&#34Гудамж&#34 төслийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

&#34Гудамж&#34 төслийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа

 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.05/ Увс аймагт ажиллах үеэрээ “Гудамж"  төслийн замыг хүлээн авах ёслолд оролцов. 
 
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Увс аймгийн Улаангом хотод 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км  дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий  авто замын ажлыг гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. 
 
Тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилгаар 2013 оноос “Гудамж" төслийг Улаанбаатар хот болон зураг төслөө бэлэн болгосон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 24 уулзварыг шинэчилж 20 гаруй км замыг шинээр барьж Архангай, Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ замуудад 70 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. 
 
“Гудамж" төслийг хэрэгжүүлэхэд амар хялбар байгаагүй. Улсын нийслэлд ч, аймгийн төвүүдэд ч хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, замбараагүй газар олгосоны   уршгаар зам тавих газрыг чөлөөлөх ажил багагүй бэрхшээлтэй тулгарсан.  Батболд захиралтай “Гудамж" төслийн баг, аймаг, хотын удирдлага, иргэдийн хамтын ойлголцол, хүчин чармайлтын үр дүнд Улаанбаатар болон дээрхи гурван аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэж байна. “Гудамж төсөл”-ийн хүрээнд баригдсан замд иргэд, жолооч, үйлчлүүлэгчид талархалтай хандаж байна. Энэхүү бодлого цаг үеэ олсон зөв ажил байсан учраас  цаашид “Гудамж" төслийн ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг бусад аймгууд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд удаа дараа тавьж байна. Тийм учраас бид “Гудамж" төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна хэмээсэн юм.
 
 
Түүнчлэн энэ ажлыг Увс аймагт сайн зохион байгуулсан аймгийн удирдлага, гүйцэтгэгч “Шинжан Шин фа” компани, хамтран ажилласан Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Цахилгаан холбоо”, “Ундарга Увс”, “Дэвшил Увс”, компани болон замын ажилд оролцсон нутгийн иргэд, төрийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, нийт нутгийн иргэдэд баяр хүргэж, талархал илэрхийлэв.
 
 
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Улсын Их Хурал болон Засгийн газар хамтран ард иргэдийнхээ тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр хийсэн олон ажлын нэг нь “Гудамж" төсөл. Хамгийн чухал нь энэ хамтын ажиллагаа хоосон яриа биш, үр шимийг нь ард түмэн хүртсэн бодит ажил хэрэг болсон. Энэ бол бидний хамтын ажиллагаа, хамтын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. “Гудамж" төсөл Монгол Улсын бүх аймагт хэрэгжиж байгаа. Цаашид энэ төслийн хүрээнд иргэдийн тохь тухтай амьдрах нөхцөлийг хангах олон ажил хийгдэж, бүтээн байгуулалт өрнөх болно” гэв. 
 
 
Увс аймагт хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг болон нутгийн иргэд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж