“Анод”-ын 2 тэрбум барагдсан гэв

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Нийгмийн даатгалын салбараас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьсан юм. Энэ асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд мэдээлэл хийлээ. Мэдээлэлтэй холбогдуулж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах хугацааг шийдэх, малчдын тэтгэврийн насыг хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй нь холбож уях. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар талаар банкуудтай ярилцаж байна уу?

Сайд С.Эрдэнэ:

Арилжааны банкуудтай тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар зөвшилцсан. Жишээ нь “Хаан” банктай зээлийн хүүг бууруулах тухай ярьсан ч үр дүн өгөөгүй. Тийм учраас хууль гаргаж энэ асуудлыг шийдэх нь зүйтэй юм байна гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Тэтгэврийн зээлтэй холбоотой хууль гарснаар тухайн тэтгэврийн хэдэн хувьд зээлийг барьцаалж олгох юм. Ямар хэмжээний хүү тогтоож болох юм. Энэ хуулийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байгаа банк нь тэтгэврийн зээл олгож байх эрхтэй байхаар зохицуулалт тусгаж өгнө. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн зээл дагаж сөрөг үр дагавар их гарч байна.

Бусад улс орны туршлагыг харахад тэтгэврийн зээлийг хавтгайруулж олгодоггүй, тэтгэврийн зээлийг хориглосон заалттай улс орнууд ч байдаг. Тийм учраас болгоомжтой хандах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:  

-Бага тэтгэврийг хэзээ, хэрхэн инфляцитай уяж нэмэх вэ гэсэн хүлээлт их байна. Эцэг, эхийнхээ тэтгэврээр амьдардаг бүлэг бий болсон. Орон нутагт их тохиолдож байгаа үзэгдэл.

Нийгмийн даатгалын санд хуримтлал бий болдог, үлдэгдлээ яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг нь анхаарал татдаг. “Анод” банк дампуурахад Нийгмийн даатгалын сан/НДС/-гаас олгосон 3 тэрбум төгрөг төлөгдөөгүй байсан, одоо төлөгдсөн үү. НДС-ын чөлөөлт үлдэгдлийг хаана байршуулсан байдаг вэ. НДС-д мөнгөө төлдөг хүмүүсийн тоо хэдэн хувиар нэмэгдэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд жил гаруйн өмнө малчдын тэтгэвэр тогтоох тогтолцоонд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Малчдын тэтгэврийг тогтоохдоо ажилласан жилийг нь 1.6 жилээр тооцохоор тусгасан байсан. Мөн НДШ-ээ нэг удаа нөхөн төлөх хуулийг нь хамт өргөн барьсан. Одоо болтол хэлэлцээгүй. Тэгсэн хэрнээ Д.Батцогт гишүүн бидний санаачилсан хуулийн үзэл санааг аваад малчдын тэтгэвэр тогтоох ажилласан жилийг 1.2 жил болгоод төсөл өргөн барьсан нь одоо УИХ-аар хэлэлцэгдэж байна. Бид аргаа барахдаа эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө сөхрөх ёстой юм байна, одоо энэ хуулийн төслийг нь дэмжиж гарын үсэг зурах ёстой юм болов уу гээд яриад сууж байх жишээтэй. Хууль тогтоох үйл ажиллагаанд ялгавартай хандаж байгаагийн нэг жишээ энэ.

Малчдын 60-70 хувь нь НДШ төлдөггүй. Төлөөгүй байсан хугацааг нь нөхөн төлүүлээд төлдөг байх ёстой гэдгийг ухамсарлуулаад өгчихөд бидний санаачилсан хуулийн төсөл санд хүндрэл учруулахааргүй байсан. Бид тооцоог хийж үзсэн. Өмнө нь С.Эрдэнээ сайд бидний энэ төслийг дэмждэг байсан, одоо ямар байна вэ. Ганц бие ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого гаргаасай.

Сайд С.Эрдэнэ:

-Анод банкинд 2 тэрбум байсан нь барагдсан. Авлага өр үлдээгүй. Нийгмийн даатгалд хамрагдах байдал жил бүр өссөн. НДШ-ийн орлогоор жилдээ 1.5 их наяд төгрөг төвлөрдөг ч буцаагаад 1.6 их наядыг зардаг. Ихэнхийг нь тэтгэвэрт зарцуулдаг.

Хуримтлал бага, тэтгэвэр тэтгэмжийн хуримтлал байхгүй. НДС-ын чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд 10.7 хувиар байршуулаагүй 11.8 хувиар байршуулдаг. Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо. “Капитал” банкинд 25 хувьтай тэнцэх мөнгө байршуулдаг. Улирал сар тутамд мэдээлэл авдаг.

УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Малчдын тэтгэвэр тогтоох тухай хуулийн төсөл дээр буруу зөв гэж ярих эрхгүй. Даатгуулагчийнхаа эрх ашигт нийцсэн хэлбэрээр явуулахад анхаардаг. Аль, аль нь даатгуулагчийн эрх ашгийг дэмжсэн байгаа. Хэлэлцүүлэгт ороод явахад дэмжсэн байр суурь барина.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-С.Эрдэнэ сайд аа, та НДС дампуурахаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсныг МАН-ын гишүүд оролцож засч өгөөд хонь бүрэн, чоно цатгалан хууль баталж өгсөн. Ийм байдлаар бид Засгийн газраас өргөн барьсан хууль, бусад гишүүийн өргөн барьсан хуульд хүний өөрийн гэж ялгахгүй ижил тэгш ханддаг. Гэтэл манай бүлгийн гишүүдийн 2014 онд малчдын ажилласан жилийг 1.6 жилээр тогтоох зэрэг хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлэхэд хэлэлцэхгүй явсаар байнгын хорооны дарга Д.Батцогтын санаачилсан хууль 11 сард өргөн баригдахад хэлэлцээд одоо батлах гээд явж байна. Ийм байдлаар алаг хандаж байгаа.

Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг МАН-ын бүлэг шаардсан шахсан, үр дүн гараагүй. Саяхнаас сайд нь 2-4 хувиар бууруулах боломжтой гэж үг унаж байгаад баярлаж байна. Ахмадын 90 хувь тэтгэврийн зээлтэй, тэтгэврийн зээлийн хэмжээ 340 тэрбум төгрөгт хүрсэн.   НДС-ын чөлөөт үлдэгдэл 550 тэрбум төгрөг. Үүнээс 190 тэрбум харилцах дансанд нь 5 хувийн хүүтэй байршиж байна. Ийм бага хүүтэй байршуулж байгаа юм чинь ахмадуудад 18 хувийн биш 10 хувийн хүүтэй тэтгэврийн зээл олгож болдоггүй юм бэ. Энийг л бид шаардаж байгаа шүү гэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна