39 зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээнэ

2015 оны 12 сарын 5

УИХ-ын чуулганы баасан гаригийн/12.04/ хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэхүү шинэчлэн баталсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм.

Учир нь, хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бэлтгэл хангах хугацаа хэрэгтэй гэж үзжээ. Хуульд зааснаар 39 зүйл заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Харин алан хядах үйл ажиллагаа явуулсан гэсэн зүйл заалтаар компанийг татан буулгах хязгаарлалтыг оруулжээ. Мөн торгуулийн дээд хэмжээ 14 тэрбум төгрөг байсныг 800 сая төгрөг болгон бууруулсан байна. Торгуулийг тогтоохдоо нэгжээр хэмжих юм. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ. 

Мөн гүтгэх асуудлыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр зааж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол баривчлахаар заагаад байсан ч торгохоор болж, өөрчлөлт оруулан баталлаа. Хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүн хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны зургаадугаар сарын 1 байхаар зааж өгөх ёстой гэсэн санал гаргасан ч Хууль зүйн сайдын тайпбарласнаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тодорхой хэмжээний зардал шаардах аж. 

Түүнчлэн гэр хорионы техник хэрэгслийг захиалж авчрахад зургадугаар сарын 1 гэсэн хугацаа амжихгүй гэж үзжээ. Улсын Дээд шүүхээс саналаа ирүүлэхдээ хуулийн хэрэгжих хугацааг 2016 оны есдүгээр сарын 1 зохимжтой гэсэн байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна