НӨАТ урамшуулал бизнес эрхлэгчдэд халтай гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

НӨАТ урамшуулал бизнес эрхлэгчдэд халтай гэв

Ирэх сарын 1-нээс монголчууд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ төлбөрт нэмж төлсөн татварынхаа хорин хувь буюу нийт төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авдаг болно. Дээрээс нь сар бүр хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй урамшуулалд сугалаанд оролцож, мөнгө хожно. Улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж хийсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системээр төр зах зээлд мөнгө төлөлгүйгээр нууцаар оролцдог далд наймаачдыг ил болгох, мөн одоогийн НӨАТ-аас төсөвт бүрдүүлэх мөнгөн дүнг нэмнэ гэж тооцсон. Гэхдээ энэ шийдвэр бизнес эрхлэгчдийг элгээр нь унагаах, эрүүлээр өрсөлдөх чадваргүй болгох нэг зам гэж эдийн засагч А.Цолмонтуяа тодорхойлж байна.

Монгол Улсад 620 мянга орчим иргэн, аж ахуйн нэгж тус тусын салбартаа бизнес эрхэлдэг. Эдгээрээс 3.5 хувь буюу 21 мянга орчим нь НӨАТ-ыг төлдөг. Үлдсэн 600 мянга орчим нь татвар төлдөггүй. Жишээгээр тайлбарлавал, 1000 төгрөгийн үнэтэй аягийг НӨАТ төлөгч бизнесмэн 1100 төгрөгөөр иргэдэд худалддаг. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчид тухайн бүтээгдэхүүний үндсэн үнэ дээр 100 төгрөг нэмж, татварынхаа хувийг олж авдаг. Ингэснээр иргэд яг адил мөртөө өөр өөр үнэтэй аяганы аль хямдыг авахыг зорино. Харин НӨАТ-аас урамшуулал авдаг болвол 100 төгрөг нэмж зардаг газрыг сонгож, төлсөн төлбөрийнхөө хоёр хувийг буцаан авч, мөнгө хожих сугалаанд оролцохыг илүүд үзнэ. Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг орлогогүй болгох аж. Орлогогүй болсон тухайн жижиг дэлгүүр цайны газрууд одоогийн байгаа үнээ хямдруулж, эрүүл бусаар өрсөлдөхөөр өөр зам үлдэхгүй нь. Эргээд энэ нь татварын үнийг шингээж бүтээгдэхүүнээ борлуулдаг үнэтэй дэлгүүр, үйлчилгээний төвийг үйлчлүүлэгчгүй болгох гээд бизнес эрхлэгчдийг хоёр талаас нь арчиж, унагах эрсдэлтэйг  эдийн засагч хэллээ.

Гадаадын улс оронд НӨАТ-ын тухай хуулийг бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих гэж хэрэгжүүлдэг. Тухайн хууль нь үйлчилгээ эрхлэгчдэдээ татварын дарамт болон очдоггүй. Гэтэл Монгол Улсад тус хууль эсрэгээрээ үйлчилдэг гэж судлаач Л.Баярдалай ярилаа.  Япон улсыг жишээ болгон татвал 100 төгрөгийн өртөгтэй барааны 80 хувь буюу 80 төгрөгийг татвараас чөлөөлж, үлдсэн 20 төгрөгт 17 хувийн татвар ноогдуулдаг байна. Харин манай улсад 100 төгрөгийн өртөгтэй бараанд бүхэлд нь 10 хувийн татвар оноодог аж.

Иргэд НӨАТ шингэсэн үнэтэй бараа авч түүнийхээ дөнгөж хоёр хувийг буцаан авснаас татвар ноогдоогүй хямд үнэтэй барааг сонгож байх нь тэдэнд ашигтай. Энэ нь ч нөгөө талдаа бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид эрүүлээр өрсөлдөхөд зөв алхам болдог байна. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж