Компанийн захирлыг мөрдөхгүй, шоронд хийхгүй

2015 оны 12 сарын 4

УИХ Эрүүгийн хуулийг шинэчлэн баталлаа. Жил гаруйн хугацаанд хэлэлцэгдэн батлагдсан энэхүү хуульд олон шинэлэг заалт туссаны нэг нь хуулийн этгээдэд хариуцлага ногдуулахаар болж байна. Ингэснээр тухайн компани гэмт хэрэгт холбогдсон бол компанийн захирал, нягтланг хорихгүй торгууль ногдуулах юм.

Одоо үйлчилж байгаа хуулиар хуулийн этгээд буюу компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй учраас захирал, нягтланг нь шоронд хорьж, компанийнх нь дансыг хааж, үйл ажиллагааг нь зогсоож буй. Үүнээс болж олон иргэн ажлын байргүй болж хохирч байгаагийн зэрэгцээ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажилласан захирал, нягтлан шоронд хоригдож эрх нь зөрчигдөж байгаа юм.

Тиймээс хуулийн этгээдтэй холбогдуулаад хэнийг ч шоронд хийхгүй, мөрдөж шалгахгүй болж байна.

Харин компанийг гурван тохиолдолд татан буулгана.

Үүнд:

  1. Терроризмыг дэмжсэн үйл ажиллагаа явуулсан бол

  2. Терроризмыг санхүүжүүлсэн бол

  3. Экологийн эсрэг үйл ажиллагаа явуулсан бол гэсэн гурван зүйчлэлээр оруулжээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд торгуулийн дээд хэмжээ 13.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсныг төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, мөн УИХ дахь нам эвслийн бүлгүүдтэй зөвшилцсөнөөр 800 сая төгрөг болгон бууруулжээ.

Харин торгуулийн хэмжээг нэгжээр хэмжинэ. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэх аж.

Мөн өргөн барьсан төсөлд 48 зүйчлэлээр Эрүүгийн хэрэгт татахаар байсныг 39 болгон бууруулсан аж. Ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах, ялаас чөлөөлөх зохицуулалтыг “суулгаж” өгчээ. Гэхдээ энэ заалт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүнд хамаарна. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хүртэл тоолохоор, гэмт хэргийн давтан үйлдсэн шинжээр нь хүндрүүлэн зүйчлэхийг хасч, өмчийн эсрэг гэмт хэргийг байнга үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгосон, эсвэл гэмт хэргийг урьд нь үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байхаар Эрүүгийн хуульд оруулж өгчээ.

Мөн Эрүүгийн хуульд өршөөл, уучлал үзүүлэх тухай зүйл нэмж тусгасан байна. Ийм заалт оруулснаар гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсвэл Уучлал үзүүлэх тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эдлэх ялаас бүрэн болон хэсэгчилсэн байдлаар чөлөөлөхөөр зааж өгчээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан шинэ зохицуулалтын нэг нь Гэр бүлийн хүчирхийллийг шинээр томъёолж оруулж өгсөн байна. Түүнчлэн энэ хугацаанд аль ч хуулиар зохицуулалтгүй явж ирсэн хүнийг хууль бусаар хорих, хүнийг хүчээр алга болгох зэрэг нь гэмт хэрэг хэмээн зүйчилжээ.

Хуульч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Төрийн өмчийн болон төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол ял оногдуулна. Харин хүний үзэл бодол итгэл үнэмшлийн төлөө ял оногдуулахгүй, албадлагын арга хэмжээ авахгүй.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн хуулиар шийтгүүлэх бол “Гүтгэх” гэсэн заалтыг мөн уг хуульд хамруулсан байна.

УИХ Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр хугацааг зааж өгчээ. Энэ хооронд Хууль зүйн яам хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангана.

Улсын Дээд Шүүх болоод бусад газруудаас санал авахад хуулийн хэрэгжих хугацаа 2016 оны есдүгээр сарын 1-н байх нь зохимжтой хэмээн үзжээ.

Хууль зүйн сайдын тайлбарлаж байгаагаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад гэр хорионд байлгах заалт туссан тул техник хэрэгслийг захиалж авчрахад хугацаа бас шаардлагатай ажээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна