Гадаадад буй иргэд нийгмийн даатгалд хамрагдана

2015 оны 12 сарын 4

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэд Нийгмийн даатгалд цахимаар хамрагдах боломжтой боллоо. Ингэснээр дэлхийн 38 улс оронд амьдран суугаа 100 мянга гаруй Монгол иргэний нийгмийн баталгаа хангадах юм. Иргэдийг сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлж байна. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж, 2014 оны эцсийн байдлаар 830.0  мянган албан журмын, 170.0 орчим мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулжээ. Үүнээс 345.0 мянган тэтгэвэр авагчид сар тутам тэтгэвэр, 200.0 мянга гаруй даатгуулагчид тэтгэмж олгож, давхардсан тоогоор 4.1 сая даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Ц.Уртнасан хэлэхдээ “Өнөөдөр 1 сая 50 мянган иргэнийг албан болон сайн дурын даатгалын төрөлд хамруулаад байна. Нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 мянган орчим иргэн байгаа. 600 мянга гаруй иргэн нийгмийн даатгалд хамрагдаагүй байна гэсэн тоон үзүүлэлт байдаг. Улсын бүртгэлийн мэдээллээр Монгол Улсын 160 мянга гаруй иргэд гадаадад оршин сууж байна. Харин албан бус мэдээллээр 200 мянган орчим иргэд байдаг гэсэн. Нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамралтын хүрээг тэлэх зорилгоор ажиллаж байна. Үүнд гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийг түлхүү хамруулж, Төрийн банктай хамтран энэ ажлыг онлайнаар хийх ажлыг эхлүүлээд байна. Хамгийн ойрын жишээ болох БНСУ-д монголчууд олноор ажиллаж, амьдарч байна. Тус улсаас жилдээ 1 сая орчим ам.доллартай тэнцэх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын нийгмийн даатгалын санд хуримтлагддаг. Бид гадаадад байгаа иргэдээ сайн дурын даатгалд хамруулж чадах юм бол цаашид орж ирэх даатгалын сангийн хуримтлал нэмэгдэнэ гэсэн үг. Мөн цаашлаад гадаадад байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллын баталгааг гаргах ийм бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.” гэсэн юм.

Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд цахимаар нийгмийн даатгалд даатгуулахдаа app.ndaatgal.mn/sdforeign/# сайтад хандаж бүртгүүлнэ. Сайн дураар даатгуулах ба Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар сайн дурын даатгалд дараах иргэд даатгуулах боломжтой. Үүнд:

  • Хувиараа бизнес эрхлэгч;

  • Гадаадын төслийн нэгжид ажилладаг иргэн;

  • Жолооч (такси, зорчигч болон ачаа, хот хоорондын тээврийн жолооч)

  • Бичил уурхай эрхлэгч

  • Газар тариайлан эрхлэгч /ногоочин/

  • Малчин

  • Оюутан /бакалавр, магистр, докторант, бусад/

  • Ажлаасаа захиргааны цалингүй чөлөө түр хугацаанд авсан иргэн

  • Ажилгүй иргэн

  • Бусад

Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын дүнгээс үзвэл гадаадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа нийт 107 мянга 140 Монгол Улсын харьяат иргэд байдаг гэсэн тоо гарсан ба жил бүр тогтмол өсөж байгаа аж. Тэдгээр иргэдийн дийлэнх нь тодорхой хугацааны дараа эх орондоо эргэн ирэх хүсэлтэй байдаг ба энэхүү шинэ үйлчилгээ тэдний нийгмийн баталгааг хангаж өгөхөд чухал үр нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Нийгмийн даатгалтай холбоотой нэмэлт мэдээллийг хүргэхэд:

Та нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын орлогоо өөрөө тодорхойлох бөгөөд доод хэмжээ 192 000 төгрөг, дээд хэмжээ 1 920 000 төгрөгөөр тус тус мөрдөгдөж байна. Танд хэдэн төгрөгийн шимтгэл төлөх сонгосон орлогоос Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээ буюу 12 хувиар тооцон таны нэг сард төлөх шимтгэлийн дүн гарна. Сайн дурын даатгалд даатгуулснаар тэтгэврийн даатгал /10%/, тэтгэмжийн даатгал /1.0%/, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал /1.0%/ тус тус даатгуулна. Та өөрийн орлогын байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр, улирал бүр, хагас жил бүр, жилд нэг удаа гэсэн сонголтоос сонгон, гэрээнд тусгаснаар төлөх боломжтой. Сайн дурын даатгалын гэрээг нэг жил хүртэл хугацаагаар гэрээ байгуулах боломжтой ба цаашид 3 удаа сунгаж болно.

Мөн нийгмийн даатгалын холбоотой мэдээллийг www.ndaatgal.mn болон support@ndaatgal.mn цахим шуудангаар болон 976-11-345219/ажлын цагаар/, 976-99069622 дугаараас лавлан авах юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна