Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ

2015 оны 12 сарын 4

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болох 500 гаруй иргэн оролцсон юм.

Уг хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст төрийн байгууллагууд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн дүүргийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй найман иргэнд тэргэнцэр, гарын бэлэг гардуулсан бол Улаан загалмайн нийгэмлэгээс 108 иргэнд дулаан хувцас, эд зүйлсийг өглөө.

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэж хийсэн ажлаа танилцуулж, тайлагнасан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 244 төсөл хүлээн авч, 53 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ. Түүнчлэн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өөрийн гэсэн гэр оронгүй 8 өрхийг гэртэй болгосон байна. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон хүүхдийн баяраар хөгжлийн бэрхшээлтэй 1000 гаруй ээж, хүүхдийг баярлуулан хүндэтгэл үзүүлсэн зэрэг маш олон ажлыг санаачлан хийжээ.

Дашрамд дурдахад, Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Баянзүрх дүүрэгт төдийгүй нийслэлд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийг 2014 онд 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж байсан аж. Өдгөө тус дүүрэгт 8000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна