Эрүүгийн хуулийн онцлог нь хийсэн хэрэг бүрт нь яллах тогтолцоо юм

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулийн онцлог нь хийсэн хэрэг бүрт нь яллах тогтолцоо юм

УИХ-аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа.

 

Уг хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг Хууль зүйн сайд байхад нь өргөн баригдаж байсан юм. Түүнээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар тодрууллаа.

 

-Эүүгийн хуулийн төслийг нэлээд хугацаанд хэлэлцэж байна. Одоогоор санал нийлэхгүй, зарчмын зөрүүтэй ямар асуудал байгаа бол?

 

-Эрүүгийн болон Зөрчлийн хууль нь чухал хуулиуд учраас удаан хугацаанд хэлэлцэх ёстой гэдгийг зарим гишүүн хэлсэн. Санал нийлэхгүй яг ямар асуудал байгаа талаар шүүмжлэлтэй хандсан гишүүдээс бид асуусан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж болон МАН-ын гишүүд хэд хэдэн зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээрт, цаазаар авах ялыг байхгүй болгож байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг давтан үйлдэж байгаа рецедив гэмт хэрэг гэдэг ойлголтыг үгүйсгэж байна. Гуравдугаарт, гэмт хэргийн ангилал байна. Дөрөвдүгээрт, ялтай байдлыг алга болгож байгааг шүүмжилж байна гэсэн тайлбарыг өгч байгаа.

 

-Дээрх шүүмжлэ­лүүдийг хүлээж авах үндэслэлтэй биш үү. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Ц.Нямдорж гишүүнийг Хууль зүйн сайд байхад нь Монгол Улс цаазаар авах ялыг хорих тухай олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Өөрөө сайд байхдаа энэ саналыг дэмжиж байсан мөртлөө одоо яагаад дэмжихгүй байгааг нь гайхаж байгаа. Монгол Улс нэгдэн орсон гэрээний дагуу цаазаар авах ялыг хууль тогтоомждоо оруулахгүй байх үүрэгтэй. Мөн гэмт хэргийн ангиллыг яагаад байхгүй болгож байгаад тайлбар хийх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд манайх шиг хэргийг хөнгөн, хөнгөвтөр, хүнд, онц хүнд гэсэн дөрвөн ангилалд оруулдаг улс байхгүй.

 

Өөрөөр хэлбэл, манайх эрүүгийн хууль тогтоомжоо судалдаг сурах бичиг дээр байдаг буюу академик ангиллыг эрүүгийн хуульдаа бичсэн улс. Үүнээс болоод жижиг алдаа хийсэн хүн бүрийг хүнд буюу хорих ялаар шийтгэдэг, шоронжсон системтэй болсон. Тиймээс одоо гэмт хэргийг дотор нь зөрчил, гэмт хэрэг гэж хуваагаад гэмт хэргээ тодорхой хэмжээгээр ангилдаг дэлхий нийтийн хандлага руу явж байна.

 

-Шинэ хуульд давтан хэрэг хий­сэн бол тооцохгүй гэсэн үү?

 

-Монгол Улс Үндсэн хуульдаа болон олон улсын нэгдэн орсон гэрээний дагуу нэг үйлдэлд нэг шийтгэл гэсэн зарчмыг барих ёстой. Өмнөх үйлдлүүдийг нь дахин давтаж ялладаг тогтолцоо нь социализмын үеэс гаралтай байсан. Одоо энэ тогтолцооноос шилжих хэрэгтэй. Хулгай хийгээд шийтгүүлсэн хүн дахиад хулгай хийхэд өмнөнь хулгай хийж байсан гээд давтан шийтгэдэг байдал нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчмыг байнга хөнддөг. Тиймээс энэ хуулиар үйлдэл болгон дээр нь эрүүгийн хэргийн хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо руу шилжиж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн нэг том шинэчлэл бол хийсэн гэмт хэрэг болгон дээр нь ялладаг тогтолцоо руу шилжих юм.

 

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж