Өдөртөө хүйтний эрч суларна

2015 оны 12 сарын 5

 

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулавтар байхыг Ус цаг уурын орчны хүрээлэнгийн мэдээлэл дурджээ. Зарим аймагт цаг агаар байдал, өвөлжилтийн байдал хүндэрч эхэлсэн байна. Тодруулбал, нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-22 см зузаан цас орж, өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Мөн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.

Сүхбаатар аймгийн нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, төвийн цасны зузаан 7-12, хөдөө хээр, гуу жалганд 15-20 см болоод байна. Зарим сумдын зам цасанд боогдож, аймгийн төв рүү зорчиход хүндрэлтэй болжээ. Тус аймаг энэ жил хадлан сайн хаджээ. Бусад аймгуудад 5-6 мянган төгрөгийн ханштай байгаа нэг боодол өвс тус аймагт 3000 төгрөгийн үнэтэй байна. Иймээс цаг хүндрэхээс өмнө өвс тэжээлийн нөөцөө эртхэн базааж авахыг малчид, иргэдэд сануулжээ.  

 

МӨС ЦӨМРӨХӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

12 сар гарсан ч манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан тогтвортой нэмэгджээ.

Нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтжээ. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт 13-22 см зузаан цас орж, өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Мөн Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын зарим сум цаашид нөхцөл байдал хүндрэх төлөвтэй.

Гэсэн хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-25 см бага мөн түүнчлэн нуурын толио, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг зам товчлох цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Саяхан Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Цэгээн нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад, мөс цөмөрсний улмаас усанд унасан хэрэг гарсан. Тодруулбал 38-99 БУА улсын дугаартай, таван тонны даацтай “ЗИЛ-130” загварын чиргүүлтэй автомашин унаж, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран, уснаас бүрмөсөн гаргах ажил үргэлжилсээр байна. Одоогоор нуурын гүн гурван метр, мөсний зузаан 15 см орчим байгаа юм. Иймд, гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАВТАР БАЙНА

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг хүргэхэд, өнөөдөр Хангайн уулсаар, маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсэг, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Мөн ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд буюу 7, 8-нд зарим газраас цас орно. 6-нд Алтайн салбар уулсаар, 7-8-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна