар дуучин Г.Чинболор, Л.Чулуунбаатар, Д.Наранхүү, Р.Батболд нараар “Хан Хэнтий уул минь” дуугаа шинэчлэн дуулуулж, дүрсжүүлэх ажлаар Хэнтийгээ бараг тойрсон юм. Тэгж явахад манай эхнэр бидэнтэй хамт явсан л даа. Бид Дадалд очоод зураг авч байх хооронд л манай хүн Дадалын хөгшчүүдтэй уулзаад л, тэр нутгийн түүхийг судлаад л явсан. Тэгээд буриадуудад хэлмэгдээгүй өрх байдаггүй юм байна ш дээ гэж надад ярьж байсан. Ирээд л тэр санаагаараа “Мойлхон” киноны гэж зохиолыг бичсэн. Анхны зохиол “Нүхэнд үлдээсэн сувд” гэж нэртэй байсан юм. Тэр үед бид хоёр “Идуган энтертэйнмэнт” гээд гэр бүлийн студи байгуулсан байсан. Тэр студиэрээ киногоо хийе гээд зохиолоо аваад “Туушин” компанийн дэд захирал Пүрэвчулуун ахтай уулзсан. Нутгийн ахад зохиолоо өгөөд “Өнөө шөнө уншаад ямар сэтгэгдэл төрөх нь вэ, өглөө яриарай” гэсэн. За гээд аваад үлдсэн. Маргааш нь над руу утасдаад “Тайваан, ах нь наад зохиолыг чинь уншаад хоёр дахин уйллаа. Чи яах гээд байгаа юм” гэнэ. “Би кино хийх гэсэн” юм гэлээ. “Хэдэн төгрөг орох юм” гэнэ. “Төд л орно доо” гэсэн. “За ах нь мөнгө босгож өгье” гэсэн. Ингэж бидний саналыг маш зоригтой хүлээж авсан. Шууд л кино хийх бэлтгэлдээ орсон. 2008 оны гуравдугаар сар шүү дээ. Бэлтгэлээ базаагаад Пүрэвчулуун ахдаа тавдугаар сарын эхээр явмаар байна. Жаахан хахиргандуу цагаар зураг авмаар байна. Яагаад  гэвэл миний дотор бодогдож байгаа нь тийм байна. Нэг их айхтар зуны дэлгэр цаг юм уу жаргалтай сайхан цаг үеийг харуулмааргүй байна гэж хэлсэн. “Бараг тийм байх шүү, за ах нь юмыг нь бэлдье” гэсэн. Тэгээд Пүрэвчулуун ах ерөнхий продюссероор ажиллаад зургандаа явсан. Киногоо хийж явах явцдаа нэрийг нь өөрчилсөн. “Нүхэнд үлдээсэн сувд” гэдэг нэр жаахан уртдаад байсан. Буриадууд “Миний муу басгантнай ёстой нэг мойл хархан нүдтэй дээ” гэж ярьдаг. Миний “Балжийн гол” дуунд ч гэсэн “мойл хархан нүдээрээ инээсэн” гэж байдаг ш дээ. Манай Ж.Саруулбуян маш судалгаатай хүн юм чинь. Дууны шүлгэндээ мойл хархан нүдээрээ инээсэн гэж их гоё хэлсэн байдаг. Нээрээ л мойл хоёр хоёроороо хүний хар нүд шиг ургадаг. Ерөөсөө тэр бодогдоод. Тэгээд л “Мойлхон” гэж нэр өгсөн. Энэ кино маань тодорхой хэмжээнд амжилтад хүрсэн. Хамгийн гол нь энэ киногоор бид шинэ залуу жүжигчдийг тодруулж гаргаж ирсэндээ баярладаг. Б.Баярмаа, Г.Алтаншагай байна. Манай дуучин Д.Наранхүү ч гэсэн Дугар гээд их сайхан дүр бүтээсэн. Г.Золбоотыг бол ярилтгүй л дээ, агуу их мастер хүн. Энэ кинонд хамгийн гол үйл хөдлөлийг хөтөлж явсан хүн бол Г.Золбоот. Би энэ киног бүтээснийхээ дараа Г.Золбоотод маш их баярласан. “Аргагүй л ах нь дүүгээ гуйж тоглуулсан нь оносон байна. Миний дүү ч маш сайхан золбоолог эр хүн юм даа. Чи бид хоёр уран бүтээлийн ганзага нийлэх юм байна даа” гэж хэлж байсан.

-Анхны кино амжилттай болсон нь дараагийн бүтээл төрөх урмаар шагнасан биз?

-“Мойлхон” киног хийсний дараа 2010 онд “Монзол” группийн эзэн Ч.Чинбат гэж найз дээрээ би эхнэрийнхээ нэг кино зохиолыг бариад орсон. Халхын их зайран, XX зууны манлай зайран гэж яригддаг Дамдин зайран гэж хүн байдаг. Миний хань өөрөө нутгийнх нь хүн учир тэр хүний тухай судалж байгаад “Тэнгэрийн хүү” гэж зохиол бичсэн юм. Тэгээд Ч.Чинбат дээрээ ороод “Энэ киног хийе. Продюссероор ажиллаач” гэсэн. Зохиолыг маань уншчихаад маш их таалагдлаа. Гоё кино хийгээрэй, зардал мөнгийг нь гаргая гэж үнэхээр их урам өгсөн. Тэгээд бид 2011 оны хавар дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Ренчинлхүмбэ суманд очиж зураг авалтаа хийсэн. Сахал Эрдэнээ гэж кино зохиол бичээд явдаг нэг нөхөр бий. Тэрийг би надтай хамтарч ажиллах уу гэсэн чинь “Тэгье, Тайван ах аа” гэж ирчихээд зохиолыг маань баахан уншиж уншиж байснаа урьдчилгаа хоёр сая төгрөг аваад алга болчихсон. Чи хаана байна аа гээд утасдаад байсан. Утсаа салгаад алга болсон. Тэгээд бид энэ олдохоо больсон. Угаасаа өнгөрсөн гээд Эрдэнээг орхисон. Ингээд бид дараа нь өөр хүмүүстэй нийлээд багаа бүрдүүлээд зургандаа гарсан. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд зургаа авсан. 2012 онд киноныхоо нээлтийг хийлээ. Тэгсэн эхнэрийн маань зохиол “Содура” гэдэг кино болоод гараад ирдэг байна ш дээ. Тэр Эрдэнээ тэгж хүний санааг хулгай хийсэн. Тэр киног хийсэн UBS телевизийнхнийг бол би буруутгахгүй. Эрдэнээ бол муухай л байхгүй юу. Хүний оюуны бүтээлийг тэр чигээр нь хулгай хийгээд өөр хүмүүстэй нийлээд кино хийнэ гэдэг бол онцгүй. Тэрийг би нэг их хөөцөлдөж шүүх, цагдаа болоогүй. Гэхдээ гол санааг бидний зохиолоос аваад, гол зураг авалтаа яг бидний кинотой адил Хөвсгөлд очиж авсан байна лээ. Энэ бол муухай л даа. Тийм хүмүүс байдаг юм билээ. Тэр Эрдэнээ “Үхэж үл болно Чингис хаан”, “Аравт” гээд олон киноны зохиол бичсэн гээд байсан юм уг нь.

“Тэнгэрийн хүү”-гийн дараа нь 2013 онд Өвөрмонголын гурван баргынхнаас санал ирээд тэдний ардын дууны домгоор кино  хийж өгсөн.  2014 онд “Бардо” киногоо олны хүртээл болгосон. Зохиолыг нь мөн эхнэр маань бичсэн.

-Энэ киноны нэр их өвөрмөц санагддаг. Ямар утгатай нэр вэ?

-Зохиолын нэр анх “Далд ертөнц” гэж байсан. Хүний сэтгэлийн далд ертөнц гэж юу байдаг юм бэ гэдгийг л харуулах гэсэн. Би киногоо найруулаад хийж явсан нэрийг нь сольё гэж бодсон. “Сүнс” гэж нэрлэе гэтэл хүмүүс бас аймшгийн кино гэж ойлгох юм болов уу гээд. Далд мэдрэмжийг гаргаж ирж байгаа сүнс гэдэг маань юу вэ гэхээр төрлөө олоогүй сүнс байж болно. Төрлөө олоогүй сүнсийг түвдээр юу гэдэг юм бол гээд Гандантэгчинлэн хийдийн дэд хамба байсан гавьж Амгалан багшаас асуусан. Тэгсан төвдөөр 49 хоног дотор төрлөө олоогүй тэнэж яваа сүнсийг бардо гэдэг юм гэж хэлсэн. Энэ киноны утга тийм л дээ. Тэгээд л “Бардо” гэж нэрлэсэн. 

-Та Свердловскт төгссөн дуурийн дуулаач хүн. Дуурьт хэр олон жил ажилласан бэ?

-Би 1985 онд Уралын хөгжмийн дээд сургууль буюу Свердловскийн консерваторыг дуурийн дуулаач мэргэжлээр төгсч Дуурийн театрт ирсэн. Тэгээд Дуурийн театрт 2005 он хүртэл ажиллаад албан ёсоор тэтгэврээ тогтоолгож гарсан.

-Дуурьт олон гол дүр бүтээсэн үү?

-Дэлхийн болон үндэсний сонгодог 32 дуурийн гол дүр бүтээсэн байдаг юм. Гэхдээ энэ миний  сайных биш ээ. Яагаад  гэхээр Монгол Улсын ДБЭТ-т 1985 онд намайг төгсч ирж байхад гол гол тенор хоолой буюу эрэгтэй хүний нарийн цээл хоолойтны дуулах партыг үүрч явсан миний багш ардын жүжигчин Г.Хайдав, гавьяат жүжигчин Д.Банди ах эд нар маань насны эрхээр тэтгэвэртээ гарч СУИС, ХБК-д багшлахаар явсан. Ингээд тэд “Шинэ залуу төгсч ирсэн. Чи бол цэргийн шинэхэн шижигнэсэн офицер л гэсэн үг. Чамд бол бид байлдааны үүрэг даалгавар өгнө” гээд намайг өөрсдийнхөө дуулж байсан дүрүүдээр булж өгсөн. Энэ үед хамгийн их урам өгч, надтай өдөр шөнөгүй ажиллаж байсан хүмүүс бол ардын жүжигчин Ж.Чулуун багш, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав маэстро, манай театрын найруулагч, бас дарга ч хийж байсан Л.Эрдэнэбулган ах энэ хэд. Л.Эрдэнэбулган ах намайг нэг дуурьт дуулаад л бэлдээд, гараад премьерээ хийхэд маргааш нь өрөөнд орж ирээд сандлын хөл барьчихсан “За, Энхтайван чи одоо дараачийн энийг гаргана шүү. Тэдэн сарын тэдэнд тоглоно. Чи үүнийг бэлэн болгосон бай” гэнэ. Тухайн үед надтай концейртмейстрээр ажиллаж байсан манай Д.Лувсаншарав багшийн охин Л.Халиунсүрэн, жүжигчин О.Бат-Өлзийн эгч О.Сарантуяа эгч хоёр надтай мундаг ажиллаж байсан. Энэ хоёр хүн надад их урам хайрлаж байсан. Намайг дандаа магтдаг. Яаж магтах вэ гэхээр “Миний дүү маш хурдан юмыг сурдаг. Маш хурдан цээжилдэг. Оюун, ой тогтоц сайтай” гээд намайг магтахаар би залуу байсан юм болохоор жаахан онгирч байсан юм байгаа биз. Хоёрдугаарт, гэвэл би өөрөө төгөлдөр хуур тоглох дуртай. Хөгжим бүжиг, Багшийн дээдэд байхдаа хичээл заалгаж байсан. Хамгийн гол нь Хөгжим бүжигт бид хоёр жил хэртэй Оросын мэргэжилтнүүдтэй ажиллаж байсан. Манай Хөгжим бүжгийн дунд сургуулийн ганц авах юм нь тухайн үед Оросын мэргэжилтнүүд ирж ажиллаж байсан. Тэднээр заалгасан улсууд бол маш мундаг. Дуулаачийн тэнхим байна уу, үндэсний хөгжмийн тэнхим байна уу хамаагүй аль нэг чиглэлээр сурч байгаа оюутнууд заавал төгөлдөр хуур хөгжмийн хичээлийг орос мэргэжилтнүүдтэй ордог байсан юм. Манай Дуурийн театрын дарга байсан төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багш Хөгжим бүжигт байхад надад гармоны хичээл ордог байсан. Намайг төгсч ирснээс хойш надад хамгийн их урам өгч, намайг дууны хөгжим бичихэд түлхсэн хүн бол Нацагаа багш минь байгаа юм. Би анх дуу зохиочихоод л аваачаад өгөхөд үзчихээд “Болж байна шүү Энхтайваан, энэ чинь мундаг шүү. Алив чи миний өрөөнд ороод ир. Алив хоёулаа нэг юм хийгээтэхье. За чи энэ дээр клаверыг нь хийгээд ир” гэнэ. Тэрийг нь бичээд л аваад очихоор “Үгүй энэ болж байна шүү. Энд хоёрхон нот засчихъя. За ер нь болчихлоо шүү” гээд л. Дандаа ингэж урам хайрладаг байсан. Манай Д.Лувсаншарав багш бас намайг тэгдэг байсан. Хамгийн анх 1985 онд би “Балжийн гол” дуугаа биччихээд удирдаач Ч.Жамсранжав гуайдаа үзүүлсэн чинь “Хөөе, Энхтайваан. Янзын гоё дуу. Чи клаверыг нь өөрөө бичсэн юм уу” гэнэ. Тийм гэлээ. “Ямар мундаг юм. За чи Д.Лувсаншарав багш дээр аваад оч. Тэр хүн баталчих юм бол би наадахыг чинь шууд тоглолтод орууллаа” гэж байна. Тэгээд би Д.Лувсаншарав багш дээр аваад очсон. Багш өрөөндөө трубка зуучихсан сууж байна. “За чи хэн билээ гэнэ”. Би Энхтайван гэсэн. “Хаана ажиладаг юм чи” гэнэ. ДБЭТ-т. “Юу хийдэг юм”. Сая гоцлол дуучнаар орсон юм аа. “Аа, тийм үү. Тэгээд яах гэж явж байгаа юм чи” гэнэ. Багш аа би нэг дуу зохиосон юм. Тэгээд үзүүлэх гэсэн юм. “За алив нааш нь аваад ир” гээд шүлгийг нь эхлээд харснаа “Балжийн гол гэдэг чинь манай Хэнтийн гол байна ш дээ. Чи энэ голоо үзсэн юм уу” гэнэ. Үзсээн багшаа гэлээ. “Чи аль нутгийнх вэ” гэнэ. Хэнтийнх ээ гэсэн. “Өө за аль сум юм”. Баян-Адаргынх. “Өө тэгвэл Дадалд очоод Балжийн голд загас шиг шумбаж байсан юм байгаа биз дээ”. Тийм ээ багш аа. “Аан за. Алив үзье” гээд нотыг аваад эхлээд өрөөсөн гараараа тоомжиргүйхэн төгөлдөр хуур дээр дарж үзлээ. Тэгж байснаа трубкээ тавиад л хоёр гараараа төгөлдөр хуур дээр сайхан тоглоод, шүгэлдэж үзэж байснаа “Сайхан аялгуу байна. Ёстой сайхан аялгуу байна. Энэ хол явна шүү. Клаверыг нь чи өөрөө хийсэн юм уу” гэнэ. Тийм л гэлээ. “Хн, Дуурийн театрын дуучид дотор анх удаа ийм хөгжмийн боловсролтой хүүхэд өөрөө хүрч ирээд дуу зохиогоод, дээр нь өөрөө клаверээ хийгээд ирж байна гэдэг энэ бол гайхалтай зүйл ээ, миний хүү. Батлалгүй яахав. Багш нь батлаад өгье. За нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваарай” гээд тамга дарж өгсөн. Би ч бараг уйлах шахаад  гүйсэн. Тэр чигээрээ гүйж Дуурийн театр дээр ирээд Жаамаа багшдаа үзүүлсэн. Ингээд батлаад тамга дарчихлаа гэсэн. “Тэр би чамд хэлээгүй юу. Наадах чинь шууд батлагддаг байхгүй юу. За оркестровкийг нь би өөрөө хийнэ. Гурав дөрөв хоногийн дараа нэг гала концерт болно. Тэр дээр өөрөө дуулна шүү “гэсэн. Яахав дээ, өөрөө зохиочихсон дуу юм чинь. Цээжилнэ гэх биш. Тэгээд хоёр гурав хоног жаахан сургууль хийж байгаад л оркестртой дуулсан. Яг улс тунхагласны баяр таарсан юм. Баярын хурлын дараахь тоглолт дээр дуулсан чинь зритель намайг гурав дахиулаад. Янзтай хүлээж авсан шүү. Нөгөө Жаамаа маэстро өөрөө удирдаж байгаа юм. Тэгээд л ёстой дагаж амьсгалаад л, намайг чинь бариулаад л, би ч залуу байсан болохоор бярдаад л дуулсан. Тэгж энэ дуу маань амилж байлаа.

-Хамгийн анхны бүтээл олонд ингэж хүрнэ гэдэг ховор шүү?

-Тийм, анхны бүтээл. Тэгсэн чинь маргааш нөгөөдөр нь байна уу. Намайг дуурийн санхүү дээр дуудаж байна гэлээ. Гүйгээд орсон чинь надад 350 төгрөг өгч байна.  Яах гэж байгаа юм гэсэн чинь”Чи сая шинэ дуу дуулаад батлуулсан юм байна ш дээ. Манай уран сайхны зөвлөл өчигдөр хуралдаад тэр дуунд чинь 350 төгрөг бичсэн шүү. Нэгдүгээр зэрэг шүү” гэнэ. Бас хоёр, гурав гэж байдаг юм уу гэсэн чинь “Муу дуу бол тэгээд л доошоо явна ш дээ” гээд Цэндсүрэн гэж манай санхүүгийн хүн инээж байна. Баярлалаа эгч ээ гээд л аваад гарлаа. Тэр үед их гоё. 350 төгрөгөө аваад л шууд Төв холбоо руу гүйчихэж байгаа юм. Яагаад  гэвэл Төв холбоон дээр Монголын радио байсан. Ж.Саруулбуян маань тэнд ажилладаг. Гүйж ороод өрөөний хаалгыг нь тогшсон чинь Саруул маань хэдэн хүнтэй сууж байсан. Намайг  хараад босоод ирлээ. “Яасан миний нөхөр” гээд инээгээд хүрээд ирлээ. Нөгөө дуугаа өчигдөр дуулсан юм. Тэгсэн чинь надад 350 төгрөг өгсөн, май гээд өглөө. Тэгсэн “Өө яалаа гэж миний хөгшин. Наадахаа чи өөрөө ав. Хөгшин чинь эндээс шүлгээрээ шагналаа авсан” гэсэн. Утга зохиолын хэлтсээс бас шагналыг нь өгчихдөг юм байна л даа. Тэгж анхныхаа 350 төгрөгийг эхнэртээ аваачиж өгч байсан юм. Хүүхэд нэг юм олчихсон юм шиг гүйгээд л. Тэгж анх дууны уран бүтээлээ эхэлж байлаа. Дуурийн театр бол надад маш өгөөжтэй. Миний амьдралдаа шүтэж явдаг, Монгол Улсын маань ганц алтан тайз гэж би их хүндэтгэж явдаг. Алтан үеийн олон сайхан партнёруудтай олон дуурьт дуулж байсан. Түүнийгээ би их аз завшаан гэж бодож явдаг юм. Хавлааш гуай, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш, ардын жүжигчин Д.Жаргалсайхан ах, ардын жүжигчин Г.Хайдав багш маань байна. “Евгений Онегин”-ийг анх тавихад гавьяат жүжигчин П.Цэвэлсүрэн гуайтай дуулж байлаа. 1983 онд оюутан байхдаа эдүгээгийн ардын жүжигчин А.Долгор бид хоёр Монголын мэргэжлийн залуу дуучдын улсын уралдаанд оролцож ДБЭТ-т “Евгений Онегин” дуурьт дуулж байсан. Энэ алтан тайзыг би үргэлж хүндэтгэж биширч явдаг.

-“Балжийн гол”-ын дараа ямар дуу зохиосон бэ?

-“Хан Хэнтий уул минь” дуугаа хийсэн. Бас Ж.Саруулбуян маань шүлгийг нь бичиж авчирч өгөөд. Тэгээд би Лууяа багш дээрээ шүлгээ авч очоод багш аа би үүгээр дуу хийх үү гэсэн чинь “Яасан хэцүү шүлэг вэ. Наадах чинь аялгуу авахад их л хэцүү шүлэг байна” гэж байсан. Би аялгуу хийчихээд аваад очсон чинь тоглож үзчихээд “Эвийг нь олоод ямар сайхан биччихээ вэ” гэсэн. Энэ дуу маань зохиогдсоноосоо хойш 14 жилийн дараа Хэнтий аймгийн хүндэтгэлийн дуу болсон.  Тэгээд “Онон хатан ижий”, “Ононгийн шугуй” гээд л дуунууд төрсөн. Ж.Саруулбуянгийнхаа шүлгээр их олон дуу хийсэн. Бид хоёр 30 гаруй дуутай. “Балжийн гол” дуу маань зохиогдоод 30 жил болж байна. Энэ намар дууныхаа ойг тэмдэглэх гэсэн арай амжсангүй. Ирэх хавар тэмдэглэе гэсэн бодолтой явж байгаа даа.

-Бавуугийн Лхагвасүрэн гуайн шүлгээр хийсэн “Бор толгодын хавар” сайхан дуу шүү?

-Тийм. 1989 онд анх би “Залуучуудын үнэн” сонин дээрээс “Ижийнхээ ачийг яалаа даа” Б.Лхагвасүрэн гэсэн автортой шүлэг олоод ая хийсэн. Тухайн үедээ Б.Лхагвасүрэн гуайг тийм том хүн гэдгийг бараг мэдэх ч үгүй явж байсан хүн шүү дээ би. Б.Лхагвасүрэн гэсэн болохоор танихгүй байсан байх. Бавуугийн гэсэн бол бас арай өөр ойлгох байсан биз. Гуравхан бадаг шүлэг байсан. Тэр шүлгийг үзэж байснаа гэнэт сэтгэл хөдлөөд нөгөөх шүлгээ сонин дээрээс нь шууд урж аваад өрөөндөө орж байгаад “Ижийнхээ ачийг яалаа даа” дуугаа бичсэн. Тэр үед 1989 оны намар манай дуурийн театрын нээлт болох гэж байсан юм. “Учиртай гурван толгой” дууриар нээх гэж байсан. Ардын жүжигчин Х.Уртнасан эгч тэр нээлтийн тоглолтод Нансалмаад дуулах гэж байсан юм. Би тухайн үеийн хүмүүжил гэх юм уу, дутуу юм хүнд үзүүлж болохгүй гэж дотроо хатуу боддог байсан юм шиг байгаа юм. Тэгээд нотныхоо дэвтрийн гол цааснаас урж аваад харандаагаар шугамдаж байгаад л нөгөөхдөө клавер хийлээ. Төгөлдөр хуурын партыг нь бичлээ. Тэгээд тоглож үзчихээд за болсон гээд Уртаа эгчийг хүлээгээд байсан. Тэгсэн Уртаа эгч ирж байна аа. Уртнасан гуай ирж байна гээд л манайхан шуугиад л. Нөгөө нотоо аваад л хаалгыг нь тогшлоо. Уртаа эгч за л гэж байна. Шагайсан чинь ганцаараа сууж байна аа. Нансалмаагийн дээлийг нөмөрчихсөн толинд харчихсан уруулаа будаад сууж байна. “Яасан шаамий” гэнэ. Намайг Уртаа эгч дандаа шаамий гэдэг байхгүй юу. Би юм үзүүлэх гэсэн юм. “Юу юм” гэнэ. Нэг юм гэсэн чинь “Дуу юу” гэнэ Тийм гэсэн тогло гэж байна. Яахав дээ, хоёр гурван дуу зохиочихсон болохоор намайг мэдэж л байгаа ш дээ. Манай театрын уран сайхны удирдаач байсан юм чинь. Би тэгээд дуугаа тоглосон. Нэгдүгээр бадгаа тоглоод дууллаа.

Билүүтэй уулынхаа овоонд чулуу ганцыг нэмлүү дээ... гээд л. Тэр үед чинь Уртаа эгч мэтийн томчуудыг хүндэтгээд хагас хоолойгоор дуулж болохгүй. Дутуу дуулж болохгүй. Гүйцэд л дуулах ёстой гэж бодохгүй юу. Хоёр дахь бадгаа дуулсан чинь дээлээ нөмөрчихөөд л ард ирж зогсоод дагаж аялж байснаа гуравдугаар бадгийг нь дуулж дуусгаад чимээгүй сууж байсан чинь миний хоёр мөрөн дээрээс барьж аваад эргүүлж өөр рүүгээ харуулангуутаа нэг тэвэрч үнсээд л “Миний бурханы хишигтэй дүү” гэсэн. Тэгээд “Авлаа, эгч нь дуулчихъя” гэсэн. 1989 оны “Алтан намар” хөгжмийн наадамд энэ дуугаараа хоёрдугаар байр эзэлж байсан. Бавуугийн Лхагвасүрэн гуай бид гурвын ийм сайхан бүтээл байгаа юм. Тэрнээс хойш Б.Лхагвасүрэн ахтайгаа хэдэн сайхан уран бүтээл хийсэн.

Миний “Мойлхон” киноны хоёр дууны шүлгийг Б.Лхагвасүрэн ах маань бичиж өгсөн. Жүжигчин Д.Цэрэнпагма агсанд зориулсан ээжийн тухай дууны шүлгийг Лхагваа ах маань бичиж “Энхтайваан чи энийг нэг “наагаад” өг. Чамаас өөр хүн хийж чадахгүй гэж ах нь үзэж чам руу явууллаа шүү” гээд. Тэгээд би аялгууг нь зохиосон. Манай А.Долгор дуулсан. “Үгүйлэн санахын романс” гэж их гоё дуу болсон. Өнгөрсөн жил “Бор толгодын хавар” гэж шүлгийг нь надад нэг хүн авчирч өглөө. Ямар гоё шүлэг вэ гээд уншиж байснаа Лхагваа ах руу утасдсан. Таны ийм шүлэг чинь надад байна аа гээд. “За тийм. Урд нь нэг ая хийсэн юм. 1980 хэдэн онд Д.Баттөмөр, Х.Уртнасан бид Лүнд явж байгаад Баттөмөр маань нэг юм олж харсан юм байгаа биз “Чи нэг гоё юм бичээч” гээд болдоггүй. Тэгээд би шөнө нь шүлгийг нь бичиж Баттөмөр өөрөө аялгууг нь хийж Уртнасан дуулсан” гэж Лхагваа ах ярьсан. Би тэр түүхийг нь сонсчихоод Д.Баттөмөр гуайн аялгууг давж гарсан аялгуу хийнэ гэдэг надад маш хүнд байхгүй юу. Д.Баттөмөр гуай бол Монголын агуу авьяастан, аялгуу сайтай сайхан хөгжмийн зохиолч шүү дээ. Би их хүндэтгэж явдаг. Тэгээд би нөгөө шүлгийг нь аваад дуу хийлээ. Дуурийн театрын гурван тенор миний “Балжийн гол”-ыг шинэчилж дуулсан юм. Тэр гуравт өгөөд сайхан дуу болсон. Хүмүүс сайхан хүлээж авсан.

-Аавын тухай таны нэг сайхан дуу бий дээ. Айл саахалтаас аавыгаа айлчлаад ирэх шиг санана аа... гээд л?

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд тоглож байх үед манай зургийн даргын туслах Соргодогийн Баярсайхан гэж залуу байлаа. 1991 онд миний муу аав өнгөрсөн. Тэгээд 1992 онд кино гарахын өмнөхөн Баярсайхан маань бас манай аав өнгөрчихсөн гээд. Хоёулаа хоёр аавдаа зориулж нэг дуу хийх үү гээд. Тэгээд Баярсайхан “Аавдаа” гэж дууны шүлгийг бичсэн юм. Манай Жинжиймаа Ц.Баттөр дуулсан. Мөн ч сайхан дуулсан даа. Одоо болтол Ц.Баттөрийн дуулсныг гүйцэж дуулах хүн гарахгүй байна. Гэхдээ олон хүн дуулсан. Лосолын Болдбаатар бас гоё дуулсан байна лээ. Ц.Баттөр өөрөө мэргэжлийн дуучин тул симфони оркестртой дуулсан. Тийм болохоор тэр хэрээрээ даацтай бүтээл болсон.

-“Балжийн гол” дууг буриадууд их дуулдаг. Сүүлийн үед та буриад буриад дуу нэлээд зохиосон байх шүү?

-Би бол буриад биш ээ. Хөвчийн жонон вангийн цэвэр халх хүн. Хиад боржигин овогтой. Миний аав нарийн ярьвал  тайж угшилтай. Ээж нь манай Хэнтий аймгийн их түүхтэй том хүний үр сад. Би өөрөө багадаа Биндэр, Баян-Адарга, Дадал гурван суманд л эрхэлж тоглож өссөн. Цэнхэрмандалд сургуульд орж байсан ийм хүн. Яахав буриад дууны хувьд Хэнтийн хойд талын сумд бүгд буриад. Миний аав жолооч хүн байсан болохоор би багадаа аавыгаа дагаж их явдаг байсан. Бодоод байхад хүүхэд насныхаа ихэнх үеийг аавыгаа л дагаж өнгөрүүлсэн юм болов уу даа. Дөрөвдүгээр ангиасаа машин бариад сурчихсан. Аавынхаа гарыг амрааж машин барьдаг, ачааг нь ачдаг, буулгадаг. Муу аавдаа л тусалж явдаг байсан юм байгаа биз. Тэгээд явж байхад буриад сумдаар их явна. Буриадууд нэг сайн хүндээ мундаг сайн, нэг буруугаар харсан хүнээ харахгүй ш дээ. Бас нэг зүйл нь би Дадалын Гурваннуурын амралтад тавдугаар анги төгсөөд очиж амарч урлагийн үзлэгт орж алтан медаль авч байсан. Тэнд амарч байхдаа чөлөөт цагаараа Дадалын хүүхдүүдтэй их тоглоно. Нөгөөдүүл чинь ер нь их эршүүд тоглоомууд тоглоно. Балт сүх зөрүүлж шиднэ, балиус шиднэ. Ан авын холбоотой тоглоом тоглоно гэдэг ч юм уу, тэрэнд нь эрэгтэй хүүхэд болохоор татагдаж тэдэнтэй их нийлж тоглодог байсан. Тэр маань ч нөлөөлсөн байх.

Хоёрдугаарт, би багадаа буриад айлд хэсэг өргөгдөж байгаад дөнгөж хэлд ороод тэнтэр тунтар хөлд орж байхдаа төрсөн аав ээж рүүгээ урвачихсан гэдэг. Тийм мэт нь нөлөөлдөг байх. Буриад аялгуу гэдэг бол угаасаа л монгол аялгуу л даа. Жаахан аялга байдаг. Монгол аялгуун дотроо яг задлаад үзэх юм бол бэсрэг уртын дуу шиг. Нэг тийм санасан, үгүйлсэн, санааширсан аялгуутай. Тэрийгээ найр наадамдаа дуулахаар их гоё. Эрт үеэс өвлөгдсөн “Заян наваа” дуугаа одоо ч дуулж л байдаг. Буриадуудын энэ мэт дуу  хуур, зан заншил, түүх нь надад үнэхээр таалагддаг. Тийм болохоор миний зарим нэг дуунд өөрийн эрхгүй буриад аялгуу ордог байж болох юм. Хамгийн анх миний  “Балжийн гол”-ыг хүмүүс буриад аялгатай гэдэг байсан. Тэнд яг цэвэр буриад аялгуу байхгүй. Монгол аялгуу. Гэхдээ буриадууд буриад аялга оруулж дуулдаг. “Ононгийн шугуй”-н шүлгийг Ж.Саруулбуян надад өгөхдөө “Их гоё буриад аялгуу хийгээрэй” гэж байсан. Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс их сайхан дуулсан. Яг буриад дуу гэвэл “Мойлхон”-ы хоёр дуу байна. Хоёулаа буриад аялгуутай. Сүүлийн үед ганц нэг буриад дуу хийж байна. Яруу найрагч Н.Ням-Осорын шүлэг, залуу дуучин Д.Нямдаваагийн дуулсан “Балжмаахан” дуу олон хүнд хүрсэн. Сүүлийн үед “Сэнхир нютаг” гэж дуу хийсэн. Тэр дуу маань Дорнод, Хэнтийнхэнд их хүрч байгаа. Лхамдоржийн шүлгээр “Сэнхир талын Дангина” гэж дуу хийсэн. Одоо “Дангина” гэж дууг маань соёлын тэргүүний ажилтан Л.Чулуунбаатар дуулах гэж байна. Ондоо багтаад сонсогчдын хүртээл болгоно.

Г.СОНИНБАЯР

ЭХ СУРВАЛЖ: "АРДЫН ЭРХ" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна