“Холимог дархлаа”-наас үүдсэн асуултууд

2015 оны 12 сарын 4

-Анх үзсэн хийгээд сүүлд зочилсон хоёр үзэсгэлэнгийн тухай-

Урлаг бидэнд хариулт өгч, зам заахаас илүүтэй шийдэх гарцгүй асуулт, эргэлзээг шидэж орхих нь элбэг. Ялангуяа өнөө цагийн урлагт энэ нь нэн хамаатай. Хэлбэрийн хувьд энэ төрөлд хамаарах ажлуудыг ойлгомжгүй хийсвэрлэл мэтээр хүлээн авах хүн цөөнгүй. Хэн ч байрлуулчихмаар инстоляци, захын хүн үйлдэхүйц харагдах хөдөлгөөн гээд л. Нөгөө талаас ойлгомжгүй мэт харагдах тэдгээр ажлыг өдөөн хатгалга гэж хэлж болох юм. Хүртэгчийн гайхширал, эргэлзээ заримдаа бүр зэвүүцлийг төрүүлснээр доторхоо уудлах, өөрийгөө чагнах эргэцүүлэл тийш хөтөлнө. Энэ үүднээс орчин үеийн урлаг нь өөр лүүгээ нэвтрэх гүүр болдог шиг.

“Завсарлагааны хонх хурдан дуугараасай.” Дунд сургуульд дүрслэх урлагийн хичээл орох үеэр би ингэж л боддог байв. Багш маань биднийг алим эсвэл ваартай цэцэг зэргийг яг адилхан зурахыг даалгах нь зураг зурах дөргүй надад хэцүү санагдана. Зургийн хичээлийн ном ч гол төлөв хуучин нийгмийн үеийн уран бүтээлчдийн зургуудаар дүүрэн нь уйтгар төрүүлнэ. Цагийн турш хүлээсэн хонх дуугарч л таарах нь мэдээж. Ашгүй нэг юм дууслаа!

Харин дөрвөн жилийн өмнө уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Занаду” галерейд дэлгэсэн “Дүрвэгсэд” үзэсгэлэнг үзсэн маань нэг төрлийн эргэлтийн цэг болсон юм. Аргаль, угалзын эврийг хүний толгойноос урган гарснаар дүрсэлсэн түүний зураг, баримлууд бүхэлдээ дотоодоо чагнасан, өөрийгөө эрсэн аястайн дээр цаг хугацаа, орон зайн харилцаа холбооны тухай сануулж, өөрсдийн бий болгосон бүхнээс зугтахыг хүсэж буй мэт зургийн баатрууд гарал үүслээ эрсэн, байгаль руу ихэд тэмүүлсэн янзтай харагдсаныг тод санаж байна. “Эвэр дэх тойрог хөдөлгөөн бүхий орон зай нь бидний оршихуйн тойрог хөдөлгөөний бэлгэдэл бөгөөд тэндээс ураг мэндэлж, түүнийг тээж, түүнд дахин уусах болно” хэмээн Д.Дорждэрэм тайлбарласан нь бий. Нэг талаас, тэдгээр эвэр нь байгалийн туульслаг талыг илэрхийлэх ч, нөгөө өнцгөөс тойрог, эрчлээс бүр ой санамж, агшин хормуудыг шингээж, бүхэлдээ дурсамжийн цоморлиг шиг санагддаг нь одоо ч хэвээр.

“Урлагийн түүх бүхэлдээ арга ажиллагаа, түүний дэвшилтэт хуримтлалын түүх биш, харин байнга өөрчлөгдөн хувирч, халагдаж солигдож байдаг үзэл санаа, шалгууруудын түүх юм” хэмээн урлагийн түүхч Эрнст Гомбрих бичсэн нь бий. Хэдийгээр урлагийн гоо сайхан тал, сэтгэл татах шинжийн тухай бүгд мэддэг ч аливаа бүтээл нь туурвигчийнхаа ертөнц, үзэл санааг агуулах төдийгүй цаг үеийнхээ тусгал болдгоороо түүхийг үлдээж буй нь чухал тал юм. Өнөөдөр бидэнд эдийн засаг, нийгмийн асуудлууд, даяарчлалаас урган гарсан “Бид хэн бэ, хаашаа явж байна вэ” гэх асуултууд тулгараад буйг контемпорари буюу нэн орчин үеийн чиглэлээр туурвиж буй уран бүтээлчид өөрсдийн ажлууддаа тодоор тусгаж буйн нэг жишээ дээрх билээ.

Тэгвэл уран бүтээлч Э.Жанцанхоролын ашигласан эврүүд нь байгалийн сүр хүчээс илүүтэй амьтны үс, биеийн эрхтэн мэт харагддаг. Өнгөрсөн хавар түүний урлангаар зочлоход зэвэрсэн төмөр канистра дээр зурсан чоно, банз модон дээрх бас нэгэн чоно тэргүүтэн, барилгын хөөсөнцөр, хайчилж орхисон картон цаас сэлт хөглөрч байв. Тэдгээр нь өдгөө бүтээл болж, Дүрслэх урлагийн музейд “Холимог дархлаа” анхны үзэсгэлэнгээ өнөөдөр нээж байна. Түүний багш, орчин үеийн урлагийн чухал төлөөлөгчдийн нэг Нари Вард мөн л хаягдал эд зүйлсээр урлагийн бүтээл туурвидаг. Нью-Йорк дахь Хантер коллежийн профессор тэрбээр хэрэглээг хэт шүтсэн нийгмийг шүүмжилсэн ажлуудаараа алдартай. “Тэнд суралцахдаа олон боломжийг олж харсан. Тэр дундаа ямар санааг, юу ашиглан, хэрхэн илэрхийлж болохыг ойлгосон нь чухал. Жишээ нь зарим зүйлс хэн нэгний нүдэнд ердөө л хог болж харагдана. Гэтэл тэрний ард ч нэг түүх, бас түүгээр илэрхийлж болох өөр түүх бий” хэмээн Э.Жанцанхорол хэлж байна.

Э.Жанцанхорол, Түр зуурын бие, 2015 / temporary bodies/

Орчин үеийн дүрслэх урлагийг хэт хялбар болсон гэх шүүмжлэл бараг л улиглалын шинжтэй болж. Магад хүртэгч өөрөө ч хийчихэж болмоор амархан харагдана, зарим нь. Энэ тохиолдолд тухайн зүйлийг юу урлагийн бүтээл болгож байна вэ?

“Холимог дархлаа” үзэсгэлэнгийн хүрээнд авч үзвэл, “Цаг үеийн тухай мэргэн ажиглалтууд, ухаалаг эргэцүүлэл, дүгнэлт болон түүнийгээ илэрхийлэх бүтээлч арга ажиллагаа, санаа хийгээд эрэлхийллүүд” хэмээн хариулж болох юм. Аварга том авгалдайг санагдуулсан картонон баримал, юуг ч хуу сорох сансрын хар нүх, бөгсөн биеэрээ нийлсэн хоёр амьтан, шувуун толгойтой скочоор хийсэн биет. Үүн дээр нэмээд цөөнгүй бүтээл дээр нь үзэгдэх чонын дүр дүрслэлүүд.

Э.Жанцанхорол, Тэнцүүлэгч, 2015 /equalizer/

Э.Жанцанхоролын ажлуудад тэнцвэрийн тухай ойлголт чухал үүрэгтэй. Тухайлбал, тал нутгийн хувьд байгалийн гинжин холбоонд чоно голлох үүрэгтэй амьтан. Монголчуудын хувьд чоныг хийморь, сүр сүлдний бэлгэдэл хэмээн дээдэлдэг ч нөгөө талаас хоттой хонинд нь хамгийн ихээр заналхийлдэг амьтан. Чонотой болгоомжтой харьцах учиртай ч гэдэг. Энэ үүднээс бензин агуулж асан төмөр саван дээр уг амьтныг дүрсэлсэн байх юм. Түүний бүтээл дэх авгалдай, өт хорхойг санагдуулсан биетүүд гэхэд амьдралын төлөөлөл. Хамгийн дулаан, таатай орчинд ормогц өндгөө гаргаж, дараагийн амьдралыг үргэлжлүүлдэг тэдгээр амьтан хүнээс юугаараа өөр гэж. Гэвч хором мөч өнгөрөхтэй зэрэгцэх өөрчлөлтөнд биеэ бэлдэж, дасгасны хүчинд амьд үлдэнэ. Ингэснээр дархлаа тогтож, хамгаалалттай болно. Харин хүн төрөлхтөн улам бүр шинжлэх ухааны нээлт, технологийн дэвшилд дулдуйдан байгалийн амьтан гэх шинжээсээ алсарсаар буй үед дархлаа чухам аль талд нь үйлчлэх вэ? Эдгээрийг тэнцүүлсэн холимог дархлаа байж болох уу? Үүнийг удирдаж бид хаана хүрч болох вэ? Ингэхийн зорилго юу вэ?

Э.Жанцанхорол, Дархлаа, 2015 / immunity/

Э.Жанцанхорол бүтээлүүдээрээ дамжуулан энэ мэт асуултуудыг өдөөж, үзэгчдийн дунд харилцан яриа үүсгэх, бодол эргэцүүлэл тийш хөтлөх сэдэл өгч байна. Тэгээд ч санаа сэдэл, шинэ боломжууд, харилцаануудын үүтгэл болдог энэ шинж нь орчин үеийн урлагийг үнэ цэнэтэй болгогч гол хүчин зүйл билээ.

 


 

ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна