Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл хийв

2015 оны 12 сарын 4

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан өнөөдөр /2015.12.04/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Хамтын тэтгэврийн тухай хуулийг анх 2012 онд санаачлан боловсруулж, 2014 онд УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн болохыг хэвлэлийн хурлын эхэнд мэдээллээ. Хуулийн хэлэлцүүлэг олон шалтгааны улмаас хойшлогдсоор 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ дурдаад “Хэрэв өргөн барьсан жилээ хэлэлцээд баталсан бол 2015 он, эсвэл 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжих боломжтой байлаа. Монгол Улсын 2016 оны төсөв батлагдсаны дараа Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан болохоор хэрэгжих хугацаа нь 2017 оны 01 дүгээр сарын 01-нээр тогтсон. Хуулийн эргэн хэлэлцэх хугацаа хэлэлцүүлгийн явцад иргэдээс ирүүлсэн олон тооны санал, УИХ-ын гишүүдийн саналаас үүдэн өөрчлөгдөж, Засгийн газар журам гарган шийдвэрлэхээр хуульчиллаа. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо  бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж, бодит хувь хэмжээг мөн Засгийн газар шийдвэрлэх юм. Тиймээс Засгийн газар тухайн жилийнхээ нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан 100 хүртэл хувиар тогтоох боломжтой” гэв. Мөн тэрээр энэ хуулийг халамжийн үйлчилгээтэй адил ойлгож болохгүй гэдгийг онцлон хэллээ. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ахмад настнуудын амьжиргааны түвшин, амьдралын чанарыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчны дэвшилт болж байгаа юм байна.

Үүнээс гадна гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой болохыг Хамтын тэтгэврийн тухай хуулийг санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа тэмдэглэн хэлсэн юм. Хуульд албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15 жил болсон байх гэдэг шалгуурыг тавьсан нь бат бөх гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, мөн үүсч болох сөрөг үр дагаваруудаас сэргийлэх зорилготой болохыг дурдав. Мөн тэрээр “Монголчуудын амьдралын хэв маягийн онцлогоор ихэнхдээ эрчүүд хөдөлмөр эрхэлдэг, эмэгтэйчүүд ар гэрийнхээ амьдралыг зохицуулах, үр хүүхдээ өсгөх үүрэгтэйгээр ажил эрхлэх бололцоогүй байдаг. Энэ бүхний эцэст тэтгэврийн насны эмэгтэйчүүд гэр бүлийн хүнээ алдахад шууд орлогогүй болж, амьжиргааны түвшин буурч, ядууралд ордог. Тэгвэл энэ хууль батлагдсан нь ахмад настай эмэгтэйчүүдэд ихээхэн дэмжлэг болно” гэлээ. Мөн энэ хуулийг хэрэгжилтийг хангах, зорилтот бүлэгт бодит дэмжлэг болгохоор зохицуулалтуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна