Токиогийн Их дуулгын эхний өдөр хоёр хүрэлтэй

2015 оны 12 сарын 5

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдоч өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдааан болж, аваргууд тодорсон.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар барилдана.

Өчигдөр болсон таван жинд бүгдэд нь Японы жүдочид түрүүлжээ. Энэ өдөр Япон улс 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авсан бол Франц, ОХУ тус бүр нэг мөнгө, Монгол 2, Бразил, БНСУ, Унгарын бөхчүүд тус бүр нэг хүрэл медаль хүртлээ.

Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг ETV телевиз 15.00 цагаас эх орон даяар шууд дамжуулна.  Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com-с шууд дамжуулж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна