Цэцэрлэг баривал гоё, тийм үү?!

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганаар “Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа. Хэдийгээр Ерөнхийлөгчийн хоригийн тухай асуудал 49 хувийн дэмжлэг авсан ч гишүүдийн 1/3 нь дэмжсэн бол хоригийг хүлээж авна гэж хуульд заажээ.

Харин хоригийг хүлээн авахыг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн НямдоржАН-ын гишүүд Үндсэн хуулийг хэдий болтол буруутгах юм бэ?” гэдгийг хэлж байсан. Хэрэвзээ хоригийг хүлээж аваагүй бол ирэх онд аймаг бүр давж заалдах шатны шүүх байгуулахад дор хаяж 13 тэрбум төгрөг зарцуулах байлаа. Үүнийг эдийн засгийн нөхцөл байдлаас болоод Үндсэн хуулиа зөрчих хэрэг үү гэх гишүүд ч цөөнгүй байна.

Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр  шүүхийг дагнан байгуулж болно...” гэсэн заалтыг цаашид зөрчөөд явах уу гэсэн асуулт гарч ирнэ.

Гэтэл 2004 онд байгуулагдсан Захиргааны хэргийн шүүх гэхэд улсын хэмжээнд давж заалдах шатны ганц шүүхтэй. Аймаг бүрт давж заалдах шатны шүүх байхгүй гэсэн үг. Тийм байхад Үндсэн хуулийн манаачид харшилж буй талаар дуугүй байсан хэрнээ Шүүх байгуулах тухай хууль дээр эцэг хуулийг зөрчсөн гэсэн нь үнэндээ эргэлзээ төрүүлсэн асуудал болсон. Тиймээс л Ерөнхийлөгч Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавиад буй хэрэг.

Хамгийн гол нь Цэцийн шийдвэрийн дагуу аймаг тус бүрт давж заалдах шатны шүүх байгуулахад эдийн засгийн хувьд хүндрэл бий болно гэхээс илүүтэй урган гарах асуудал нь шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийсэн шүүх дагнасан байдлаас ухрахад хүрч болзошгүй. Энэ л том аюул. Хэрэвзээ дөнгөж дагнасан байдлаар байгуулагдаад байсан шүүхийг буцааж эрүү, иргэний хэргийг хольвол шүүгч нар мэргэших боломж хумигдахын дээр иргэд шударга шүүхээр шүүлгүүлэх үндсэн эрх зөрчигдөх нигууртай.

Дээр нь бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахдаа анхаарах хэрэгтэйг хуульчид сануулаад буй. Учир нь шүүхийг засаг захиргааны нэгжээр байгуулдаг үе гадны улс орнуудад түүх болон үлджээ. Түүнээс илүүтэйгээр дагнах, төрөлжүүлэх, тойргоор шүүх байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг амьдралынхаа туршлагаас авч хэрэгжүүлэх болжээ. Харин бид олон улсын жишгийг, илүү үр ашигтай тэрхүү тогтолцоог сонгосон ч Үндсэн хууль маань чөдөр болоод буй өнгөрсөн үйл явдал харууллаа.

Нөгөөтэйгүүр дэлхийн улсуудын Үндсэн хуулиудаа хэрэг, маргааны төрөл улам бүр хөгжиж, ярвигтай болж учраас түүнийг зохицуулахад нийцүүлэх өөрчлөхөөс гадна агуулгаа нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлах болсон байна. Дээр нь хэрэг маргааны төрлөөр шүүхүүдийг дагнан байгуулах эсхүл шүүгчийг дагнан мэргэшүүлэхийг чухалчилдаг болсон тухай Хууль зүйн ухааны доктор, судлаач Ц.Мандах хэлэв. Энэ нь иргэд шударга, мэргэшсэн шүүхээр шүүлгэх эрхийг нэн түрүүнд тавих болсонтой холбоотой гэнэ.

Тэгвэл НҮБ-ын 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ыг хүний эрхийн олон улсын эрх зүйн суурь баримт бичиг гэж үздэг. Тус пактын 14-р зүйлд хүн бүр хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй гэж заасан. Иймд шүүх хараат бус, тал үл харах, шударга байх хүчин зүйлийн нэг нь шүүх дагнасан буюу шүүгч мэргэшсэн байх явдал гэж үздэг.

...УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор  Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх болж байна. Ингэхдээ өөрсдийн байр суурийг хамгаалахаасаа илүүтэйгээр иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг бодолсон ч, эдийн засгийн хүндхэн байдлаа харгалзан эргэн нэг харахыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байх шиг.

Үндсэн хуулийг мөрдүүлэх нь Цэцийн Үндсэн үүрэг ч гэлээ бодит нөхцөл байдлыг харгалзах нь хэрэгтэй болов уу.

Хэрэвзээ тэгэж чадвал бид шинээр шүүх байгуулах мөнгөөрөө багаар бодоход 13 цэцэрлэг барьчих бүрэн боломж нь бий.

Хүний эрхийг хамгаалахад хуулийн зохицуулалт хэрэгтэй болохоос зөрчөөд буй заалт хэрэггүй биз дээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна