Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдана

2015 оны 12 сарын 5

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдлээ.

Тэрбээр “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлсэн. Улмаар ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах барилдаанд Австралийн Катарина Хаескерг хожин хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. 

Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Токиогийн "Их Дуулга"-ыг ETV телевиз 15.00 цагаас эх орон даяар шууд дамжуулна.  Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com-с шууд дамжуулж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна