ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн уулзалтад оролцож үг хэлэв

2015 оны 12 сарын 4

Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 12 дугаар сарын 3-нд ажлаа эхэлсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 22 дугаар уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож байна.

Олон улсын терроризм, ялангуяа “Исламын улс” бүлэглэлийн террорист хадлага, алан хядах үйл ажиллагаа ЕАБХАБ-ын бүс нутаг төдийгүй дэлхий дахины аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа, түүнээс үүдэлтэй дүрвэгсэд, цагаачдын хямрал нь Европын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг төлөөлөгчид онцолж, терроризмын эсрэг тэмцэлд гишүүн орнууд хүчээ нэгтгэж, өөр хоорондоо уялдуулан зохицуулсан үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлэхийг санал нэгтэйгээр уриалж  байна.

Уулзалтад оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ терроризмтой тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг Монгол Улс тууштай дэмжиж ирснийг тэмдэглэж, 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын 11 дүгээр Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай зарим арга хэмжээ авч байгааг танилцуулав.

Манай улсаас ЕАБХАБ-ын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагаа тухайлбал, 2015 оны эхний хагаст тус байгууллагын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форумыг амжилттай даргалсан, энэ оны есдүгээр сард ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганыг Улаанбаатар хотноо хүлээн авч зохион байгуулсан зэргийг онцолж, дүнг танилцуулав.

Дипломат яриа хэлэлцээ, итгэлцлэлийг бэхжүүлэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэйг тэмдэглэж, эл чиглэлээрх үйл ажиллагаанд Монгол улсын байнга төвийг сахих статус тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн илэрхийлжээ.

Европ, Америк, Азийн 57 улс орныг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах мандаттай тус байгууллагад манай улс 2012 онд  гишүүнээр элссэн.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна