Оюутанд ном шахвал торгуулна

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын цагаар эхэлсэн хуралдаан одоо Зөрчлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ингэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн саналаар санал хураалгаж байна. Тухайлбал, зөвшөөрөлгүйгээр цахилгаан авч бусдад хохирол учруулсан учирсан хохирлыг төлөхөөс гадна иргэнийг 25 нэгжээр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Их дээд сургууль суралцагчид ном шахсан, хуульд заагаагүй нэмэлт төлбөр авсан бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Хүн мал амьтанд хортой судалгаа явуулсан, байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх байдал үүссэнийг холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй бол хүнийг 15 нэгжтэй тэнцэх,  хуулийн этгээдэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхэд харах үйлчилгээнд насны хязгаар зөрчиж хамруулсан бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон заалтыг зөрчсөн бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.

Хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2016 оны есдүгээр сарын 1-н байхаар зааж өгснийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.6 хувь нь дэмжлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна