Б.Батцэрэн: Шинэчлэгдсэн Эрүүгийн хуульд олон давуу тал бий

2015 оны 12 сарын 4

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажилласан, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс дараах тодруулгыг авлаа.


-Эрүүгийн хуулийг шинэчлэн батлах шаардлага юу байв?

-Улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг болон хүмүүсийн амжиргаанд гарч буй нийтлэг өөрчлөлтүүдийг даган гэмт хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага бодитой бий болсон нь шүүхийн шийдвэрт үндэслэсэн олон удаагийн судалгааны дүн, эрдэмтэн судлаачид, хуульчид, иргэд, улс төрчдийнийн санал, дүгнэлтээс харагддаг. 

-Шинэ Эрүүгийн хуулийн онцлогийн талаар тайлбарлаач?

-Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан үнэт зүйлс, түүний дотор хүний эрх, шударга ёс, нийтийн эрх ашгийг бодитой, үр нөлөөтэй хамгаалж чадах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго тавьсан. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хариуцлагын тогтолцоог цогц байдлаар буюу Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, тэдгээрийг хэрэгжүүлэх процесс ажиллагааны хуулиудыг хамтад нь шинэчлэн баталж байгаагаараа онцлог юм.

Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг боловсруулахдаа өмнөх Эрүүгийн хуулийн сайн зохицуулалтыг уламжлан авч үлдэхээс гадна дэлхийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн холбогдах заалтуудыг олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ болоод Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтад нийцүүлсэн.

Тухайлбал, Монгол Улс цаазаар авах ялыг халах Олон улсын гэрээнд нэгдсэний хувьд энэ ялыг халсан.

Ял шийтгэлийн хувьд уламжлалт хорих, торгох ялаас гадна нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах зэрэг ялыг шинээр нэмснээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой албадлагын арга хэмжээний төрлийг шинээр хуульчилсан.

Шинээр орсон бас нэг чухал зохицуулалт бол гэм буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнийг үйлдсэн гэмт хэргээс нь хамааран ялаас чөлөөлөх, ялыг хөнгөрүүлж оногдуулах заалтыг хуульчилсан. Ингэснээр дийлэнх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой болж байгаа. Энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой, шүүхийн ачаалал ч багасна гээд давуу талууд бий болно.

 Л.ХАЛИУ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна